Хятадын эрх баригч Коммунист нам үндсэн хуулиа шинэчлэн найруулж, "гол стратегийн сэтгэлгээ"-г тусгана гэж төрийн хэвлэлүүд мэдээлжээ. Ингэснээр дарга Ши Жиньпиний сургаалыг улам өргөжүүлэх бололтой. Коммунист намын шийдвэр гаргах дээд түвшний Улс төрийн товчоо өнгөрсөн Баасан гаригийн хуралдаанаараа ирэх сард болох намын 20 дугаар их хурлаар “Намын үндсэн хуульд онолын томоохон байр суурь, стратегийн гол санааг бичих” шийдвэр гаргасан гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.
Коммунист их хурал Бээжингийн төв хэсэгт байрлах Тянь Ань Мэний талбайн баруун талд байрлах Ардын их хурлын танхимд ихэвчлэн долоо хоног үргэлжилдэг.
Үндсэн хуульд хамгийн сүүлд 2017 онд болсон намын 19 дүгээр их хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулж, “Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай” үзэл баримтлалыг үндсэн зарчмуудын нэг болгон баталсан. Хятадын зарим шинжээчид өмнө нь Ши Жиньпиний сургаал нь "Ши Жиньпиний бодол" гэсэн товчилсон нэртэй байж магадгүй гэж өмнө нь хэлж байсан ч Синьхуа агентлагийн тайланд энэ хэллэгийг шууд дурдаагүй болно.
Ирэх сарын 16-нд Бээжинд эхлэх намын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар Ши Жиньпин гурав дахь удаагаа бүрэн эрхээ сунгахаар бэлтгэж буй. Улмаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Ши Жиньпиний эрх мэдлийг улам бэхжүүлэх аж.
Өмнө нь Мао Зэдунаас өөр ямар ч удирдагч үзэл суртлаа "бодол"-ын түвшинд хүргэж шингээж байгаагүй. Энэ нь Коммунист намын суртал ухуулгад чухал ач холбогдолтой юм. Харин Дэн Сяопиний шинэчлэлийг "Дэн Сяопиний онол" гэж тодорхойлсон байдаг бол Ши Жиньпинээс өмнөх дарга Зян Зэмин, Ху Жинтао нарын дэвшүүлсэн үзэл баримтлалд нэр нь байдаггүй.
Ши Жиньпин арваад жилийн өмнө намын ерөнхий нарийн бичгийн дарга болсноосоо хойш эрх мэдлээ тогтвортой нэгтгэж, түүний засаглалыг эсэргүүцсэн фракциудыг устгасан. Тэрбээр конгрессын гол томилгоо болон бодлогын удирдамжуудад ямар ч маргаангүй хяналт тавих төлөвтэй байгаа бөгөөд үүнийг Хятадыг ажиглагчид хаан ширээтэй адилтгадаг байна.
Ши Жиньпин 2018 онд Хятадын даргын албан тушаалын хоёр бүрэн эрхийн хязгаарыг цуцалснаар гурав дахь таван жилийн хугацаатай, магадгүй түүнээс ч олон жилээр томилогдох боломжтой болсон юм.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боосон нь мөн Ши Жиньпинийг огцруулах тухай цуурхалтай ч холбоотой байж болох. Тодруулбал, Хятад улсад цар тахлын шинэ давалгаа нүүрлэсний улмаас “covid-19-ийг тэглэх” бодлогын дагуу дахин хатуу хөл хорио тогтоож, эдийн засгийн томоохон уналтад ороод буй. Энэ хэцүү цаг үед Ши Жиньпин удирдагч нөхцөл байдлыг буруу удирдсан гэх шуугиан дэгдэж, үүнийг дагалдаад түүнийг албан тушаалаасаа огцорч магадгүй гэсэн таамаглал гарсан. Мөн өдгөө 68 настай удирдагч тархины аневризм өвчтэй гэх цуурхал олон улсын хэвлэлүүдээр цацагдаж, өндөр авсан.
Ши Жиньпин огцорч магадгүй гэсэн цуу яриа Хятадын Улс төрийн товчооны байнгын хорооны хуралдааны дараа гарч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарсан юм. Цаашлаад Канад улсад амьдардаг нэгэн блоггерийн хийсэн бичлэг уг цуу яриаг улам дэвэргэсэн байна. Түүний хэлснээр, оны сүүлийн хагаст болдог намын хурлаар одоогийн ерөнхий сайд Ли Көцян нам, засгийн газрын өдөр тутмын удирдлагыг гартаа авна гэжээ.
Хятадын коммунист нам болон Ши Жиньпин удирдагч хоорондоо талцсан тухай нотолгоо цөөнгүй байдаг аж. Тухайлбал, саяхан Хятадын дэд ерөнхийлөгч Ван Чишань Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор явсан. Тэрбээр Ши Жиньпиний тусгай элчийн хувиар айлчилсан. Гэсэн хэдий ч цаагуураа энэ нь Ван Чишань засгийн эрхийг гартаа авах гэж буйн дохио гэж ажиглагчид үзжээ. Гадаад улсуудад болсон тангараг өргөх ёслолд Хятадын өндөр албан тушаалтан энэ мэт оролцож байсан тохиолдол ховор байдаг аж. Тиймээс энэ айлчлалыг тун ховор, онцгой гэж тооцжээ.
Холбоотой мэдээ