Ямар ч байсан арваад жилийн дараа монголчууд цөөнгүй үнэнтэй эвлэрэв. Учир нь урдаас танк биш бараа таваар, мөнгө орж ирдэг болохыг, хэрэвзээ Хятад Монголыг эзлэхдээ тулбал хилээ хэд хоног нам хаахад хэцүүдэхээ Эрээний хил хаасан энэ нэг жил яс махаараа мэдэрч байна.
Өөрөөр хэлбэл, монголчууд хилээ хаагаад хэдэн малтайгаа амьдарч чадахгүй болсон, бидний хэрэглээ ардчиллын 30 гаруй жилд малын арьс шир, ашиг шим төдийгөөр хязгаарлагдахаа больсон байж.
Тэрчлэн монголчуудын айдас дээр пропаганда хийсэн тэрхүү цэрэг танк хойноос орж ирж болзошгүй эрсдэл бийг Ховдод болсон цэргийн сургуулилалтаас харсан ч биз. Тэр тусмаа Гашуунсухайтын төмөр зам бол геополитек биш мөнгө болохыг ойлгохын тулд, эл бодит үнэнийг олж харахын төлөөс нь дор хаяж 80 их наяд төгрөг байлаа.
Нэг.
Өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлын нэг нь Ерөнхийлөгчийн өөрийн биеэр өмнийн говьд очиж нээсэн Гашуунсухайтын төмөр замын нээлт. УИХ-аас 2010 онд буюу 12 жилийн өмнө баталсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хүрээнд, Монголын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ төмөр замын төслийн дагуу баригдсан анхны төмөр зам юм. Экспортын төмөр замтай болохыг, төмөр замаар нүүрсээ тээвэрлэхийг монголчууд мөн ч удаан хүлээсэн, мөрөөдөл нь биелэсэн. Өөрөөр хэлбэл, Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн уулзваргүй төмөр зам ашиглалтад орлоо. Энэ утгаараа эдийн засгийн хувьд чухал үйл явдал мөн. Далайд гарцгүй Монголын хувьд баялгаа зарж борлуулахад дэд бүтцийн хамгийн чухал стратегийн боломж нь үнэндээ төмөр зам.
Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсноор жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой агаад урьдчилсан тооцооллоор улсын төсөвт жилдээ дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлэх, БНХАУ руу экспортлох нүүрс зардал Тавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүртэл 47 ам.доллараас 12 ам.доллар болж буурах аж.
Авчиг “Бодь”-ийн барьсан, Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсон ч нүүрс ачсан галт тэрэг хил хүрээд тэг зогсолт хийнэ гэсэн үг. Хэдийгээр өнгөрсөн наймдугаар сард Монголд айлчилсан Ван И-гийн айлчлалын үеэр хил холболтын цэгээ эцэслэн баталсан ч гэлээ ачиж, буулгах терминал барихгүйгжжр Хятадын нарийн царигтай төмөр замын сүлжээнд холбогдох боломжгүй. Учир нь урд хөршийн төмөр замын цариг нарийн буюу 1435 мм бол манай барьсан шинэ төмөр замын царигийн өргөн 1520 мм. Тэгэхээр ачиж буулгах терминал барих хүртэл Гашуунсухайтын төмөр замаар зөвхөн Монголын хил хүртэл тээвэрлэлт хийнэ гэсэн үг.
Хоёр.
Гашуунсухайтын төмөр замын нээлттэй зэрэгцээд уг ажлыг “өмчлөх”, баяраас нь хуваалцаж, бялууг нь хүртэх сонирхолтой нэг бус хүн байсны нэг нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга байлаа. Атал Гашуунсухайтын төмөр зам барих ажлыг тэрбээр арав гаруй жил гацаасан нь сонингийн шарласан хуудас, сошиал ертөнцөд баримт, нотолгоотойгоо, овоолсон шороотойгоо үлджээ.
Үндсэндээ Х.Баттулгаас болж Гашуусухайтын төмөр зам 14 жилийн дараа ашиглалтад орсон. Тиймээс зүй нь баярын урилга хүлээх биш тэр энэ олон жил яагаад эх орноо, эдийн засгаа хорлосноо тайлбарлах ёстой юм.
Төмөр замын түүхийг сөхвөл, 2008 онд анх Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” компанид олгосон байдаг. Гэвч, С.Баярын Засгийн газарт Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болсныхоо дараа 2010 онд уг тусгай зөвшөөрлийг цуцлаж, 267 км төмөр замын суурь бүтцийг барих уг эрхийг “Монголын төмөр зам” компанид шилжүүлж, даргаар нь бие хамгаалагчаа томилж байв. Чухам эндээс Гашуунсухайтын төмөр замын самарсан, замарсан гашуун түүх эхэлдэг. Жишээ нь, Чингис бондын 280 сая ам.доллараар овоолсон шороо босгосон. Энэ асуудлыг цагдаагийнхан шалгаж эхэлмэгц Баянголынхоо өрөөнд Х.Баттулга нуугдчихсан гээд үнэнийг яривал үлгэр, үлгэр. Эцэс сүүлдээ М.Энхсайханыг Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл боловсруулсных нь төлөө шоронд хорьсон цаад шалтгаан нь төмөр замтай холбоотой. М.Энхсайханы төслөөр Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан бол Х.Баттулгын овоолсон шорооны үнэн дэлгэгдэх байсан ч биз.
Үндсэндээ төмөр замын төслүүд бол асар их мөнгө болохыг Х.Баттулга харсан, тиймээс геополитик болгосон. Ард нь Монголыг дэлхийн нүүрсний зах зээлээс шахах, эдийн засгийн хувьд ядуу, буурай хэвээр үлдээх их гүрний ашиг сонирхол, захиа даалгавар байсан ч байх.
Гурав.
Энэ тухайд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Алдагдсан боломжийн 80 их наядыг экс Ерөнхийлөгчөөс нэхэмжлэх ёстой” гэсэн байдаг. Сайд хүн, тэр тусмаа хуулийн сайд худлаа хүн гүтгэж болохгүйгээ сайн мэдэх байлгүй. Тэрбээр өмнө нь ч Төрийн ордны гурван давхраас хууль шүүхийнхэнд ял захиалдаг хүн бол Х.Баттулга гэж нэр устай нь зарласан. Зарлах, зарлахдаа бүр УИХ-ын чуулганы индэр дээрээс.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын төмөр зам 2013 онд ашиглалтад орсон бол 375 сая тонн бүтээгдэхүүн экспортолж хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын орлого Монголд орж ирэх байсныг нуугаагүй.
Тэрчлэн нүүрсний экспортоос мөнгө хулгайлдаг луйварчид бийг, нэг нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн болохыг нэр зүстэй нь зарлаж байсан. Ард нь нэртэй улстөрчид байгааг хүртэл хэлсэн. Тиймээс Х.Баттулгын матрын нулимсыг хараад суух биш алдагдсан 80 их наяд төгрөгийн асуудлыг нарийн шалгах ёстой. Гэхдээ Орос 3 сургуулийн захирал Ж.Соронзонг улсаараа нийлээд чиг суудлаас нь сугалж чадахгүй байгаа монголчууд Оросын хүргэн Женког шоронд суулгаж чадах болов уу.
Холбоотой мэдээ