Сүүлийн жилүүдэд эдийн засаг хямарч, олон аж ахуй нэгж үүдээ барьснаас шалтгаалж хэдэн мянган хүн ажилгүй болсон. Зарим үйлдвэрлэл тэг зогсч, хүнсний төдийгүй бүх барааны үнэ өсч, төгрөгийн ханш уналттай, инфляци өндөр зэрэг асуудлаас үүдэж дэлхий нийтийн хүн амд сэтгэлзүйн эмгэг, тохиолдлуудын тоо өсчээ. Тиймээс цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хүний сэтгэцэд ямар эмгэг үүсч байгааг олон улсад мэргэжлийн баг гарган судалж буй аж.
Монгол Улс мөн энэ төрлийн судалгааг 2021 оны 11-12 дугаар сард хийсэн бөгөөд үр дүнд нь цар тахлаас шалтгаалсан стресс болон бусад эмгэгийн тохиолдлын тоо өсөлттэй гарчээ.
Сэтгэлзүйн асуудлыг удаан хугацаанд тоохгүй явах нь ямар эрсдэлтэй талаар мэргэжлийн эмчээс тодрууллаа. СЭМҮТ-өөс өгсөн тоон мэдээллээр Covid-19-ийн үеийн Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн байдлын судалгаанд 7919 хүн оролцжээ.
Судалгаанд хамрагдагсдын:
- 62.2 хувь нь архаг сульдлын хам шинжтэй,
- 55 хувь нь сэтгэл түгших хам шинжтэй,
- 48.5 хувь нь биеших эмгэгтэй,
- 39.6 нь сэтгэл гутрах хам шинжтэй байна.
Гэхдээ дээрх сэтгэлзүйн хам шинж эмэгтэйчүүдэд илүү ажиглагджээ. Тухайлбал, архаг ядаргаа нийт эмэгтэйчүүдийн 66.8 хувь, сэтгэл түгших хам шинж 60.4 хувь, биеших эмгэг 54.6 хувь зэрэг эмгэгүүд эрэгтэйчүүдээс илүү хувьтай байгаа юм. Эдгээр хам шинжийн эмгэгүүд угтаа бүгд эмчлэгдэх боломжтой.
Харамсалтай нь монгол иргэдийн ихэнх нь шашин шүтлэгт анагаах ухаанаас илүү итгэх хандлагатай учраас сэтгэлзүйч, сэтгэцийн эрүүл мэндийн эмчид хандахаас илүүтэй лам, бөөд хандаж засал хийлгэж үл тоодог аж.
"МОНГОЛ УЛС СЭТГЭЦИЙН 150 ЭМЧТЭЙ, ЭНЭ БОЛ БАГА МАШ БАГА ТОО"
СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор Н.АЛТАНЗУЛ:
-Сэтгэцийн эмгэг нэмэгдэж байгааг 100 хувь Covid-19-тэй холбоотой гэж ойлгож болохгүй. Хам шинжээс шалтгаалж сэтгэл зүй, танин мэдэхүйд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж буйг судлаачид хэлж байгаа. Нөгөөтээгүүр судалгааны аргатай холбоотой хам шинжээс шалтгаалсан сэтгэцийн эмгэг ихэссэн тоо гарч байна. Мэдээж нийгмийн сэтгэлзүйд олон нөлөөлөл бий.
Бид жил тутамд сэтгэцийн эмгэгийн судалгааг хийх боломжгүй. Тэгэхлээр цаг хугацааны үечлэлтэй судалгааг хийдэг.
СЭМҮТ-ийн датанаас харвал стрессээс шалтгаалсан сэтгэцийн эмгэгүүд давамгайлж байна. Ажилгүйдэл, ядуурал, халдварт өвчин зэрэг үүнд нөлөөлдөг. Ингэснээр сэтгэл гутрах, түгших, архи, мансуурал, нойр, архаг ядаргаа гэх мэт эмгэгүүдээр өвчилж байна. Хүн сэтгэлзүйн асуудалтай боллоо гэхэд монголд бол ханддаг ганц анагаагч нь бөө, лам болдог. Тэнд сэтгэл засал хийлгэж ариусаад байгаа. Гэтэл үнэндээ бол сэтгэлзүйн тусламж үйлчилгээг мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагаас авах нь зөв. Үүнээс болж нийгмийн сэтгэлзүй, массын сэтгэцийн эмгэгийг анагаах асуудал нь зайлшгүй анхаарах сэдэв болоод байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 150 гаруй сэтгэцийн эмч бий. Эдгээр эмч гурван сая хүн амд үйлчилж байна гэхээр хангалттай биш.
Тэгэхлээр бусад салбартай хамтарч байж сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой.
СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРАХ ЦАГ БОЛСОН
Өнгөрсөн жилүүдэд хийсэн судалгааны тоо баримтуудаас харвал сэтгэцийн тулгамдсан асуудал Монголын зайлшгүй анхаарах сэдэв. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй явуулахад салбар дундын оролцоо, хүмүүсийн эрүүл мэнддээ анхаарах хандлага гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Эс бөгөөс жил ирэх тутамд хам шинжээс шалтгаалсан сэтгэцийн эмгэгүүд нэмэгдэж, хүндрэх эрсдэл үүсэх магадлалтай. Ингэснээр нас баралт ч залуужна. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болсныг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.