НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш үерийн гамшигт нэрвэгдээд байгаа Пакистанд тусламж үзүүлэхийг дэлхий нийтэд уриаллаа. Пакистаны янз бүрийн бүс нутагт зургадугаар сарын дунд үеэс хойш маш их хур тунадас оржээ. Борооны улмаас олон бүс нутагт үер буусан юм.
Пакистаны засгийн газрын мэдээлснээр газар нутгийн гуравны нэг орчим нь усанд автаж, 1396 хүн амиа алдаж, 33 сая орчим хүн хохирсон байна.
Тус улсын эдийн засаг, хөдөө аж ахуйд учирсан хохирол 30 гаруй тэрбум ам.долларт хүрсэн гэж Засгийн газрын тооцоолсон байна. Пакистанд хийсэн айлчлалынхаа хоёр дахь өдөр Гутерреш ерөнхий сайд Шехбаз Шариф болон бусад албаны хүмүүсийн хамт сүйрсэн Синд мужид айлчилсан байна.
Гамшгийн нөлөөллийн талаар орон нутгийн эрх баригчдын тайлбарыг сонссоны дараа Гутерреш "Эмгэнэлт явдлын талаар ихээр сонссон тул сэтгэл хөдлөлөө нуухад хэцүү юм " гэжээ. НҮБ-ын тэргүүн энэ гамшгийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлав. Тэрбээр дэлхийн дулаарлыг сааруулахын тулд илүү их хүчин чармайлт гаргахыг уриалж, Пакистанд тусламж үзүүлэхийг дэлхий нийтээс уриалав.
Эх сурвалж: NHK Japan
Холбоотой мэдээ