Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан "Цэгц" клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800 метрийн өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байна. Түүнд туслахаар Уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүүгээр ахлуулсан аврах баг орон нутгийн уулчид, туслах ажилчин хөлслөн нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй хамгийн сүүлийн суурин газар болох Сары Могол тосгонд очжээ.
Энэ тосгоноос цааш бэйс кемп хүртэл хоёр цаг орчим машинаар дөхнө, тэндээс болзсоны дагуу моринд ачаагаа ачин өндрийн нэгдүгээр кемп хүртэл шөнөөр алхаж, отог байгуулан хонож, өглөө эрт далайн түвшнээс дээш 4400 метрээс үндсэн авиралтаа эхлүүлж 5800 м гацсан уулчин дээр хүрэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Мөн Ленин пик ууланд авиралт зохион байгуулдаг "Централ азиа" компанийн авиралтын удирдагч Илья хэмээх уулчин нэг туслах уулчинтай энэ аврах ажиллагаанд нэгдсэн байна.
Тухайн компани аль хэдийн хураасан кемпээ нээн аврах ажиллагаанд шаардлагатай багаж хэрэгслээр тусалж байгаа аж. Нэг туслах ажилтан нь өндрийн нэгдүгээр кемп дээр холбоочин хийн үлдэж, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй аврах ажиллагааг эхлүүлэх юм байна.
Одоогоор Уулчдын үндэсний холбооноос хандив босгож байгаа талаар мэдээлжээ.
Хандивын данс ХААН банк: 5077279930 (С.Ганхүү)