“Spice girls” хамтлагийн дуучин Мел С анорексиа буюу хоолны дуршилгүй болох эмгэгтэй байснаа хуваалцжээ. Тэр энэ өвчнөөсөө болж амиа хорлох дөхөж байсан гэнэ.
Түүний жингийн асуудал 1994 оноос буюу хамтлаг ид хүчээ авч байх үеэс эхлэлтэй аж. Тухайн үед түүний гуяыг хэтэрхий тарган байна гэсэн яриа гарснаар Мел С нүүрс ус, өөх тосноос айх болжээ. Тиймээс зөвхөн жимс, хүнсний ногоогоор хооллож олон жил амьдарсан байна. “Би хэдэн жилийн турш бие муутай байсан. Эргээд харахад яаж амьдарч байснаа мэдэхгүй байна” гэж Мел С ярьжээ. Хоол бага идсэнээс болж биед нь шим тэжээл дутагдаж, сэтгэлийн хямралд орсноос болж сарын тэмдэг нь хүртэл зогссон байна.
Улмаар 2000 онд хамтлаг хуваагдах үед Мел С архи ууж, их идэх болжээ. “Би маш их гурилан бүтээгдэхүүн идэж тайвширдаг байсан. Би хэзээ ч өөрийгөө зөвтгөж байгаагүй. Гэхдээ би хичээсэн” гэж тэр “Би хэн бэ” намтар номдоо бичжээ.
Эцэст нь тэр мэргэжлийн эмчээс тусламж авчээ. Тэр сэтгэл гутрал, анорексиа, хэт их идэх эмгэг, айдас түгшүүр гэсэн олон оноштой байжээ. Эмчид үзүүлснээр сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэж, эдгэрэхэд олон жил зарцуулсан байна.
Эх сурвалж: MIRROR
Холбоотой мэдээ