Тойм: Монголын өмчлөлтэй анхны төмөр зам нээлтээ хийв

Хуучирсан мэдээ: 2022.09.11-нд нийтлэгдсэн

Тойм: Монголын өмчлөлтэй анхны төмөр зам нээлтээ хийв

“Ньюс” агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.


"ОХУ-ТАЙ ХОЁР УДААГИЙН ХАМТАРСАН ХЭЭРИЙН СУРГУУЛИЛАЛТ ЯВУУЛСАН"

Засгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар болон “Восток 2022” цэргийн сургуулилалтад Монгол Улс оролцож байгаа талаар Батлан хамгаалахын сайд Даваа гаригт мэдээлэл өгсөн.

Батлан хамгаалахын сайд Б.САЙХАНБАЯР:

-Сошиал орчин, хэвлэл мэдээллээр батлан хамгаалах, гадаад бодлогын асуудлаар олон янзын мэдээлэл явж байна. Ялангуяа цэргийн хээрийн сургуулилалттай холбоотой төөрөгдөлд оруулж, талцуулсан мэдээлэл ихээр гарлаа. Батлан хамгаалах яам цэргийн харилцааны шугамаар 40-өөд оронтой хамтын ажиллагаатай ажилладаг. Батлан хамгаалах яам цэргийн хамтын ажиллагааны асуудалд бодлоготой, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нэгдсэн үйл ажиллагаа явуулдаг.

Нэг жишээ хэлэхэд, цэргийн сургуулилалттай холбоотой асуудалд тэр бүр дэлхий нийтэд зарлаад нээлттэй явуулаад байдаггүй. Тодорхой хэмжээнд хаалттай байх ёстой. Монгол Улс дипломат харилцаатай 10-аад оронтой хоёр талын хамтарсан цэргийн сургуулилалт зохион байгуулдаг. 2022 онд АНУ-тай долоон удаагийн хамтарсан сургуулилтыг зохион байгуулсан.

ОХУ-тай хоёр удаагийн хамтарсан хээрийн сургуулилалт явуулсан. ХБНГУ, Турк, Катар, Япон зэрэг улсуудтай явуулж байна. Мөн гадаад оронд болж буй энхийг сахиулах ажиллагааны чиглэлийн сургуулиудад Монгол Улс оролцож байна. Үүний гол шалтгаан нь гадаад харилцаагаа бэхжүүлэх, нөгөө талаар улс төр дипломатын аргаар аюулгүй байдлаа хангадаг хуультай. Энэ хүрээнд үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг хадгалахын тулд оролцдог.

“Восток” сургуулийн хувьд энэ жил 15 орон оролцож байна. Энэ сарын 1-7-ны өдөр  ОХУ-ын Владивостокийн ойролцоо Сергейвский сургалтын төвд Монголын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс бол тэнгисийн цэргийн хүчингүй. Курилын арал болон маргаантай байгаа арлуудад манай алба хаагчдыг сургуулилтад оролцож буй мэтээр мушгиж гуйвуулсан мэдээлэл бий. Ийм зүйл огт байхгүй. Өмнө нь наймдугаар сарын 3-9-ны хооронд болсон Сэлэнгэ дэхь сургуулилттай холбоотой асуудлыг өнөөдрийг хүртэл ярьсаар байна. Наймдугаар сарын 12-ны өдөр ОХУ-ын бүх цэргийн алба хаагчид, техник хэрэгслийн хамтаар буцсан. Тиймээс иймэрхүү цэргийн хамтын ажиллагааны тал дээр болчимгүй дүгнэлт хийхгүй байхыг нийт иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагад анхааруулж байна.

"724 ХУУРАМЧ ДИПЛОМ ИЛЭРЧ, СЭЖИГТЭЙ 2000 ДИПЛОМ БАЙНА"

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хуурамч дипломтой багш нарын асуудлаар Мягмар гаригт мэдээлэл хийв.

БШУ-ны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Сургууль цэцэрлэг, багш ажилтны дипломд шалгалт хийсэн талаарх үр дүнг танилцуулъя. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын газартай хамтран мэдээлэл хяналт мониторингийн газрынхан энэ оны гуравдугаар сараас хойш зургаан сарын хугацаанд шалгалт явууллаа. Энэ хугацаанд ажлын хэсгийн хүмүүсийг дарамтлах улмаар төрийн байгууллага руу халдсан ноцтой үйлдэл гарлаа. Мөн 400 гаруй хуурамч диплом байж магадгүй гэсэн цаасан баримт алдагдсан, компьютерын хоёр хард алдагдсан.

Шалгалтын хүрээнд 21 аймаг 9 дүүрэгт 71 мянган диплом байна. ЕБС-ийн түвшинд 51 мянган багш бий. Тэгэхээр нэг багш хоёр дипломтой байхыг үгүйсгэхгүй. Бид 59 мянган дипломыг шалгаж, цаана нь 12 мянга нь үлдсэн. Өнөөдрийн байдлаар 724 диплом зөрчилтэй болох нь тогтоогдсон бол 2000 нь сэжигтэй байна.

Нэгдүгээрт, Дипломын дугаар давхардсан, овог нэр регистрийн дугаар өөрчилсөн зэрэг зөрчил байна.

Хоёрдугаарт, Боловсролын бүртгэлгүй дипломын зөрчил 139 байна. Өөрөөр хэлбэл тухайн жилүүдэд их дээд сургуульд хуваарилагдаагүй, бүртгэлд огт байхгүй дугаарыг бичиж хуурамч диплом дээр дугаар олгосон гэсэн үг. Ингэхдээ Боловсролын яамнаас олгогдоогүй, хүчингүй болсон дугаарыг ашиглаж үйлдэгдсэн байна.

Гуравдугаарт, Боловсролын байгууллагын буруутай үйл ажиллагаа зөрчил байна. Энэ бол диплом олгодог буюу төгсөлтийн тушаалгүй мөртлөө диплом бичээд өгчихдөг “Газарчин” дээд сургууль гэх мэт. Тухайлбал, Завхан аймгийн нэг суманд долоо, хамгийн ихдээ 20 гаруй магистрийн дипломыг суралцаагүй хүүхдүүдэд олгосон байна.

14 хоногийн өмнө 21 их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Онцолж 13 сургуулийн үйл ажиллагааг зогсоосон талаар бид мэдээлсэн. Эдгээр сургуулийн үйлдсэн хамгийн том асуудал бол суралцаагүй хүүхдүүдэд бакалаврын, магистрын диплом олгосон байна.

Дөрөвдүгээрт, Төгсөгчдөд олгосон бичиг баримтууд Боловсролын яамны дээд боловсролын системд хуурамч буюу зөрчилтэй дипломын шивэлт хийж баталгаажуулдаг. Гэтэл түүнийг албажуулж, баталгаажуулсан хууль бус асуудал гарсан.

О.ДАВААДЭЛГЭР АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ, САХИЛГЫН ШИЙТГЭЛ ОНООВ

Монголын хөлбөмбөгийн “Mobi” дээд лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдээр болсон. Тойргийн сүүлийн тоглолт Дэрэн болон СФ Фалконс багуудын хооронд өрнөж, 3-2 гэсэн харьцаатай Дэрэнгийн ялалтаар өндөрлөсөн.

Олон гоол орсон ширүүхэн өрсөлдөөнөөс гадна тоглолтын 72 дахь минутад Монголын шигшээ баг болон Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэр эсрэг багийнхаа Бразил тоглогч Тиаго Томайсыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, сармагчин шиг хөдөлсөн  аж. Улмаар хоёр багийн фанатуудын хооронд багахан хэрүүл маргаан үүсчээ.

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Сахилгын хороо нь Дэрэн клубийн тоглогч О.Даваадэлгэрт дараах сахилгын шийтгэлийг оноосон байна. Тодруулбал, түүнийг таван сая төгрөгөө торгож, эрхийг нь нэг жилээр хасах шийдвэрийг гаргасан юм.

III СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Ж.СОРОНЗОНГ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ТУШААЛ ГАРГАВ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Лхагва гаригт /2022.09.07/ Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн асуудалтай холбоотой тайлбар мэдээлэл өгсөн. Тэрбээр "Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлж, хамгаалуулах эрхтэй. Үндэс угсаа, арьс өнгөөр хэн ч ялгаварлан гадуурхагддаггүй байх ёстой. Гэтэл өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагад Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон яриа өгөхдөө бусдын эрхэнд халдсан үйлдэл гаргасан.

Иймд Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр тус сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан" гэв.

Боловсролын яамнаас энэ талаар тодруулахад "Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Өнөөдрөөс тушаалын дагуу тус сургуулийн захирал ажлаа өгнө. Дараагийн захирлын томилгоо яригдаагүй байна" гэлээ.

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг сурган хүмүүжүүлэгчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар Боловсролын сайд цахим хуудастаа бичиж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг Оросын талд хүргүүлэхээ өчигдөр орой мэдэгдсэн ч ийнхүү шуурхай арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ. Учир нь Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ёс зүйгүй үйлдэл гаргаж, бусдын нэр хүндийг гутаан доромжилсон мэдээлэл өгсөн гэж үзсэн байна.

ЭГИЙН ГОЛЫН УЦС ГАЦААНААС ГАРЧ, ШАТАХУУНЫГ ТОГТВОРТОЙ ҮНЭЭР АВНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд /2022.09.07/ бараалхсан.  Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Дорнын эдийн засгийн VII чуулган”-ы урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийллээ. Оросын Холбооны Улс Монгол Улстай хамтран Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, цаашид ч том төслүүдэд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг Ерөнхийлөгч В.В.Путин онцолж, эрчим хүчний төслүүдэд ч хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.

Мөн хоёр улс нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрснийг уулзалтын үеэр цохон тэмдэглэлээ. "Дорнын эдийн засгийн VII чуулган"-ы нэгдсэн хуралдааны индрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан бүс нутгийн ач холбогдолтой боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцохыг урьсан.Монгол Улсын Засгийн газраас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын сүлжээг тэлэх зорилго тавьж, төмөр замын бүтээн байгуулалтын төслийг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Зүүн босоо чиглэлийн төмөр зам богино хугацаанд үр өгөөжөө өгөх тул эхлэл нь байх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг импортолдог. Роснефть компанитай хэлэлцээ хийж 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болоод байсан. Тус чуулганы үеэр албаны хүмүүс дахин яриа хэлэлцээ хийж АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирлоо.

НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ХОЁР ДАХИН НЭМЭГДЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр зам ашиглалтад /2022.09.09/орлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, энэхүү бүтээн байгуулалтад оролцсон нийт хүмүүст талархал илэрхийлж, уг төмөр зам нь монголчууд бие дааж барьсан, Монгол Улсын өмчлөлтэй анхны төмөр зам болж байгааг онцоллоо.

Энэхүү төмөр зам нь Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233.6 километр үргэлжлэх гол замтай. Уг төмөр зам баригдсанаар манай улс жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортод гаргах юм. БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг Тавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүртэл 47 ам.доллароос 12 ам.доллар болж, тонн тутамд 3,8 дахин буурна. Мөн улсын төсөвт жилд дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлнэ. Түүнчлэн Монгол улсын экспортыг гуравны нэгийг дангаараа бүрдүүлдэг нүүрсний салбарын экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэх боломж бүрдэх тооцоо гарчээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортыг дэмжиж, БНХАУ-ын нутаг руу тээвэрлэх, цаашлаад тус улсын Тяньжин зэрэг далайн боомтуудаар  дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломжтой. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэж байна.

Төмөр замын төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 600 орчим ААН, 2000 гаруй техник, машин механизм, 5000 гаруй инженер, техникийн ажилтан, хүн ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж