Нийтийн тээврийн шинэчлэлт түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ч ашиглалтын хугацаа нь дууссан автобусыг одоогоор бүрэн шинэчлэх боломжгүй. Иймд сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй холбоотой бүх автобусыг нийтийн тээвэрт явуулах чиглэл өгсөн. Ингэхдээ ашиглалтын хугацаа дууссан байсан ч арчиж, цэвэрлэх үүргийг хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн долоо хоногт нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон билээ.
Төсөв санхүүг нь баталсан атлаа иргэдийнхээ аюулгүй зорчиход хүндрэл учруулж буй автобусуудыг шинэчилж чадахгүй байгаад бухимдаж байгаагаа хүмүүс цахим хуудаст бичиж байна.
Угтаа энэ шүүмж бол зөв. Иргэд эрхийнхээ дагуу эрүүл, аюулгүй орчинд аж төрөх ёстой. Гэсэн ч Улаанбаатарт энэ боломж үгүйлэгдсэн хэвээр байна.
420 ТЭРБУМЫН ТӨСВИЙН ТОДОРХОЙ ХУВИЙГ НИЙТИЙН ТЭЭВЭРТ ЗАРЦУУЛАХ АМЛАЛТТАЙ
Түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний дагуу нийслэл төсөвтөө 420 тэрбум төгрөг суулгасан. Түүний дийлэнх хэсгийг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зарцуулна гэж хотын дарга Д.Сумъяабазар ам гарсан билээ. Гэсэн ч оны эхний хагас жил хэдийнэ өнгөрсөн байхад хугацаа дууссан нийтийн тээврийн автобусуудыг шинэчилж чадаагүй л байна. Хэдийгээр албаныхан нь нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобусны тоо ширхэгийг тодорхой хувиар нэмж байгаагаа мэдээлж, өнгө үзэмж сайтай, стандартын давхар автобус нэвтрүүлж байгаагаа ч хугацаа нь дууссан автобуснаас болж олон осол гарч байна.
Нийслэлийн захирагчийн албанаас авсан тоон мэдээллээр нийтийн тээврээс энэ жил 569 автобусыг актлахаар төлөвлөсөн ч ашиглалтын хугацаа дууссан автобусуудыг зорчигч үйлчилгээний нэгжүүд хүчээр явуулсаар байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа аж. Холын чиглэл, хотын төвд ялгаагүй л хугацаа дууссан тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж, түүгээр ч зогсохгүй мотор, насжилтын элэгдлээс шалтгаалж иргэдийн амь насыг дээсэн дөрөөн дээр аваачиж байна. Угтаа 2022 онд нийт 591 автобусыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын сан зэргээс санхүүжүүлж, шинэчлэх төлөвлөгөөтэй. Гэхдээ албан тушаалын хэрэгжих хугацаа нь төсөв хангалтгүйгээс хойшилжээ.
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН 75 ХУВЬ НЬ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ
Нийслэлийн нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт 2021 онд гарсан. Тиймээс эхний ээлжид орчин үеийн шаардлагад нийцсэн 500 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөж өнгөрсөн сард тус парк шинэчлэлтийн хүрээнд давхар болон стандарт автобусуудыг үйлчилгээнд явуулж эхлээд байна. Гэхдээ энэ нь ердөө нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын таван хувь нь юм.
Холбоотой мэдээ