Тойм: Циркийн барилгаас цэнхэр дээвэр л үлдлээ

Хуучирсан мэдээ: 2022.09.10-нд нийтлэгдсэн

Тойм: Циркийн барилгаас цэнхэр дээвэр л үлдлээ

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


ЮУН 30 ТЭРБУМ ДОЛЛАР БОСГОЖ, ШИНЭ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ

УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны зөвлөх, Эдийн засгийн ухааны доктор (PhD) Р.Даваадоржтой ярилцлаа.

-Цар тахал, дайны нөлөөнөөс эхлээд гадаад, дотоод олон хүчин зүйлтэй холбоотойгоор улсын эдийн засаг “сэхээ”-нд байна. Эдийн засгийн дархлааг унагаж буй гол хүчин зүйл юу вэ. Эндээс хоёулаа ярилцаж эхлэх үү?

-Дэлхий нийт эдийн засгийн нэн хүнд үеийг туулж байна. Дэлхийн эдийн засгийг тодорхойлогч АНУ болон Европын Холбоо, Азийн томоохон эдийн засагтай улсууд багагүй хүндрэлийн өмнө ирсэн. Ойрын хоёр жилд эдийн засаг уналтад орох магадлалтай гэдэгт маш олон судлаач санал нэг байна. Төсөв санхүү болон мөнгө, зээлийн гэсэн хоёр том бодлого тодорхойлогчид ч энэ зүгт анхаарлаа хандуулаад эхэлчихлээ. Өнгөрсөн хоёр жил дэлхий нийтээрээ "covid"-той тэмцсэн. Дэлхий нийтийг хамарсан covid-19-ийн цар тахал сүүлийн хоёр жилийн хугацаанд улс орнуудын эрүүл мэндийн салбар, нийгэм, эдийн засаг, төсөвт томоохон сорилт болсон. Иймээс төсвийн маш олон хөнгөлөлттэй арга хэмжээ хэрэгжүүлж, төсвийн алдагдал болон өр нэмэгдсэн. Өнгөрсөн жил Калифорнийн Их сургуулийн профессор Пьер-Оливье Гуранчесийн ахалсан эрдэмтэн, судлаачдын баг дэлхийн улс орнууд хямралын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүн, цаашид дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар хийсэн судалгааныхаа тайланг танилцуулсан.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ВОСТОК-2022”-Д МОНГОЛ ОРОЛЦОЖ БАЙГАА НЬ ӨРНӨДИЙН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА БИШ

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.

-“Восток-2022” цэргийн хамтарсан томоохон сургуулилалтад Монгол Улс оролцож байгаа нь хэр зохистой гэж үзэж байна вэ? Үүнтэй холбоотойгоор Европын холбоо Монгол Улсыг хоригт оруулсан тухай гадаадын хэвлэлд бичиж эхэллээ.  Зарим иргэд энэ сургуулилалтад оролцох ёсгүй гэсэн байр суурь илэрхийлж байна. Оролцож болох, оролцож болохгүй шалтгаан бидэнд бий юу?

“Восток-2022” цэргийн хамтарсан сургуулилалтад Монголын зэвсэгт хүчний төлөөлөл оролцож буй нь оролцогч талуудын стратегийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, аливаа аюул заналын эсрэг хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулах зорилготой болов уу. Түүнээс биш Монголын оролцоо нь Өрнөдийн эсрэг чиглэсэн үйл ажиллагаа биш юм.

Өмнө нь “Восток-2018” арга хэмжээнд Монголын зэвсэгт хүчний жижиг нэгж оролцож байсныг тухайн үед АНУ-ын The “Washington Post” сонин, “Associated Press” агентлаг “бэлгэдлийн чанартай”, “үүрэг роль багатай” гэж  бичиж байсан бол НАТО-ийн Төв штабын  мэдээлэлд “сүүлийн жилүүдэд Монгол Улс  НАТО, ОХУ-ын  аль алинтай нь тэнцвэртэй түншийн харилцааг өөртөө бий болгож чадсан” гэж илүү бодит байдалд нийцсэн үнэлэлт өгч байжээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ХАЯГДАЛГҮЙ ЭДИЙН ЗАСАГ БИЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ

Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд төр болоод салбар яам, иргэд, байгууллагуудын оролцоо хамгаас чухал. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Инноваци, цэвэр технологийн хэлтсийн дарга Ц.Уранчимэгтэй ярилцлаа.

-"Тогтвортой хөгжил 2030" хөтөлбөрийн талаар хүмүүс тодорхой хэмжээний ойлголттой болоод удаж байна. Гэхдээ байгаль орчны салбарт тогтвортой хөгжлийн зорилтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл хомс байдаг. Энэ талаар яриагаа эхэлье.

-Одоогоос долоон жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар “Тогтвортой хөгжлийн зорилго 2030” баталсан. Ийнхүү баталснаас гурван сарын дараа буюу 2015 оны арванхоёрдугаар сард нийт 197 улс энэ хөтөлбөрт нэгдсэн юм. Тогтвортой хөгжил гэдэг бол ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хязгаарлахгүйгээр өнөөгийн хэрэгцээг хангахыг хэлдэг. Тиймдээ ч 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт нь нийгэм, эдийн засаг, байгаль орчинд суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхий нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг.

Энэхүү урт хугацааны хөтөлбөрийн байгаль орчны тогтвортой байдлыг хангахтай холбоотой зорилтуудыг авч үзвэл нийт 17 зорилтоос 15 нь шууд болон бусад салбарын зорилттой уялдан холбогдож байгаа юм.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ЦИРКИЙН БАРИЛГААС ЦЭНХЭР ДЭЭВЭР Л ҮЛДЛЭЭ

"Даймонд цирк"-ийн үүсгэн байгуулагч, циркийн жүжигчин Н.Дашдэндэвтэй улсын циркийн барилгын талаар ярилцлаа.Түүнийг циркийн жонглёрчин, акробатчин, аварга могой тоглуулагч гэдгээр нь олон түмэн сайн мэдэх биз. Н.Дашдэндэвийн хувьд олон жил маргаан дагуулсан циркийн барилгын асуудалд шүүмжлэлтэй хандаж, нийгэмд өөрийн байр сууриа илэрхийлж яваа залуу уран бүтээлчдийн төлөөлөл юм.

-Хоёрдугаар ангийн сурагч байхаасаа циркийн урлагт татагдаж, циркийн жүжигчин болохоор шийдсэн гэж сонссон. Гэтэл орчин үеийн хүүхэд багачууд ийм урлаг байдгийг ч мэдэхгүй өсч байна шүү дээ?

-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Миний хувьд 1994 оноос хойш циркийн урлагаар хичээллэж, ажиллаж, амьдарч ирсэн. Циркийн акробатчин, жонглёрын үзүүлбэрийн жүжигчнээс гадна амьтан тоглуулдаг. Циркийн урлагийнхан маань намайг “Могой Дашка” гэж дууддаг.

Учир нь Монголын циркийн түүхэнд хэвлээр явагч амьтныг анх удаа тоглуулсан уран бүтээлч. Одоог хүртэл амьтантай ажилладаг. Харамсалтай нь Монголд циркийн урлаг гэж байхаа больж, циркийн жүжигчин гэсэн нэр зүүсэн хэдэн хүмүүс л үлдэж дээ. Тиймээс давхар фитнессийн багш дасгалжуулагч, эрүүл зөв хооллолтын талаар хичээл зааж байна даа.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


АН БҮХЭЛДЭЭ ҮЗЭЛ САНААНЫ ХУВЬД ДАХИН ШИНЭЧЛЭГДЭХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АН сүүлийн хоёр жил тамга тэмдгийн маргаантай байна. Та АН-аас парламентад сонгогдож явсан гишүүний хувьд АН-ын дотоод асуудлыг хэрхэн харж байна вэ. АН ямар байдлаар шинэчлэгдэх ёстой юм бол?

-АН-д үүссэн асуудлыг зөвхөн улс төрийн нэг намын дотоод асуудал гэж харахгүй байгаа. Монголын ардчилал, парламентын засаглал, улс төрийн ерөнхий нөхцөл байдалтай холбож ойлгож байна. Парламентын засаглал, ардчиллын гол түшиг байх ёстой. Тиймээс парламентын засаглалаа бүрдүүлэхэд улс төрийн намууд хөгжих ёстойг ихэнх хүмүүс ярьж байна. Энэ бол зүйтэй асуудал. Гэхдээ парламент бүрдүүлж буй улс төрийн намууд өөр, өөрийн үзэл баримтлалын хүрээнд намын гишүүдийн  доторх үйл ажиллагаанаас халиад намууд дотор ашиг сонирхлын нэгдлүүд бий болчхоод байгаад хамаг асуудал байна шүү дээ. Улс төрийн нам болгон өөр намтай нэгддэг, өөр намтай ашиг сонирхлоо нэгтгэж, эргээд өөрийнхөө намын үзэл санааг үгүйсгээд байгаа үйл явц бол бидний даван туулах ёстой ардчиллын өмнө тулгарч буй бэрхшээл юм. Үүнийг яаж даван туулах вэ гэдгийг том өнцгөөс нь харж асуудалд хандмаар байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж