Аялал хоёр долоо хоног үргэлжлэх бөгөөд тэд 1.5 мянган км туулахаар сэтгэл шулууджээ.
НОВОСИБИРСК хот, 9 сарын 6-ны өдөр. /ТАСС агентлаг/. Оросын Газарзүйн Нийгэмлэг (Русское географическое общество)-ийн жинхэнэ гишүүд болох нэрт аялагч Федор Конюхов болон мотоциклоор аялагчид Александр Юнанов ба Игорь Головатый нар экстрим аялал хийхэд зориулагдсан газар уснаа явагч «Зубр» мотоциклоор анх удаа Монголын Говийг хоёр долоо хоногийн дотор гаталж, 1.5 мянган километрийн аялал хийх гэж байгаа тухай ТАСС агентлагт аяллын байгуулагч буюу оролцогч Александр Юнанов өнгөрсөн мягмар гарагт ярьжээ.
Говь нь дэлхийн гурав дахь том субтропик цөл бөгөөд Монголын өмнөд хэсэг болон Хятадын хойд хэсгээр 1600 орчим км үргэлжлэх цөлөрхөг газар юм. Маш эрс тэс уур амьсгалтай бөгөөд агаарын температур нь өвлийн улиралд -55 хэмээс зуны улиралд +58 хэм хүртэл хэлбэлздэг. Цөлд тахь, цоохор ирвэстэй тааралдаж болно.
А.Юнанов хэлэхдээ «Экспедицийн маршрут маш энгийн, учир нь элсэн цөлд ямар нэг тод баримжаа байхгүй. Хаа нэгтээ элс, хаа нэгтээ чулуурхаг газар байдаг. Гэхдээ ерөнхийдөө Говийн урт нь 1500-1600 орчим км бөгөөд бидний зорилго бол цөл газрыг нэг захаас нь нөгөө зах хүртэл гатлах юм. Бидний аялал хоёр долоо хоног үргэлжилнэ гэж төсөөлж байна. «Зубр» цөлийн нөхцөлд зориулагдсан тээврийн хэрэгсэл биш бөгөөд өмнө нь хэн ч мотоциклоор говь цөлийг гаталж байгаагүй» гэжээ.
Аяллын тухай
Аялал 9 сарын 11-12-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос эхэлнэ. Говьд аливаа зам, тодорхой баримжаа байхгүй учир ямар нэгэн маршрут гаргах боломжгүй ч аялагчид маань хэвлээр явагч амьтадын дэлхийн хамгийн том оршуулгын газар болох үлэг гүрвэлийн хөндийд очих бодолтой байна. Аяллаа Хятадын Өрөмч хотод дуусгана.
Аялагчийн хэлснээр энэхүү аялал нь Монгол-Оросын харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Монгол-Оросын Найрамдлын тухай гэрээний 110 жилийн ойд зориулагдаж байгаа юм байна. Тэртээх 1912 оны 11 сарын 3-ны өдөр Өргөө хотод Оросын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн И.Я.Коростовец тус гэрээнд гарын үсэг зурснаар Оросын Хаант Улс Монгол Улс болон түүний Засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ.
Оросын аялагч Федор Конюхов хуурай болон усан замаар 40 гаруй аялал хийсэн ба Оросын түүхэнд анх удаа хойд (1990 оны 3-р сараас 5-р сар) болон өмнөд (1995 оны 11-р сараас 1996 оны 1-р сар) туйлуудад ганцаарчилсан цанын аялал хийжээ. Конюхов бүх тивээр аялж, 190 орноор зочилж, дэлхийн 21 дээд амжилт тогтоосны ес нь Гиннесийн амжилтын номонд бүртгэгдсэн. Мөн тэрээр дэлхийг тойрон дөрвөн удаа аялж, Атлантын далайг 16 удаа гаталсан. Тэр дэлхийн таван туйлд хүрсэн анхны хүн болсон. Мөн тив бүрийн хамгийн өндөр оргилд гарч, «Дэлхийн долоон оргил» хөтөлбөрийг хэрэгжүүлсэн анхны Оросын иргэн юм.
Эх сурвалж: ТАСС
Холбоотой мэдээ