Барилдахаасаа таахалзах нь их!

Хуучирсан мэдээ: 2022.09.10-нд нийтлэгдсэн

Барилдахаасаа таахалзах нь их!

Барилдахаасаа таахалзах нь их!

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ажлаа авснаасаа хойш тун завгүй өдрүүдийг өнгөрөөж буй. Өмнө нь төрд ажиллаж байгаагүй, зөвхөн намынхаа гал тогоог сахиж суусан тэрбээр Засгийн газрын гал тогоог сахих чухал ажилтай болсон. Тиймээс ч ажлаа авснаасаа хойш хамгийн “завгүй” нь тэр болов. Өдөр бүр төрийн байгууллагуудаараа явж, 11-11 төв дээр ажиллахаас эхлээд тун шуурхай ажиллаж байна гэж дүгнэмээр. Гэхдээ тэр одоохондоо “танилцах” ажлаа л хийж байна. Засаг, төр, дарга солигдох бүрт шинэ ирсэн хүн нь ажилтайгаа, чиг үүрэгтэйгээ танилцдаг жамыг тэр ч дагаж л байна.

Нөгөө л төр бизнес эрхлэгчдээ дэмжинэ, төр бизнес эрхлэхгүй, хувийн хэвшлээ дэмжинэ, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, тэдэнд тулгарч байгаа асуудлуудыг шийднэ, хууль боловсруулахад бүх талын оролцоог хангана, дарга нар иргэнээ сонсч асуудлыг нь шууд шийдвэрлэнэ. Энэ бүхэн хэн бүхэнд танил бөгөөд манай дарга, сайд нарын үеийн үед өгдөг л амлалтууд, асуудлууд. Мэдээж бодит байдлаа дүгнэж, асуудлуудаа сонсох ёстой нь үнэн ч яг энэ нөхцөл байдал дарга, сайдын сэлгээ бүрт л үргэлжилдэг, байсаар ирсэн танил зүйлс. Асуудлыг барьж аваад шийдсэн нь, ажил хэрэг болгосон нь хэд вэ гэвэл гарын хуруунд л тоологдох биз ээ. Ялангуяа төр бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэдэг улстөрч, сайд бүрийн амны уншлага болсон. Д.Амарбаясгалан ажлаа авсныхаа дараах анхны шахуу мэдэгдэл нь “14 мянган аж ахуй нэгж хаалгаа барих хүсэлтээ өгсөн” гэдгийг мэдэгдэж байв. Энэ бүхэн төр хувийн хэвшлээ дэмждэг үү, төр хувийн хэвшилтэйгээ зэрэгцэж бизнес хийдэг үү гэдэг асуултын хариулт гээд хэлэхэд буруудахгүй болов уу. Шударга ёс, хүний эрх ярьдаг шинэхэн Хэрэг эрхлэхийн даргаас иргэд олон зүйл хүлээж буй. Ялангуяа Засгийн газрынхаа гал тогоог барьж байгаагийн хувьд тэр хэлдэг, ярьдаг шинэчлэл, шударга ёсоо хэрхэн тогтоох бол гэж нүд салгалгүй ажиглаж байгаа. Тиймээс улиг болсон уулзалт, хурал цуглаан, гоё ганган үгээс илүү 21-р зууны монголчууддаа, бизнес эрхлэгчдэдээ, иргэддээ шударга ёс, зарчим, төрийн ажлаа хийж эхлэх, харуулах хугацаа тань хэзээ вэ гэдгийг хүлээж сууна, иргэд. Шийдэл, бодитой ажил хэрэг болгохыг хүлээнэ.

Хоёр ч удаагийн сонгууль удирдаж, намаа үнэмлэхүй ялалт байгуулахад Д.Амарбаясгалангийн гавьяа их. Тиймээс ч тэр намынхаа генсекийн албыг удаан хугацаанд хашсан. Улс төрд тэр сайн “тоглогч” байж болох ч төрийн алба түүнээс өөр гэдгийг сануулах нь илүүц биз ээ. Одоо иргэд ухамсартай, хяналтаа сайжруулдаг, хариуцлага нэхдэг ухаантай болсон шүү, Д.Амарбаясгалан дарга аа.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж