Их Британийн хааны сэнтийд хамгийн удаан заларсан Хатан хаан II Элизабет таалал төгссөн явдалд дэлхийн удирдагчид эмгэнэл илэрхийлж байна.
Тухайлбал, Японы ерөнхий сайд Фүмио Кишида түүнийг хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн гэжээ. “Түүний үхэл олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд том гарз боллоо. Японы засгийн газар гүнээ харамсаж буйгаа илэрхийлж байна” гэж тэр хэлэв.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Хатан хааныг НҮБ-ын сайн найз байсан гэж онцолсон. Хатан хаан II Элизабет Нью-Йорк дахь НҮБ-ын байранд 50 гаруй жилийн зайтай хоёр удаа айлчилж байв. Тэр буяны болон байгаль орчны олон үйлсэд чин сэтгэлээсээ ханддаг байжээ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх “COP26” форум дээр төлөөлөгчдөд хандан үг хэлж байв.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон тэргүүн хатагтай Жилл Байден ч бас эмгэнэл илэрхийлж, түүнийг Их Британийн түүхийн хуудсанд болон манай дэлхийн түүхэнд томоохон байр суурь эзлэх хүн гэсэн юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хатан хааныг харъяатуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн, дэлхийн тавцанд эрх мэдэлтэй нэгэн байсан гэжээ. Мөн энэ хүнд хэцүү нөхөж баршгүй гарз хохирлын өмнө эр зориг тэсвэр хатуужилтай байхыг Британийн шинэ хаан III Чарльзад дамжуулав.
Энэ мэтчилэн дэлхийн олон орны удирдагчид эмгэнэл илэрхийлсэн. Нөлөө бүхий удирдагчдаас дурдвал, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Австралийн ерөнхий сайд Энтони Албанез, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси, Европын комиссын ерөнхийлөгч Урсула вон дер Лейен, Германы канцлер Олаф Шольц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Украины ерөнхийлөгч Зеленский, Арабын нэгдсэн Эмиратын ерөнхийлөгч Мохамед бин Заед нар багтаж байна. Түүнчлэн АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчид болох Дональд Трамп, Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон нар эмгэнэл илэрхийлсэн бол Монгол Улсаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудастаа мөнө эмгэнэл илэрхийлжээ. Ц.Элбэгдорж "Хатан Хаан Элизабет тэнгэрт дэвшжээ. "Бусдын төлөө зүтгэхээ" зарласнаас хойш түүний хатан зүрх 75 жил цохижээ. Төр тэргүүлэх бол онцгой нэр хүндтэй бас хүнд ажил. Хатантан 70жил энэ ачааг үүрчээ. Цог жавхлант Хатантан тайван нойрсог ээ. Хаан Чарльз урт удаан наслах болтугай" хэмээн жиргэсэн байна.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ