Барак Обама хошин яриагаараа олныг хөгжөөв

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

Барак Обама хошин яриагаараа олныг хөгжөөв

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама Лхагва гаригт эхнэр Мишель Обамагийн хамт Цагаан ордонд айлчиллаа. Энэ өдөр Цагаан ордонд тэдний хөрөг зургийг залах ёслолын ажиллагаа болжээ. АНУ-ын 44 дэх бөгөөд анхны хар арьст ерөнхийлөгч Обама болон түүний эхнэрийн хөргийг зураач Шэрон Спринг зуржээ.

“Барак, Мишель хоёр гэртээ тавтай морил” гэж ерөнхийлөгч Жо Байден тэднийг угтан авав. Тэрбээр эдийн засаг, цагаачлалын чиглэлээр өмнөх ерөнхийлөгч өөрийг нь удирдан чиглүүлж байсныг дурссан. Обаматай хамт найман жил ажилласанаас илүү түүнийг ерөнхийлөгч болоход бэлтгэсэн зүйл байхгүй гэжээ.

Ёслолын үеэр Обама хэд хэдэн удаа хошигноод амжсан. Тэрбээр урам хугарсан дүр эсгэж, “Сүүлийн жилүүдэд гэр бүл зохиосон хүмүүс хүүхдэдээ Барак эсвэл Мишель гэдэг нэр өгсөн тухай огт сонссонгүй” гэж хэлжээ. Мөн “Нелсон Манделагаас эхлээд Далай лам хүртэл олон алдартныг зурсан алдартай зураач миний үсийг аль болох бага бууралтуулж, чихийг жижгэрүүлээрэй гэсэн хүсэлтийг үл тоомсорлосон” гэж хошигнов. Мишелийн бүх сайн сайхан зүйлсийг хөрөг зурагт тод томруунаар дүрсэлж өгсөнд Обама зураачид талархлаа илэрхийллээ.

Мишелийн үг хэлэх ээлж болоход тэр инээмсэглээд “Час хийсэн үгс хэлсэн нөхөртөө талархъя” гэжээ. Энэ гэрэл зураг өөртэй нь адилхан ажилчин ангиас гаралтай хүмүүст “АНУ бол хүн бүхэнд зориулсан газар” гэдгийг харуулж байна гэв. Тэр хэзээ ч өөрийгөө Жаклин Кеннеди, Долли Мэдисон нар шиг Цагаан ордонд хөрөг зургаа тавьна гэж бодож байгаагүй аж. Мөн Цагаан ордонд амьдарч, тэргүүн хатагтай болно чинээ төсөөлж байгаагүйгээ хэлсэн.

Уламжлал ёсоор бол АНУ-ын ерөнхийлөгч өөрийн өмнөх ерөнхийлөгчийг Цагаан ордонд урьж, хөрөг зургийг дэлгэдэг ч Дональд Трамп энэ заншлыг зөрчсөн. Тэр Барак Обамаг хүлээж аваагүй юм. Тиймээс Жо Байден түүнд зориулж ёслол хийхээр товложээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж