Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг ТББ, СЭМҮТ-өөс COVID-19 халдвар бүртгэгдсэнээс хойш сэтгэцийн эрүүл мэндийн байдалд ямар өөрчлөлт орж буй талаар өнөөдөр /2022.09.09/ мэдээлэл хийлээ.
Хурлаар улсын хэмжээнд хийсэн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох судалгааны дүнг танилцуулав.
АШУИС-ийн Сэтгэцийн тэнхмийн багш Н.Ганцэцэг:
-Дэлхий нийтэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал зайлшгүй анхаарах сэдэв болсон. Эдийн засгийн уналт, ажилгүйдэл, эрүүл мэндийн айдас зэргээс хамаарч хүмүүст сэтгэлзүйн хямралууд үүсч байна. Тиймээс Монгол Улсын хэмжээнд асуумж судалгааг нэгдсэн байдлаар зохион байгуулсан. 2021-2022 онд буюу хөл хорионы төгсгөл үед таарсан судалгаанд 9000 хүн хамрагдсанаас нийт 7960 кэйс бүрдээд байна. Судалгааг түүвэр аргаар хийсэн бөгөөд иргэд төдийгүй онцгой нөхцөл байдалд ажилласан эмч, алба хаагчид хамрагдсан. Энэ статистикаас дүгнэхэд сэтгэл түгших эмгэг 60-аас дээш хувьд ажиглагдсан.
Мөн Covid-19-өөр өвдсөн иргэдийн түгшилт, сульталтын шинж өвдөөгүй иргэдээс 1.9 хувиар өндөр байна.
Монголын сэтгэцийн эрүүл мэндийн удирдах зөвлөлийн гишүүн Р.Энхтүвшин:
-Цар тахлын оргилд үед айдас түгшилт давамгайлж байсан бол одоо хүмүүст урт хугацаанд сэтгэл түгшилт, гутралын эмгэг үүсч байна. Covid-19-ийн халдвараар өвдсөн хүнд, хөнгөн хавсарсан хууч өвчтэй байсан, эмнэлэгт хэвтэн хүндэрсэн нь хамаарахгүйгээр өвчилснөөс хойш хоёр сарын туршид ямар нэгэн шалтгаангүйгээр ядрах, хөдөлмөрийн чадвар буурах, ханиалгах, хөлрөх зэрэг шинж тэмдгүүд нь хүмүүст айдас, түгшүүр сэтгэлзүйн зовнил бий болгож байна. Эдгээр шинж тэмдгүүдийг Covid-ийн хам шинжит нөхцөл байдал гэж нэрлээд олон улсын өвчний 11 дүгээр ангиллын R02 гэсэн код өгсөн.
Олон улсын өвчний ангиллын код өгсөн учраас үүнийг дагаад оношилгоо, эмчилгээний асуудал үүснэ. Үүн дээр цаашид илүү анхаарахаар төлөвлөж байна.
Сэтгэцийн зонхилон тохиолдох эмгэгүүдийн тархалт Монгол Улсад 2013 оны судалгаагаар 18-64 насны хүмүүсийн дунд сэтгэл түгших эмгэг 18.4 хувь, нойрны эмгэг 17,5 хувь, архаг ядаргаа 16.2 хувь архинд донтох эмгэг 6,4 хувь, сэтгэл гутрах эмгэг 6.2 хувь байсан бөгөөд сүүлийн жилүүдэд энэ тоо улам өслөө. Тиймээс иргэдэд сэтгэлзүйн эмгэгүүдийн талаар ойлголт мэдээлэл өгөх, зөвлөмж мэдээллийг боловсруулах, тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох нь чухал.
СЭТГЭЦИЙН ЭМГЭГЭЭС БОЛЖ 4 ХҮҮХДИЙН НЭГ НЬ АМИА ХОРЛОХ ОРОЛДЛОГО ХИЙСЭН
ДЭМБ-йн халдварт бус өвчин судалгаа хариуцсан мэргэжилтэн С.Болормаа:
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2022 оны мэдээллээс харахад, Монгол Улс 2018 онд амиа хорлох тохиолдлын тоо 100 мянган хүн тутамд 18,67 байжээ. ДЭМБ-ын санхүүжилтээр 2013 онд ерөнхий боловсролын сургуулийг түшиглэж хийсэн судалгаанд Монгол Улсын 13-17 насныхан сүүлийн нэг жилийн дотор 23 хувь нь амиа хорлох талаар бодож үзсэн бол 9.3 хувь нь амиа хорлох оролдлого хийжээ. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүн тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийгээд үзсэн байгаа юм. Цар тахлын үеэрх хөл хорионы хугацаанд энэ тоонд ч мөн өсөлт гарсан. Тэгэхлээр сэтгэлзүйн эмгэг нь зөвхөн насанд хүрэгчид биш өсвөр насныханд ч тулгамдаж байгаа асуудал болоод байна.
Холбоотой мэдээ