АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр /2022.09.08/ Украинд гэнэт айлчлав. Тэрбээр Украины сөрөг довтолгоог сайшааж, Оросын мэдэлд байсан газар нутгаа эргүүлэн авах оролдлого нь үр дүнтэй байна гэжээ.
“Одоо дүгнэж хэлэхэд эрт байгаа ч бид жинхэнэ үйл явцыг газар дээр нь тодорхой харж байна. Ялангуяа Херсон орчимд. Донбассын бүс нутагт ч бас ахицтай зүйлс байна” гэж тэр Киевээс явахынхаа өмнө хэлэв. Мөн укранчуудыг гайхалтай эр зоригтой, тэсвэр хатуужилтай байна гээд энэ амжилтын шалтгаан нь та бүхэн Оросын биш өөрсдийн газар нутаг дээр байгаатай холбоотой гэжээ.
Энтони Блинкен дайн эхэлснээс хойш Украинд хоёр дахь удаагаа айлчилж байна. Энэ удаагийн айлчлалаар тэр 625 сая ам.долларын аюулгүй байдлын тусламж Украинд үзүүлэхээ зарлалаа. Түүнчлэн Украин болон бүс нутгийн бусад 18 оронд аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэхийн тулд 2.2 тэрбум ам.долларын урт хугацааны хөрөнгө оруулалтыг төлөвлөжээ. Тэрбээр Украины ерөнхийлөгч болон түүний багийнхантай хоёр цаг орчим хамт байсан. Энэ уулзалтаа маш үр дүнтэй, олон талын утга учиртай байсан гэж дүгнэжээ.
Тэрбээр Украин дахь АНУ-ын Элчин сайдын яам, хүүхдийн эмнэлэг, дайны хөлд сүйдсэн Киевийн захын дүүргүүдээр зочилсон. Түүнчлэн олон улсад алдар нь түгээд буй Патрон нэртэй үнэрч нохойтой танилцжээ. “Би аймшигтай дайралтын улмаас сүйдсэн байшин барилгыг нүдээр харлаа. Энэ бол санаатай үйлдэл. Мөн дайны гэмт хэргийн гэрчүүдтэй, хотыг сэргээн босгож буй хүмүүстэй уулзлаа” гэж Блинкен хэлэв.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ