Английн Хатан хаан II Элизабет өнгөрсөн шөнө Балморал ордонд 96 насандаа таалал төгслөө. Түүнийг нас барсныг зарлаад удаагүй байхад тэнгэрт хос солонго татаж, цугласан олныг гайхшруулжээ. Зарим хүн үүнийг Хатан хааны үлдээсэн бэлгэ тэмдэг гэсэн бол зарим нь хос солонгыг Хатан хаан Элизабет, Ханхүү Филипп хоёрыг илэрхийлж байна гэж бэлгэшээв.
Твиттерт ч бас хос солонгын талаар сэтгэгдэл хөвөрч байна. “Виндзорын ордны дээр татсан солонго намайг уйлуулчихлаа. Хатан хаан бидэнд тэмдэг үлдээжээ”, “Сонирхолтой дүр зураг. Баярлалаа, баяртай” гэж хүмүүс бичжээ.
Их Британийн шинэ ерөнхий сайд Лиз Трасс Хатан хаан таалал төгссөн явдалд эмгэнэл илэрхийлсэн. Хатан хаан II Элизабет нас барахаасаа ердөө хоёрхон хоногийн өмнө Лиз Трассыг томилох ёслолд оролцсон юм.
Хатан хаан нас барсан учир Их Британийн төрийн дууллын үг өөрчлөгдөх аж. Төрийн дуулалд “Бурхан та Хатан хааныг авраач” гэсэн үг гардаг. Тэгвэл одоо Хатан хааны ууган хүү Хунтайж Чарльз хаан ширээнд сууснаар “Бурхан та Хааныг авраач” болж дууны үг өөрчлөх нь. Хаан, хатан, тэр эрэгтэй, тэр эмэгтэй гэсэн биеийн төлөөний үгс өөрчлөгдөхөөс бусдаар хэвээрээ үлдэх юм.
Эмч нарын мэдэгдлийг Букингемын ордноос албан ёсоор зарласны дараа Хатан хааны үр хүүхдүүд Балморал руу яаралтай ирцгээсэн. Гэвч Ханхүү Харри нас барахаас нь өмнө амжиж ирж чадаагүй. Тэр бараг 1:30 минутын дараа иржээ. Ханхүү Харри болон эхнэр Меган нар Лондонд болох “Well Child” шагнал гардуулах ёслолд оролцох байсан бөгөөд Меган ирж чадаагүй аж. Меган Лондонд үлдсэн хэдий ч шагнал гардуулах ёслолд оролцохгүй байж магадгүй гэнэ.
Эх сурвалж: DAILY MAIL, MSN
Холбоотой мэдээ