Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

ЖАМЪЯНГИЙН ЖАДАМБАА

(1947-2022)

Төр, нийгмийн зүтгэлтэн, төрийн албаны тэргүүн түшмэл Жамъянгийн Жадамбаа 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр өвчний улмаас таалал төгссөнд хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ж.Жадамбаа нь 1947 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг “Энгэрийн өвөлжөө” хэмээх газар төрж, 1965 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль, 1970 онд МУИС-ийг барилгын инженер мэргэжлээр,   1984 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр суралцан төгсжээ.

Тэрбээр 1970-1973 онд Дархан хотын Барилгын трестэд инженер, 1973-1976 онд Дархан хотын ХЗЭ-ийн хорооны хэлтсийн эрхлэгч, 1976-1982 онд Дархан хотын МАХН-ын хорооны Намын байгууллагын хэлтсийн эрхлэгч, 1984-1987 онд Дундговь аймгийн МАХН-ын хорооны нарийн бичгийн дарга, 1987-1990 онд МАХН-ын Төв хорооны зохион байгуулагч, Намын байгуулалтын хэлтсийн зөвлөх, 1990-1992 онд Дархан хотын МАХН-ын хорооны дарга, 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1996-2006 онд Үнэт цаасны хороонд албаны дарга, ерөнхий менежер, 2006-2008 онд Санхүүгийн зохицуулах хороонд Тамгын газрын дарга, 2008-2011 онд МАН-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, 2011-2013 онд МАН-ын Байнгын хорооны дэд дарга, 2013-2016 онд Зээлийн батлан даалтын сангийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ.

Ж.Жадамбаа нь Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан анхны парламентын гишүүнээр сонгогдон Монгол Улсад эрх зүйн шинэ тогтолцоо бий болгох анхны шанг таталцаж, Монгол төрийн албаны шинэчлэлийг эхлүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн түшээ, хууль тогтоогч байлаа.

Тэрбээр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллахдаа шинэ Үндсэн хуулийг амьдралд хэрэгжүүлж, парламентат ёсны тогтолцоог төлөвшүүлэх, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн харилцааг шинээр зохицуулсан суурь хуулиудыг боловсруулах, хэлэлцэн батлахад оюун ухаан, эрдэм билгээ дайчлан ажилласан төрийн түшээ билээ.

Монгол эх орныхоо хөгжил дэвшил, төр, нийгэм, улс төрийн тогтолцооны шинэчлэлийн үйл хэрэгт түүний оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнажээ.

Талийгаачийн хөдөлмөрч, шударга, хүнлэг, ажилч хичээнгүй зан чанар, гэгээн дүр төрх нь бидний сэтгэл зүрхэнд эгнэгт мөнх орших болно.

У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,

Б.БАТТӨМӨР, Б.ЖАВХЛАН, Г.ДАМДИННЯМ,

С.НАСАНБАТ, Б.АЗЖАРГАЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж