Хар алтныхан юуг онцлов

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

Хар алтныхан юуг онцлов

Хар алтныхан юуг онцлов

Манай улсын уул уурхайн салбарт нийт 60 мянган хүн ажиллаж буйгаас 10 мянга нь нүүрсний компаниудын ажилчид. Улсын төсвийн гуравны нэгийг дангаараа бүрдүүлдэг нүүрснийхэн хоёр өдрийн турш сайн, муугаа хэлэлцлээ. Хангалттай сайн ярилцлаа. Одоо шуурхай шийдэл, бодит биелэлт хүлээлт дагуулж байна.

Монгол Улс жилд дунджаар 40 орчим сая тонн нүүрс олборлож, 30 орчим саяыг экспортолдог. Өнгөрсөн жил 2022 оны төсвийн тодотголоор 18 сая тонн болгож бууруулсан “амлалт”-даа энэ оны сүүлээр хүрч, төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал хэлэв. Өнөөдрийн байдлаар 13.2 сая тонн нүүрс экспортлоод буй юм.

Нэг тонн тутмыг 100 ам.доллараар борлуулна гэж тооцсон ч дэлхийн зах зээл дээр ханш нь өсч, 160 ам.доллараар борлуулж байна.

“Монголын нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал хэлэхдээ “Бид жилд 40 сая тонн нүүрс экспортолдог.  177 компани 302 тусгай зөвшөөрөл эзэмшиж буйн дийлэнх нь хүрэн нүүрсний тусгай зөвшөөрөл юм. Энэ нь эрчим хүчний нүүрснээс хямд. Манай улсын төвийн болон Өмнөговьд нүүрсний томоохон ордууд бий. Манай эрчим хүчний салбар тэр чигээрээ нүүрсэнд тулгуурласан. Цаашдаа ч энэ байдал өөрчлөгдөхгүй.

Хүрэн нүүрсний хэрэглээ буурахгүй гэсэн үг.

Манай дийлэнх уурхай ил. Иймд өртөг хямд. Гэхдээ сүүлийн жилүүдэд эдгээр уурхай тэлж, гүнээс нүүрс олборлож буй тул өртөг, түлшний зардал өснө, манай давуу тал буурна. Иймд цахилгаан тээвэр нэвтрүүлэх замаар өртгөө бууруулах санаачлагыг эхлүүлэх шаардлагатай. Мөн олон уурхайд чулуулгийн үетэй, бохирдолтой нүүрс нэмэгдэх тул баяжуулах үйлдвэрүүд одооноос барьж, үүнд хөрөнгө оруулах шаардлагатай. Нүүрсний экспорт тогтворгүй байгаа нь томоохон сорилт болж байна.

Стратегийн хувьд нүүрсний салбарт бид тун ашигтай нөхцөлд байдаг. Дэлхийн хамгийн том хэрэглэгч Хятад улс хаяанд байрладаг, хэдийг бол хэдийг худалдан авахад бэлэн. Харамсалтай нь, бид нүүрсээ экспортлоод 20 жил болж байгаа ч зах зээлийн үнэ ханшаар борлуулж чаддаггүй, төмөр замын тээвэргүй явсаар өдийг хүрлээ. Энэ хоорондох алдагдсан боломжийн өртгийг бодоход үнэхээр харуусмаар” гэсэн юм.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн ч манай уурхайнуудын үнэ өсөөгүй. Үнийн өсөлтийн зөрүү тээвэрт шингэдэг. "Эрдэнэс Тавантолгой"-гоос Цагаан хад хүртэл 220 км замд тогтмол үнээр тээвэр хийдэг. Нэг тонн нүүрсийг дунджаар 12 ам.доллараар тээвэрлэдэг. Харин Цагаан хадаас Ганц мод хүртэл 25-300 ам.доллар буюу маш өндөр хэлбэлзэлтэй үнээр тээвэрлэдэг. Одоо үнэ нь 100 ам.доллар болжээ.

Сүүлийн 10 жилд 700 км төмөр зам эрчимтэй барьж байгаа нь маш том амжилт болохыг Ж.Золжаргал онцолсон. Өнөөдөр буюу есдүгээр сарын 9-нд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг нээнэ. Ингэснээр нүүрс тээврийн орлого манай улсад үлдэх давуу талтай. Нэг тэрбум ам.доллар Монголд үлдэнэ гэсэн үг. Нүүрсний чанарыг баяжуулах үйлдвэрүүд барьж өсгөх боломжтой.

2026 он гэхэд хуурай, нойтон аргаар нүүрс баяжуулах үйлдвэрүүд баригдаж, хүчин чадал нь жилийн 118 сая тонн болж нэмэгдэх төсөөлөлтэй байна.

ХҮРЭН НҮҮРСНИЙ ЭКСПОРТООС 1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖТОЙ

“Сoal Mongolia-2022” чуулганаар өчигдөр  (2022.09.08) төмөр зам, эрчим хүч, орон нутгийн хөгжлийг онцолсон.

Монгол Улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173 тэрбум, нарийвчилсан хайгуулаар 37 тэрбум тонн гэж тогтоогдсон. Үүний дийлэнх нь хүрэн нүүрс буюу эрчим хүчний нүүрс.

Манай улс 150 орчим тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцөөсөө жилд 7 сая орчим тонн нүүрс олборлож, дотоодын станцууддаа хэрэглэдэг. Үлдсэнийг нь эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггүй. Улсын эрчим хүчний нүүрсний ордуудын илчлэг дунджаар 3000-4500 ккал байгаа нь Хятадын зах зээлд өрсөлдөх боломжтой гэсэн үг. Эрчим хүчний нүүрс экспортлоход хамгийн том хүндрэл нь тээвэр. Тиймээс цахилгаан болгож экспортлох нь эдийн засгийн үр ашигтай билээ.

Чуулганы “Эрчим хүчний нүүрсний экспортын потенциал ба эрчим хүчний төслүүд” сэдэвт хэсэгт “Эрдэнэс Метан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Амар “Нүүрсний давхаргын метан хийн төслийн нөөц боломж, агаарын бохирдлыг бууруулах шийдэл”-ийг санал болгосон бол “Эрчим хүчний нүүрсний экспортын нөөц чадамж ба эрчим хүчний төслүүд” хэсэгт ТМК Энержи ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал В.Ганзориг “Альтернатив эрчим хүчний эх үүсвэр ба Гурвантэс XXXV талбайн боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Тэдгээрээс онцлоход, “Биг Могул Фанд” ХХК-ийн Гүйцэтэх захирал Б.Батмөнх “Эрчим хүчний нүүрс дараагийн тэрбум ам.долларын салбар мөн үү” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан.

Тэрбээр хэлэхдээ “Манай өмнөд хөршийн хэрэглээ өндөр. Жилдээ 4,3 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Тэдний хэрэглэж буй нүүрсний ихэнх нь эрчим хүчний зориулалттай. Гадаад улсуудаас Хятад улс жилдээ 430 сая тонн нүүрс импортоор авч байна. Ихэнхийг нь эрчим хүчинд хэрэглэдэг. Дэлхий даяар эрчим хүчний нүүрс 465 ам.долларт хүртлээ. Энэ нь өмнө байгаагүй тоо. Үнэ нь цаашид өсөх нь дамжиггүй боллоо. Монгол Улсын хувьд эрчим хүчний нүүрсээ 6-7 боомтоор 50-80 ам.доллараар борлуулдаг. Боомт боомтоор аваад үзвэл жилдээ дор хаяж 15 тонн нүүрс гаргах техникийн бүрэн боломж бий. Үүнд төр засаг, орон нутгийн дэмжлэгүүд хэрэгтэй.

Жилдээ бид хүрэн нүүрсний экспортоос 1 сая ам.долларын орлого олох боломж байна гэж бодож байна” гэв.

Гашуунсухайт, Шивээхүрэн дээр терминал байгуулсан ч Гашуунсухайт дээр хүчин чадлынх нь багахан  хэсгийг ашиглаж, Шивээхүрэн дээр огт ашиглаагүй байгаа аж. Бодлого баригчид Хятадын талтай гэрээ хэлэлцээр хийснээр урагшлах учиртай энэ мэт ажлаа цаг алдалгүй хийхийг уул уурхайн салбарынхан хүсч буйгаа илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж