Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивостокт болсон Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож байна.Өчигдрийн таатай мэдээ нь, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг НҮБ-ын дэмжлэгтэйгээр явуулахаар болсноо мэдэгдсэн төдийгүй 2027 он хүртэл шатахуун, түлшээ тогтвортой үнээр авахаар болсон явдал байв. ОХУ-аас Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
Салбарын сайдаас эхлээд эрчим хүчний хомсдолд орж, өвөл хот хөлдөх бодит аюул нүүрлэснийг сануулсан эл өдрүүдэд энэхүү мэдэгдэл яах аргагүй таатай мэдээ болж байна.
Гэвч уг томоохон төслүүд бүрэн хэрэгжих хүртэл буюу ойрын 4-5 жилдээ бид эрчим хүчний хамааралтай хэвээрээ байх юм.
Дэлхийн хуваагдлын энэ үед Ерөнхий сайд оновчтой нүүдэл хийлээ гэж улс төрийн хүрээллийнхэн дүгнэж байна.
Мөн Шадар сайдын үзэглэсэн байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгээр дамжуулах төслийн талаар ч ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзах үеэр хөндөгдсөн юм. Энэхүү төсөл нь бүс нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтойд тооцогдож ирсэн. Талууд төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж 2029 онд ашиглалтанд оруулахаар ярилцсан байна. Харин нэг ойлгомжгүй байгаа зүйл нь БНХАУ энэхүү төслийн худалдан авагч байна гэдгээ яг таг илэрхийлээгүй байгаа юм.
Гэхдээ Ерөнхий сайдын энэ мэт уулзалтуудыг цаашид үргэлжлүүлж, дэлхий нийтээр хуваагдаад буй энэ мөчид аль болох өөрсдийн асуудлаа нааштайгаар шийдвэрлэх боломж нь айлчлал, гадагш чиглэсэн томоохон уулзалт байна гэж судлаачид үзэж байна.
Нөгөөтэйгүүр баруун болон ОХУ, БНХАУ-ын харилцаа таагүй байгаа энэ үед энэхүү уулзалт, яриа, хэлэлцээ нь биднийг анхаарлын төвд оруулж, асуудлаа шийдэхэд ахиц болно гэсэн төсөөлөл байна.
Дорнын эдийн засгийн чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээн Засгийн газраас авч хэрэгжүүлэх төслүүдийн талаар танилцуулж, хамтран ажиллах боломж нээлттэй байгааг санал болгосон нь бас нэгэн анхаарал татсан асуудал байв.
Л.Халиу
Холбоотой мэдээ