Сурвалжлага: Яармагийнхан гэртээ 7-9 цагийг л өнгөрүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Яармагийнхан гэртээ 7-9 цагийг л өнгөрүүлж байна

Сурвалжлага: Яармагийнхан гэртээ 7-9 цагийг л өнгөрүүлж байна

Та хоногийн хэдэн цагийг нь гэртээ, хэдийг нь замд, хэдийг нь юунд зарцуулдаг вэ? Хотын утаа, тоос, бохирдлоос зугтан Яарагт суурьсан иргэд өдөр бүр 4-6 цагийг зөвхөн түгжрэлд зарцуулж байна. Хотын шинэ суурьшлын бүс гэх тодотголтой Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагт жилд дунджаар 10 мянга хүртэлх айл нэмэгддэг албан бус статистик бий. Нэг өрх 2-3  хүнтэй гэж тооцвол тус хэсэгт 20-30 мянган хүн жилд суурьшдаг гэсэн үг. Гэвч сүүлийн жилүүдэд дээрх бүсэд улсын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг бараг баригдаагүй шахуу. Үүнээс шалтгаалж хичээл сургууль орсон үед Яармагийн замын ачаалал эрс өсдөг билээ. Түгжрэлийг шийдэх төсвийг олон тэрбумаар тооцоолдог ч өдийг хүртэл дорвитой үр дүнд хүрсэн шийдэл гарч ирээгүй. Тиймдээ ч өглөө, оройн цагаар тэг зогсолт үүсч 2-3 цаг хөдөлгөөн бүрэн зогсдог байршлын нэг бол Яармагийн автозам болоод удаж буй.

Түгжрэлд зогсонгоо замын гол шугамаар салхи татуулан морьтой давхиж буй залуугийн, эсвэл хажуугаар нь гүйцэн түрүүлж буй дугуйтай жаал, явган хүнд атаархангуй амжиж буулгасан бичлэгийг олонтаа л харсан байх…

ХҮҮХДҮҮДЭЭ ХҮРГЭЖ, ӨӨРӨӨ АЖИЛДАА АМЖИХЫН ТУЛД 06:00 ЦАГААС ГАРААД ТҮГЖИРДЭГ

Улирлын чанартай түгжрэл үүсдэг бүсэд амьдардаг иргэд өглөө 06:00-07:00 цагийн хооронд гарсан ч хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх, өөрсдөө ажилдаа амжиж очихын тулд багадаа хоёр цаг түгжирдэг гэв. Иргэдийн хэлж байгаагаар нийтийн тээвэр хүрэлцээтэй, сургуулийн автобус ч тодорхой тоогоор явж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ түгжрээнд ороод таг зогсчхоор мянга унаа байлаа ч хэрэг байхгүй байгаа аж.

Хотын захиргааны зарим нэгжийг нүүлгэх шийдвэр гарсан ч өнөөг хүртэл зарим алба хэлтэс нь Яармаг руу нүүж очоогүй. Арга ч үгүй. Төрийнхөн хэрэв тус хэсэгт байршвал одоогийн түгжрэл дахин нэмэгдэнэ үү гэхээс багасахгүй.

Ийнхүү олон цагийг түгжрэлд зарцуулж байгаа нь хүний амьдралын хэв маяг, өдөр тутмын хэрэглээнд ч өөрчлөлт оруулж байгаа нь анхаарах асуудал.

Хүн өдөрт хоногийн 24 цагаас 8-10 цагийг ажил, хичээл дээрээ өнгөрүүлдэг. Гэр рүүгээ ирж очиход тус чиглэлийн иргэд өглөө, оройдоо автозамд 4-6 цаг түгжирнэ. Ийнхүү цагийн хэмнэлд орсон иргэд хоногт ердөө 7-9 цагийг л гэртээ өнгөрүүлж байна гэдгийг хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, гэртээ ороод унтаад л буцаад гардаг аж. Оройтож очоод хоолоо хийж идэх, орой хоол идсэнээс бие махбод нь амарч чадалгүй зүүдлэх гээд тэдэнд үй олон асуудал тулгарсан бөгөөд хэдэн жилийн дараа үүнээс үүдсэн өвчлөлийн өөр нэгэн статистик нүүрлэх нь. Өндөр хөгжилтэй улс оронтой жиших боломжгүй ч өөр хотуудтай харьцуулахад аз жаргалын индекс гэгчээр Улаанбаатар сүүл мушгих нь гарцаагүй. Түгжрэлээс шалтгаалж стресс үүсэхээс гадна эрүүл мэндийн хувьд бусад олон өвчлөлийг бий болгож байна.

ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ ХИЙХ БОЛОМЖГҮЙГЭЭС ЮУ АЛДАЖ БАЙНА ВЭ?

Хан-Уул дүүрэгт орон сууцны хорооллын шинэ төслүүдийн 53 хувь нь хэрэгжиж байгаа. Ингэснээр тус хэсэгт оршин суух иргэд жил ирэх тусам өснө. Тиймээс түгжрэлээс шалтгаалж цаг төлөвлөлт хийж, цагийн менежменттэй ажилласан ч тухайн бүсийн төвлөрлийг сааруулахын тулд эмнэлэг, сургууль гэхчлэн үйлчилгээний байгууламжийг нэмэх шаардлагатай. Иргэдийн хэлж байгаагаар автозамын ачааллыг нэмдэг гол зүйл бол Хан-Уул дүүргийн цэцэрлэг, сургууль аж. Хүмүүс хүүхдээ хүргэж өгч, авдаг цагуудад Яармагийн гуравдугаар буудлаас эхлээд говийн зам хүртэл тэг зогсолт үүсдэг байна. Төвлөрөл нэмэгдсэн тус хэсэгт байдаг томоохон эмнэлэг, худалдааны төв зэрэг нь мөн л замын хөдөлгөөнд нөлөөтэй. Тэгвэл Яармагт байдаг үйлчилгээний төвүүдийн тоог цаашид нэмэх нь зөв эсэх талаар яригдана. Одоогийн байдлаар дараах үйлчилгээний нэгдсэн төвүүд Яармагт бий.

Төрийн үйлчилгээ:

  • Хотын захиргаа
  • Автотээврийн үндэсний төв
  • Нэг цэгийн үйлчилгээ
  • Эрүүл мэндийн үйлчилгээ:
  • Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төв /шинэ/
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн төв /300 ортой шинэ эмнэлэг/

Сургууль цэцэрлэг:

  • 34 дүгээр сургууль
  • 41 дүгээр цэцэрлэг, сургууль
  • Шинэ монгол сургууль
  • Сакура сургууль
  • Жэт олон улсын сургууль
  • British school of Ulaanbaatar

Үзвэр үйлчилгээний цогцолбор:

  • Мөсөн өргөө
  • Буянт ухаа спорт цогцолбор
  • Шинэ яармаг спорт цогцолбор
  • Яармаг усан спортын төв болон бусад

Үүнээс гадна нисэх буудал, автомашин худалдааны төв, томоохон үйлчилгээний төвүүд бий. Эдгээр газраар үйлчлүүлэх иргэд ч Яармаг руу тогтмол хөдөлгөөнд оролцдог. Ингэснээр тус чиглэлийн иргэд түгжрэлд олон цагийг өнгөрүүлэх шалтгааныг нэмж буй. Тиймээс иргэд зам дээр олон цагийг өнгөрүүлснээс болж гэртээ зөвхөн амралтын өдрийг л өнгөрүүлж байна. Үүнийг дагаад тэдний амьдралын хэв маяг өөрчлөгджээ.

Энэ нь нэг талаар эрүүл мэнд, нөгөө талаар гэр бүлийн амьд харилцаа гээд олон зүйлд сөрөг нөлөөтэйг хүмүүс хэлж байсан юм.

Жолоочдын хэлж байгаагаар түгжрэл бууруулахад дугаарын хязгаарлалтаас илүү бүсчлэл, ангилал шаардлагатайг хэлж байна. Мөн сургуулийн автобусыг хангалттай гаргаж өгч замын ойролцоох сургуулийн хажуугийн төв замын нэгдүгээр эгнээнд өглөө, оройд машин зогсоохгүй байх нь зүйтэй гэв. Ингэснээр түгжрэлд зарцуулах цаг хорогдох боломжтой талаар саналаа хэлж байлаа.

ИРГЭД: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛСНЭЭР ТҮГЖРЭЛД БАГА ЦАГ ЗАРЦУУЛНА

Яармагийн бүсэд улсын болон хувийн долоон сургууль бий. Тус сургуулиудад ихэвчлэн өөр бүсийн сурагчид сурдаг байна. Ингэснээр түгжрэлд хамгийн их нөлөөлж байгаа нь боловсролын байгууллага. Тэгэхлээр харьяаллын дагуу сурагч авах боломжтой сургуулиудыг нэмэх, хувийн сургуулийн сурагчдыг зөвхөн автобусаар тээвэрлэх зэрэг шийдэл дутагдаж байгаа юм. Учир нь зуны хугацаанд сургууль эхлээгүй үед түгжрэл өнөөдрийнхөөс гурав дахин бага байдаг аж.

Зөв зохион байгуулалттай төлөвлөгөө гаргаж чадвал яармагийн иргэд гэр рүүгээ олон цаг түгжрэхгүй байх боломжтой.

Харин гарц шийдэл одоог хүртэл гарч ирэхгүй байгаагаас Улаанбаатарчуудын аз жаргалын индекс уналттай гарсаар байгаа юм. Харин хотын дарга нь үүнийг няцааж аз жаргалтай Улаанбаатар болох зорилго тавьсан. Тэгвэл энэ зорилго биеллээ олж чадаж байна уу?

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж