“Восток-2022”-ийг тойрсон “шуум”

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

“Восток-2022”-ийг тойрсон “шуум”

“Восток-2022”-ийг тойрсон “шуум”

ОХУ жил бүр зохион байгуулдаг “Восток-2022” олон улсын цэргийн сургуулилалт есдүгээр сарын 1-нээс эхлээд өчигдрөөр дуусгавар болов. Сургуулилалтад Азербайжан, Алжир, Армени, Беларусь, Энэтхэг, Казахстан, Кыргызстан, Хятад, Лаос, Монгол, Никарагуа, Сири болон Тажикистан улсын цэргүүд оролцжээ. Сургуулилалтын нээлт Оросын Приморскийн хязгаар дахь Сергеевскийн бэлтгэлийн талбайд болсон. Сибирийн Алс Дорнодын цэргийн тойрог болон Номхон далайн баруун эрэг дэх Япон тэнгис, Охотскийн тэнгисийн бүсүүдэд сургуулилалт зохион байгуулагдаж дууслаа.

“Энэ сургуулилалт нь цэргийн бэлтгэлийн зохион байгуулалт, тэдгээрийн удирдлагын талаар нэгдсэн ойлголтыг тактикийн түвшинд хөгжүүлэх, алба хаагчдын нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой” гэж ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд, хурандаа генерал Юнус-Бек Евкуров нээлтийн ёслол дээр хэлсэн. Мөн сургуулилалтад оролцож буй орнуудын алба хаагчид хүндэтгэлийн жагсаал хийж, олон улсын төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлснээр сургуулилалт эхэлжээ.

Нийт 50 мянга гаруй цэргийн алба хаагч, 140 нисэх онгоц, 60 байлдааны хөлөг онгоц, завь, туслах хөлөг онгоц зэрэг 5000 гаруй зэвсэг, техник сургуулилалтад оролцжээ. Хятад улсаас 2000 гаруй цэрэг, 300 гаруй техник хэрэгсэл оролцсон юм.

Орос, Украины дайнаас үүдэлтэйгээр хаа сайгүй хурцадмал байдал үүсээд буй энэ үед ийн цэргийн сургуулилалт хийсэнд дэлхийн улс орнууд янз бүрийн байр суурьтай байна.

АНУ-ЫН МЭДЭГДЭЛ

Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Пэт Райдер  хэлэхдээ, “Бүх улс орон сургуулилалт хийх эрхтэй боловч оролцож буй орнуудын мөн чанарыг харгалзаж үзээд АНУ энэ сургуулилалтад анхаарлаа хандуулна” гэсэн. Харин Батлан хамгаалахын дэд сайд Кэтлин Хикс “АНУ хувьсан өөрчлөгдөж буй аюул заналхийллээс үүдэлтэй сорилтыг даван туулахын тулд батлан хамгаалахын судалгааны хөтөлбөрөө хурдасгаж, оновчтой болгох ёстой” гэжээ. Тэрбээр Хятад, Орос, Хойд Солонгос, Иран тэргүүтэй стратегийн өрсөлдөгчдөөс ирж буй аюул заналхийллийг инновацитай тулгарсан сорилт гэж нэрлэсэн. Тиймээс ирэх санхүүгийн жилийн батлан хамгаалах төсөвт судалгаа, хөгжлийн хөрөнгө оруулалтыг тод томруунаар тусгасан аж.

Түүнчлэн “Восток-2022” сургуулилалтад Энэтхэг улс оролцож байгаад АНУ санаа зовж буйгаа илэрхийлсэн. “Орос улс Украины эсрэг ямар ч үндэслэлгүй дайн хийж байхад Энэтхэг хамтарч сургуулилалт хийж буйд нь АНУ санаа зовж байна. Гэхдээ мэдээж оролцогч улс бүр өөрийн шийдвэрээ гаргана” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер хэлсэн. “АНУ яагаад Энэтхэгт сургуулилалтыг алгасах талаар шахалт үзүүлэхгүй байгаа вэ, мөн ямар нэгэн арга хэмжээ Вашингтоноос авах уу?” гэсэн асуултад Жан-Пьер “Надад хэлэх зүйл алга, гэхдээ бид олон нийтэд нээлттэй байсан” гэж хариулжээ.

ЭНЭТХЭГИЙН ҮГҮЙСГЭЛ

АНУ ийнхүү Энэтхэгт санаа зовсонд Энэтхэгийн тал ч бас дуугүй байсангүй. “Энэтхэг улс бусад орны нэгэн адил олон талт сургуулилалтад тогтмол оролцож байна. Энэтхэгийн армийн бие бүрэлдэхүүн практик туршлагаа хуваалцаж, хэлэлцүүлэг, тактикийн сургуулилалтаар батлагдсан зүйлсээ хэрэгжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ариндам Багчи хэлсэн.

Энэтхэг улс нь зүүн Ладак дахь хилийн хяналтын шугам дагуу Хятадтай сөргөөцөлдсөн байдалтай удаж буй хэдий ч энэ удаад хамтарч сургуулиалтад оролцжээ. Мөн ямар нэгэн зэвсэг техник авчралгүй зөвхөн армийн бие бүрэлдэхүүн нь л сургуулилалтад оролцсон байна. Тэд үүнийгээ Японы эмзэг байдалд сөргөөр нөлөөлөхгүйн тулд байлдааны хөлөг онгоцоо илгээгээгүй гэж тайлбарлав. Далай тэнгисийн бүрэлдэхүүн хэсгээс хол байх эл шийдвэрээ албан ёсоор Японд уламжилсан аж.

Тус улсын бие бүрэлдэхүүн өнгөрсөн оны есдүгээр сард Орост болсон “Запад” цэргийн сургуулилалтад ч бас оролцож байсан. Энэтхэг нь Украины дайнд Оросыг буруутгаагүй бөгөөд барууны хориг арга хэмжээнд ч оролцоогүй. Үнэн хэрэгтээ асар их хөнгөлөлтийг далимдуулан Оросын газрын тосыг их хэмжээгээр худалдаж авч, эрчим хүчний зах зээлийн томоохон тоглогч болж буй нь Энэтхэг улс юм.

ЯПОНЫ ДУРГҮЙЦЭЛ

“Восток-2022” цэргийн сургуулилалт Японы эргэн тойронд болж өнгөрлөө. Оросын хөлөг онгоцуудыг Японы тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчний хөлөг, эргүүлийн нисэх онгоцууд ажиглалтдаа авчээ.

“ОХУ-ын Батлан хамгаалах яам манай улсын хойд нутаг дэвсгэрт сургуулилалт хийхээ мэдэгдсэн. Бидний эсэргүүцлийг үл харгалзан сургуулилалтаа хийж буйд туйлын харамсаж байна. Сургуулилалтын явцыг бид бүхэлд нь анхааралтай ажиглах болно” гэж Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно хэлжээ.

“Восток-2022”-оос өмнө буюу аль долдугаар сарын 27-нд Орос улс мөн л Японы хойд нутаг дэвсгэрт сургуулилалт хийсэн. Тухайн үед ч Японы тал дипломат шугамаар эсэргүүцлээ илэрхийлж байв. Мөн хойд бүсийн дөрвөн арлыг сургуулилалтын бүсээс хасахыг шаардсан санал хүргүүлжээ. Энэ сургуулилалтын бодит зорилгыг Японд шахалт үзүүлэх, Орос, Хятадын батлан хамгаалахын нягт түншлэлийг харуулах явдал гэж “Orfonline” хуудас тодорхойлсон. Тавдугаар сарын эхээр Дөрвөлийн удирдагчид Токиод уулзаж байх үед Хятадын Н-6 бөмбөгдөгч онгоц, Оросын Ту-95 бөмбөгдөгч онгоцууд Япон, БНСУ-ын эргэн тойронд хамтарсан нислэг үйлдсэн удаатай. Хятад, Орос хоёр хамтарсан цэргийн сургуулилалт хийх нь хэвийн үзэгдэл болоод байна.

МОНГОЛЫН ОРОЛЦОО

Монгол Улс “Восток-2022” сургуулилалтад оролцсон нь Өрнөдийн эсрэг чиглэсэн үйл ажиллагаа биш гэж Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн доктор, профессор Д.Уламбаяр хэлжээ. Энэ нь анхны удаагийн тохиолдол биш бөгөөд өмнө нь “Восток-2018”-д оролцож байсан удаатай. Тухайн үед АНУ-ын хэвлэлээр Монголын оролцоог бэлгэдлийн чанартай, үүрэг роль багатай гэж бичиж байжээ. Харин сүүлийн жилүүдэд НАТО-ийн төв штабын мэдээлэлд Монгол Улсыг НАТО болон ОХУ аль алинтай нь тэнцвэртэй түншийн харилцааг бий болгож чадсан гэж дүгнэх болжээ. Монгол Улсын хувьд геополитикийн ноцтой асуудалд төвийг сахисан байр суурь баримталж, сөргөлдөөнд оролцох шаардлагагүй гэдгийг тэр хэлжээ.

Эх сурвалж: ANADOLU AGENCY, DAILY HUNT, TASNIM NEWS, ORFONLINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж