Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хотын төвлөрлийг сааруулах зорилготой хэд хэдэн хөтөлбөрийг тусгасан. Тухайлбал, хотын төвд буй төр, захиргааны байгууллагуудыг шинэ нисэх рүү нүүлгэх. Энэ ажлыг өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулж дэмжсэн бол өнгөрсөн сараас албажиж байгааг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар онцолсон.
Учир нь Хөшигийн хөндийд байгуулах шинэ хотын төлөвлөлтөд 150 мянга гаруй иргэнийг тухайн бүсэд суурьшуулахаар зорьж буй.
Тиймээс тухайн хэсэгт төр, захиргааны зарим байгууллагыг нүүлгэх талаар шийдвэр гаргаад байгаа юм. Төлөвлөгөөний дагуу хөтөлбөрийг үе шаттай баталж, аль аль нэгжийг нүүлгэх талаар тодорхой болгохоо салбар яамнаас мэдэгдсэн. Одоогоор бол тус төлөвлөгөө биелэлтгүй хэвээр байна.
ТӨРИЙН ӨМЧИЙН НЭГЖҮҮДИЙГ НҮҮЛГЭХ АЖИЛ УДААШИРСААР ЗАМХАРДАГ
Нийслэлийн төвлөрөл, автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор төрийн өмчийн их сургуулиудыг хотоос гаргах, томоохон зах худалдааны төвүүдийг А бүсээс нүүлгэх гээд их нүүдлийн цувааг өмнө нь мөн хөндөж байсан. Харамсалтай нь бодит үр дүнд хүрээгүй. Хотын зах руу төвлөрөл үүсгээд байгаа нэгжүүдийг нүүлгэх нь нэг талаар шийдэл мөн боловч нөгөө талаар ажиллах хүч, амьдрах орчин нөхцөл зэрэг олон асуудал үүсэхийг иргэд хэлж буй. Тиймээс ажлын хэсэг тусгайлан үүнийг судалж байж шийдвэр гаргадаг бизээ.
Гол нь хөтөлбөрийн зардал төсөв санхүүг авч байгаа бол бодит ажил хэрэг болох эсэх дүгнэлтийг эрт гаргах нь чухал.
Тэгэхгүй бол мэдэгдэл төдийгөөр хуурч, цаасан дээрх төлөвлөгөөгөө биелэлтгүй он он дамждаг жишиг олон бий. Өмнөх жишээнүүдийг сануулахад, 2018-2020 онд эхний ээлжид ХААИС-ийг Дархан-Уул аймаг руу, араас нь ШУТИС-ийг “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа албаныхан мэдээлж байв. Түүгээр ч зогсохгүй их сургуулиудын дараа 10 жилийн хугацаанд Ховд, Дорнод аймагт боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулийг шилжүүлэх бодлогыг Боловсрол, шинжлэх ухааны яам барьж буйгаа мэдэгдэж байсан юм. Гэвч их сургуулиудыг орон нутаг руу нүүлгэхээр багш нар нь дагаад явна гэх баталгаа байхгүй. Нүүх үлдэх гэдэг сонголтын аль нэгийг хийх шаардлага тулгарч байсан. Мөн их сургуулиудыг цогцолбор хэлбэрээр нүүлгэхэд нийт 11 их наяд гаруй төгрөгийн төсөв шаардлагатай болсон.
Тиймдээ ч боловсон хүчний асуудлаас үүдэж дээд боловсролын байгууллагуудыг нүүлгэхэд бэрхшээл гарч ирсэн. Ийнхүү энэ ажил гурван жилийн хугацаанд яригдаад замхарсан.
Үүгээр ч зогсохгүй их нүүлгэлт бол томоохон зах худалдааны төвүүд. Нарантуул, 100 айл тэргүүтэй олны хөл тасардаггүй худалдааны төвүүдийг төвийн бүсээс гаргах нь олон давуу талтайг танилцуулж, үйлдвэрлэлийг ч хотоос зайтай байгуулах тухай Барилга хот байгуулалтын яам санаачилж байлаа. Тийнхүү 2014-2015 онд Зуун айл дахь барилгын материал үйлдвэрлэлийг Налайх дүүрэг рүү шилжүүлэх бодлогыг хотоос барьж, Үйлдвэр технологийн парк байгуулах шийдвэр гарсан ч өнөөг хүртэл мөн л тэг зогссон. Гэх мэтчилэн дурдвал бодит биелэлтгүй үүрэг даалгавар, хэрэгжилтийг хангуулж чадаагүй нэгж, хариуцлага хүлээдэггүй алба хэлтэс олон. Тиймээс энэ удаагийн төрийнхний их нүүдэл төвлөрлийг сааруулж чадах эсэхийг шуурхай дүгнэж хөтөлбөрийн хэрэгжилтдээ онцгой анхаарч, аль аль нэгжийг нүүлгэх талаар олон нийт болоод алба хэлтэстээ мэдээлэх нь зүйтэй. Хугацаа хойшлох тусам ажил нь замхарч дараагийн төлөвлөгөө нь дахин гардаг тогтолцоотой учир иргэд хотын төвлөрлийг ойрын жилүүдэд сааруулахыг л салбар яам, хотын удирдлагуудаас хүсч буй.
Холбоотой мэдээ