Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн 2022-2023 оны шинэ улирал энэ долоо хоногтой эхэллээ. Хүн бүрийн хүсэн хүлээдэг аваргуудын, томчуудын тэмцэл, тулаан энэ жил нэг л уйтгартай, гунигтай даруухан байх шиг. Учрыг тодруулбал, тус тэмцээний дархан аварга, энэ спортын хоёр ноён оргилын нэг Кристиано Роналдо болон ар Монголын алдарт тайлбарлагч Э.Балжинням агсан нар үгүйлэгдэж байна.
Аваргуудын лигийн таван удаагийн аварга, бүх цагийн үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж буй Роналдо энэ жил зиндаа буурч, Европа лигт өрсөлдөхөөр болсон. Түүний уран тансаг тоглолт, гоёмсог гоол, гайхалтай гоолын баярыг үгүйлэх хүн дэндүү олон буй.
Зунжингаа багаа солих гэж хичээсэн ч өдгөө 37 настай түүнийг бүрэлдэхүүндээ багтаах Европын томчууд олдсонгүй. Эрик Тен Хаг ч португал эрийг сэлгээний сандалд сайн уяж байгаа. Төдийлөн ашиглахгүй байгаа ч төлөвлөгөөндөө байгаа гэж мэдэгдсэн.
Роналдог голсон Челсигийн дасгалжуулагч Томас Тухель саяхан ажлаасаа халагдаж байх жишээтэй.
Роналдогийн төлөөлөгч Хорхе Мендес зуны солилцоо наймааны цонх хаагдахаас өмнө УЕФА Аваргуудын лигт өрсөлдөх том баг бүрийн хаалгыг татаж, гол үйлчлүүлэгчээ санал болгосон ч амжилтад хүрээгүй. Байерн Мюнхен, ПСЖ, Челси, Манчестер Сити, Боруссиа Дортмунд, Реал Мадрид, Наполи гээд багууд түүнийг хүсээгүй. Эцэст нь үнэнтэй эвлэрч, Европа лигт тоглохоор болсон.
Роналдо бол УЕФА Аваргуудын лигийн гол чимэг.
“Пүүзнээс нь газрын үнэр
Подвалкнаас нь тэнгэрийн үнэр
Хэтэвчнээс нь еврогийн үнэр
Хүзүүнээс нь хүүхдүүдийнх нь үнэр (Уг нь “Орос бүсгүйн үнэр” байсан ч Роналдо сүүлд таван хүүхэдтэй болсон билээ)” гэж агуу нэгний суу алдрыг дөрөвхөн мөртөд багтаасан Монголын алдарт тайлбарлагч Э.Балжинням агсны уян яруу басхүү этгээд яриа энэ жил үнэхээр үгүйлэгдэж байна.
“Аваргуудын лигийн сүлд дуу арьс махны завсраар амьтан гүйлгэсээр эгшиглэлээ” гэж түүний хэлэхэд сая л нэг сүр жавхлант УЕФА Аваргуудын лигт учраа таарсан томчуудын тоглолт эхэлдэг байлаа.
“Миний тайлбарын онцлог нь хөдөө малаа хотлуулж буй малчин, ажлаа тараад ирж буй хүмүүс, хичээлээ тараад ирсэн жаалхүү нарт зориулж тайлбарлах. Би тактик ярьдаггүй. Тэр Жозе Моуриньо 11 залуустаа юу хэлээд гаргаж байгааг нь энд хэн мэдэх билээ. Монголчууд бид хүний түүх намтар, цол гуншиг сонсох дуртай ард түмэн. Тиймээс би Монгол хэв маягийн тайлбар хүргэхийг л эрмэлздэг” гэж Э.Балжинням агсан хэлж байв.
Үнэхээр л түүнийг сөөнгө хоолойг сонсоод танихгүй, мэдэхгүй хүн гэж Монголд бараг л үгүй билээ. Хөлбөмбөг сонирхдоггүй нэгнийг зог тусч хартал, сонирхдог нэгнийг нь зурагттайгаа ярьтал нь тайлбар хүргэдэг байсан түүнийг Монголын хөлбөмбөгийн фанатууд үгүйлж байна.
“Сэлэнгийн хөвөөнд эмээтэйгээ өссөн, сэлэхийг нь биш орилохыг нь сурсан Э.Балжинням” хэмээн өөрийгөө тодорхойлсон тэрээр “Советский спорт” сонины ачаар хөлбөмбөгтэй танилцаж, улмаар хоббигоо ажил болгон мянга мянган хүүхэд залуучуудыг хөлбөмбөгт “уруу татсан” билээ.
УЕФА Аваргуудын лигийн 2022-2023 оны улирлын нээлтийн тойргийн үр дүн:
Холбоотой мэдээ