Гадаад бодлогын дотоод асуудал

Хуучирсан мэдээ: 2022.09.13-нд нийтлэгдсэн

Гадаад бодлогын дотоод асуудал

МОНГОЛ ТООГДСОН НЬ

Монголчууд дэндүү мартамхай улс. Зургаан жилийн өмнө Монголын Улаанбаатар хот дэлхийн анхаарлын төвд байв. 2016 оны долдугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо АСЕМ-ийн дээд хэмжээний XI уулзалт болсон нь монголчуудын талаар дэлхийн томоохон бүхий л агентлагууд мэдээлэхэд хүргэв. Дэлхийн 50 гаруй орны, өндөр дээд хэмжээний 4000 орчим төлөөлөгч Монголд хуран цугласан нь тэр. Тэдний гарын үсэг бүхий дурсгалын хөшөө өнөөдөр төв талбайд бий. Зарим нэгнийх нь “хорт хавдартай адилхан” гэж адлаад буй хөшөө л дөө.

Хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага шиг Оросын дагуул, Хятадаас хараат гэж гоочлуулж асан Монгол тэр үед огт ондоогоор “Ардчилсан Монгол” гэж имижийг бүрдүүлж чадсан нь дэлхийн бодлого тодорхойлогчдыг Монголд чуулахад хүргэсэн юм. Үүнийг хийсэн хүн бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж.

Түүний үед Монголын гадаад бодлого урьд өмнө нь байгаагүй хэмжээнд хүрсэн бөгөөд жижиг, буурай улсын гэхээсээ илүүтэй Ази дахь ардчиллын өлгий гэгдэх болсон нь бидний ололт байв. НҮБ-ын хуралдаанаас эхлээд улс орны удирдагч нарын томоохон уулзалт, хуралдаанд оролцож, эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхээс эхлүүлээд хүний эрхийн олон асуудалд оновчтой, бодитой, энгийн үг хэлж байсан нь түүний гадаад дахь нэр хүндийг өргөж байв. Хүний эрх, эрх чөлөөний төлөө дэлхийн индэр дээрээс дуу хоолойгоо хүргэж, цаазын ялыг халахын төлөө нэгдсэн зэрэг нь Монголдоо зүхүүлж, гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Түүний үед Монголын гадаад бодлого бусдад тоогдсон хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн билээ.

ТУСГААРЛАГДСАН НЬ

Гадаад бодлогыг хөгжилтэй орон руу визгүй зорчих хэмжээнд ойлгох төдийхнөөр төсөөлдөг дарга нар бишгүй. Дуурайна гэдэг сармагчин ажаагаас өвлөгдсөн үнэт “эрдэнэ” болохоор дараа дараагийн дарга нар ч “дүрмээсээ” гажихгүй. Уг нь эх орондоо, элгэн садантайгаа санаа амар амьдармаар байдаг. Энд зовсноос гадаадад өндөр цалинтай зовохыг илүүд үзсэн монголчууд гадагш гарахаар сар, жилээр дугаарлаж байна.

Монголчууд капитализм, хятад хоёрт бүр ясны дургүй. Бүр аль аль нь аминд нь орж байхад хүртэл шүү. Энэ л эмзэглэл дээр дөрөөлсөн хүн төрийн тэргүүн болох жишээтэй.

“Монгол ялна” гэсэн чинь “Монгол тусгаарлагдав”. Гадаад харилцаанд гарч байсан ололтууд газарт унав. Монгол Улс гадаад улс орнуудтай харилцаагаа сайжруулж, гадаад дахь нэр хүндээ өсгөх нь байтугай хойд хөршөөсөө бусадтай бараг харилцаагаа таслах нь энүүхэнд болов.

Монгол Улсаа төлөөлөн суух Элчин сайдын томилгоо гацаанд орж, зарим улсад гурав орчим жил элчингээ илгээгээгүй нь гашуун боловч үнэн. Итгэмжлэх жуух бичгээ илгээгдсэн улсынхаа тэргүүнд барих гэж буй элчинг илгээсэн улсынх нь ерөнхийлөгч хүлээн зөвшөөрхөөс татгалзсан төдийгүй томилогдчихсон элчингээ улс төрийн шалтагаар өөрсдөө эргүүлэн татах шийдвэрийг хүртэл гаргасан нь гадныхныг гайхшруулах нь тэр. Гадаадад суух Элчингээр томилогдсон 11 Элчин жил дамнан хүлээсээр эцэстээ больсон түүх бас бий. Тухайн үед дипломат зүтгэлтнүүд Монголыг дэлхийгээс өөрсдийгөө тусгаарласан Хойд Солонгос лугаа зүйрлэж байв.

Ардчиллын буруу замаар будаа тээснээ гэнэт “ухаарсан” тархи угаалтад монголчууд буцаад давхих вий гэсэн болгоомжлол бодитоор бий болох нь тэр. Социализм, Орос хоёрыг баахан зүхсэн монголчууд буцаад тахин шүтэх нь холгүй, нийгэмд өөрсдийгөө үгүйсгэж, хойд хөршөө дөвийлгөх үзэгдэл гарч эхлэв.

Үүнд хамгийн том нөлөө үзүүлэгч нь Монголын эв нэгдлийн бэлгэдэл болов. Хамаг бүхнээ өнгөрсөн үед зориулсан өвгөн партизанууд, тэднийг залгамжлагчид “Бидний хуучин андууд нэг намтай, социализмтайгаа байж л байна шүү дээ” гэж тод дуугарах болов. Өвгөн генералын өмнөх нийгмийг магтаж, өнөө цагийг үгүйсгэсэн тархи угаалт л хүчтэй болов.

Ард нийтээс Ерөнхийлөгчийн засаглалтай болох санал асуулга ч өндөрөө авсан. Ингэж бид буцахаа шахсан. Ингэж бид гаднаас өөрсдийг дахин тусгаарласан.

Өргөн утгаар нь аваад үзвэл гадаад ертөнцтэй гайгүй хэмжээнд хүрсэн гадаад бодлого хумигдав. Хойноос ирээд хот манайх гэгчээр Монголд суугаа Элчин МҮОНТ-ээр ялалтын парадыг шууд дамжуулсангүй гэж томрох хүртлээ даам гарав… Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын уулзалтад захлах маягтай зургаа авхуулж, цэргийн эвсэлд орох эсэх тухай яриа дэгдсэнээс бус Гадаад бодлогод ганц ахиц гарсангүй. Үе үеийн дипломатчид, Ерөнхийлөгч нарын өдийг хүртэл явуулж ирсэн гурав дахь хөршийн бодлого ч бүдгэрэв.

У.ХҮРЭЛСҮХЭД ӨГЧ БУЙ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ДЭМ  

Авууштай нь, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувиар У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар цаашид үе үеийн Төрийн тэргүүн нар хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн.

Гадаадад нэр хүндтэй байгаа нэгнээ гадаад бодлогодоо ашиглаж эхэлсний үр дүн эхнээсээ гарч ч байна. НҮБ-ын даргаас эхлээд гадны улс орнуудын өндөр дээд албан тушаалтнууд өнгөрсөн зун айлчлав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг урьж “Монгол Улс бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж хэлэхэд хүргэсэн хүн нь өнөөгийн Ерөнхийлөгч гэхээсээ илүүтэй Ц.Элбэгдоржийн хийгээд буй ажилтай холбоотой. У.Хүрэлсүх, Ц.Элбэгдорж хоёрын хоршил Монголд ашигтайгаар туслаа.

Ихэрхэж, томорхож, их хааны үр сад гэж цээжээ балбадаг бид бас азтай. Монгол ялбал юу болдог вэ гэдгийн горыг дөрвөн жилийн хугацаанд хангалттай амсав. Харин өнөөдөр хойно очсон Ерөнхий сайд Эгийн голын станцаа барина гэдгээ мэдэгдлээ. Монголын эрх ашгаа мэдэгдэж чадлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх удахгүй НҮБ-ын индэр дээрээс Монголын байр суурийг илэрхийлэхээр зорино. Тийн явахдаа хэл халтирч, өөд болсон НҮБ-ийн даргатай уулзсан гэж онигоонд ормооргүй байх нь чухал. Дэлхий даяараа ороо бусгаа буй энэ цаг үед ажлаа авсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгч нэг жилийн хугацаанд гадаадын улс орны тэргүүнийг Монголдоо хүлээн авч, асуудлаа ярилцлаа. Бидний хамгийн их хамааралтай хоёр хөршийн гадаад хэргийн сайд нарыг эх орондоо хүлээн авч, явдал учраа ярилцсаныг энд дурдууштай. Хоёр хөршийн байр суурийг хүндэтгээд зогсохгүй өөрсдийн байр сууриа ч ойлгуулав.

Олон улсын Ардчилсан холбооны Дээд хэмжээний уулзалтанд Монголыг төлөөлөн Ц.Элбэгдорж оролцож Украины эсрэг болж буй дайнтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэхдээ “… Энэ дайн бол нийт хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл-эрх чөлөөний эсрэг дайн, Украины ард түмний чөлөөт ардчилсан замаар хийсэн сонголтыг нухчин дарах гэсэн дарангуйлагчийн өдөөсөн дайн. Энэ дайнд Украин ялах ёстой, ялах ч болно…” гэсэн нь хуралд оролцогчдыг Ази, Номхон далайн бүсийг төлөөлж Ц.Элбэгдоржийг ажиллуулахад хүргэсэн нь ойлгомжтой.

Энэ бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн багийн гадаад бодлогод барьж буй маш том бэлэг болох нь дамжиггүй. Ц.Элбэгдорж гадаадад нэр хүндтэй байна. Түүнийг ашиглах нь У.Хүрэлсүхийн багт туйлаас чухал. Тэр цагт жинхэнэ утгаараа Монголд ашигтай.

Тиймээс нэгнээ үгүйсгэж, хий хоосон магтах эсвэл муулхаас илүүтэй гадаад ертөнцтэй учраа олж, өөрсдийн эрх ашгаа хамгаалж, эдийн засаг, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд энэ мэт хамтрал хамгаас чухал. Боломж гарвал бид улс орнуудтай уулзаж, айлчилж, ярилцаж, өмнөх харилцаагаа илүү түвшинд гаргах нь юу юунаас илүү чухал болж байна. У.Хүрэлсүх албан ёсоор Монголыг  төлөөлж байр сууриа илэрхийлээд нарийн ярвигтай асуудал, албан бусаар хийх харилцаандаа Ц.Элбэгдоржийг ашиглаж чадвал үүнээс илүү үр дүн авчрах нь дамжиггүй төдийгүй, дэлхийн улс гүрнүүдтэй учраа ололцоход илүү бодитой ажил болно.

Эцэст нь, Монгол л хожно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж