Хичээл сургууль амарсан зуны гурван сар нийслэлчүүд түгжрэлийг түр мартаж санаа амар суусан. Тэгвэл хичээл сургууль эхэлж, нийслэлчүүд түгжрэл, автобусанд хамаг цагаа алдаж байна. Түгжрэлийн хажуугаар, автобусны тоог нэмэх талаар иргэд хэлдэг ч байдал яг л хэвээрээ байна. Арай гэж ирсэн автобусандаа уралдах шахам дайрч ордог дүр зураг даанч өрөвдөлтэй. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаар автобусны хүрэлцээ, олдоц ямар байгааг хүргэж байна.
Хамгийн их түгжрэлтэй гэгддэг Яармагийн автобусны буудал дээр очлоо. Биднийг өглөө 07:00 орчим цагийн үед нисэхийн автобусны буудал дээр очиход олон хүн ажил, хичээлдээ яарч байгаа нь харагдаж байлаа. Автобус нь 10-30 минутын зайтай ирэхдээ хүн ихтэй ирж байв. Үүнд иргэд бухимдангуй байгаа ч өөр аргагүй учир ирсэн нийтийн тээврийн хэрэгсэлд шахаад сууцгааж байлаа. Харин шахаад, шамбааралдаад сууж чадаагүй нь олдсон унаанд суун хүрэх газартаа дөхнө. Тэр бүр унаа нь ирэхгүй тул бүгд л харуулдан зогсоно.
Автобусанд амжиж сууж чадаагүй нэгэн иргэнээс асуухад “Нийтийн тээврийн хүртээмж муу байгаа нь бидний одоо байгаа байдлаас шууд харагдана. Нэг автобусанд хэчнээн олуулаа чихэж явж байна. Заримдаа автобус ирэхгүй цаг шахам хүлээлгэдэг. Энэ байдлаараа өвөлтэй золгох юм бол хүүхэд багачууд, хөгшчүүдэд хэцүү байх болно” гэлээ.
Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор НЗДТГ-аас автомашиныг дугаараар хязгаарлах арга хэмжээ аваад удаж байна. Ингэхдээ иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалсан. Гэвч нийтийн тээвэр хүртээмж багатай газрууд одоог хүртэл байсаар байна. Нийтийн тээврийн хүртээмж муугаас болж хэт их хүнтэй хамт явах, ялангуяа хүнд ачаа тээвэртэй эсвэл бага насны хүүхдээ тэвэрсэн иргэд автобусны буудал дээр удаан хүлээх нь хэцүү, хүндрэлтэй нөхцөл үүсдэг талаар иргэд хэлж байлаа.
Автобусны буудал нь ойр, явах чиглэл сонголттой, үйлчилгээ сайн байвал иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхээс татгалзахгүй. Автобусны талаар санал гомдол их ирдэг ч одоогийн байдлаар хямд төсөр үүнээс өөр унаа алга. Дулааны үе гээд дугуй, явганаар явъя гэхээр дугуйн зам нь хангалтгүй, дээр нь ихэнх ажлын байр, сургууль нь төвдөө байрлалтай. Ингээд автобусандаа чихэлдээд ч хамаагүй явах нөхцөлийг иргэдэд төр бүрдүүлж өгч байгаа юм.
Сүүлийн 10 жил нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс Засгийн газар нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцэж, 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Энэ жилийн хувьд 600 автобусаар буюу нийтийн тээврийн 60 хувьд парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн юм. Нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх парк шинэчлэлтийн ажил хэдэн хувьтай явагдаж байгааг Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулсан юм.
Тэрбээр, "Энэ жил нийтийн тээврийн парк шинэчлэлд 80 гаруй тэрбум төгрөг төсөвлөж нийтдээ 600 гаруй автобус шинээр авахаар тооцоод байна. Гэвч 80 гаруй тэрбум төгрөгөөр эдгээр автобусыг бүгдийг нь авах ямар ч боломжгүй юм. Эхний ээлжид 75 шинэ автобус оруулж ирээд байна. Харин арваннэгдүгээр сард 200 гаран автобус орж ирнэ. Үлдсэн автобусны хувьд дайны нөхцөл байдлаас үүдэн эдийн засаг хямралтай байгаа учраас хөрөнгө оруулах тал дээр асуудал үүссэн. Мөн нийслэлд үйлчилгээнд явж буй нийт автобуснаас 532-ыг нь үйлчилгээнээс хасахаар шийдсэн. Гэвч эдгээр автобусыг үйлчилгээнээс шууд хасвал нийтийн тээврийн салбар уналтад орох өндөр эрсдэлтэй” гэв. Ингээд нийслэлчүүд ашиглах хугацаа нь дууссан автобустайгаа ямартай ч арваннэгдүгээр сар хүртэл хотын түгжрэлд явах нь тодорхой боллоо.
Иргэн Б “Өглөө ажилдаа явахдаа хоёр цагийн өмнө гарсан ч хоцорч байна. Нийтийн тээврийн хэрэгслээ нэмээд өгвөл түгжрэл буурмаар л санагдах юм. Автобусны ирэх давтамж ойрхон байвал иргэд ингэж олуулаа суухгүй шүү дээ” гэж бухимдалтай хэлж байлаа.
Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмж ямар байгаа талаар нийтийн тээврийн газраас тодруулахад “Өнөөдрийн байдлаар хот дотор нийтийн тээврийн 12 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн төрийн хоёр, өдөр тутамд 1000 орчим оврын автобус үйлчилгээнд явж байна. Харин 1169 автобусны зогсоолтой байгаагаас 350 тохижилттой. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр парк шинэчлэлтийн ажил хийгдэж байна” гэсэн юм.
Иргэдийн зүгээс автобусны хүрэлцээг нэмэгдүүлж, түгжрэлийн цагаар илүү олноор явуулах хэрэгтэйг хэлж байна.
Б.УНДРАМ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ