"Монголдоо Холливудын киноны хөгжмийг бичүүлэх боломжтой"

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

"Монголдоо Холливудын киноны хөгжмийг бичүүлэх боломжтой"

"В" продакшны хамт олон дэлхийн А зэрэглэлийн "440 Hz records" студийн албан ёсны нээлтээ өнөөдөр /2022.09.08/ хийлээ. 


Төрийн соёрхолт, дуучин Д.Болд:

-Бид үндэсний урлаг соёлоо дэлхийд сурталчлан таниулах үүрэгтэй. Ингэхдээ дуу бичлэгийн стандарт, менежмент, маркетингийг олон улсын стандартад нийцүүлж байгаагаараа онцлог. Манай продакшны хамт олон 16 жилийн ойгоо тохиолдуулан шинэ дэвшилтэд технологи, уран бүтээлийн олз омогтой угтаж байгаадаа баяртай байна. Шинэхэн студи маань дэлхийн стандартад нийцсэн А зэрэглэлийнх. Студийн акустик дтзайныг дэлхийн алдарт "Wes Lachot" дизайны компани манайхтай долоон жилийн өмнө гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн. Мөн Английн топ чанга яригч төхөөрөмжийг үйлдвэрлэгч болох "Quested" брэндээр студийн өрөөнүүдийг тоноглосон. Их Британийн "SSL" брэндийн топ хөгжмийн тохируулга буюу пультийг Монголд анх удаа суурилуулж байна. Ингэснээр рок, поп, хип хоп, сонгодог хөгжим гээд бүх төрлийн хөгжмийн дууны бичлэгийг хийх боломжтой болж байна.

Бид бүхэн боловсон хүчнээ Англи улсад бэлтгэж, сургалтад хамруулж буй. Дэлхийн А зэрэглэлийн дуу бичлэгийн студийн үнэ өндөр байдаг. Гэхдээ бид Монголын урлаг соёлын стандартыг хөгжүүлэхийн тулд уран бүтээлчидтэйгээ үнийн хувьд уян хатан хамтран ажиллана.

"ГАДААДЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ЭХ ОРОНДОО УРИХ НЬ ГАДААД ХАРИЛЦААНД ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ"

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Юуны өмнө "В" продакшныхаа хамт олонд халуун баяр хүргэе. Төрийн соёрхолт, дуучин Д.Болд Монголдоо төдийгүй дэлхийн түвшинд нэрээ гаргасан сайхан уран бүтээлч. Тэрбээр  "В" продакшнаа үүсгэн байгуулж, олон улсын стандартад нийцсэн А зэрэглэлийн дуу бичлэгийн студи байгуулж байгаад нь Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувийн зүгээс баяр хүргэе. Бид сая А, В, С гэсэн гурван ангиллын студитай танилцаж явахад энэ хамт олноор бахархах сэтгэл төрлөө. Мөн энэ чиглэлийн мэргэжлийн инженерүүд Монгол Улсад ховор байдаг учраас гадаадын олон мэргэжилтэнтэй удаан хугацаанд хамтран ажилласны үндсэн дээр энэ том ажлыг хийжээ. Ази тивдээ ч ховор тоног төхөөрөмжийг Монголдоо нэвтрүүлсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Монголчуудын хувьд урлаг соёлд дуртай, төрөлхийн авьяаслаг ард түмэн. Өнгөрсөн хугацаанд Монголын уран бүтээлчид сайн уран бүтээл хийхийн тулд гадаадын дуу бичлэгийн студид бичлэг хийлгэхээр асар өндөр зардал, цаг хугацааг зарцуулдаг байсан. Гэтэл өнөөдөр энэ боломжийг эх орондоо бүрдүүлж байгаа нь сайшаалтай. Мөн киноны уран бүтээлчид маань олон улсын кино фестивалиудад бүтээлээ явуулахад дуу бичлэг нь гологддог байсан бол өнөөдөр энэ салбарт хувьсал гарч байна.

Гадаадад энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдээ татан авч, студид урьж, ажиллуулж байгаа юм байна. Цаашдаа Монголын олон уран бүтээлчийн бүтээл олон улсын түвшинд гарах болтугай. Гадаадын уран бүтээлчдийг эх орондоо урьж авч ирэх нь гадаад харилцаанд чухал үүрэгтэй.

"ХОЛЛИВУДЫН КИНОНЫ ПРОДЮСЕРУУД "В" ПРОДАКШНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАНА"

Соёлын дэд сайд М.Батбаяр:

-Монгол Улсын урлагийн салбар дундаа дуу бичлэгийн салбарт шинэ хувьслыг хийж байна. Монголчууд язгуур урлагийн асар их нөөц, урын сантай ард түмэн. Тиймээс Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ойрын стратегийг боловсруулж, батлуулсан. Үүний тэргүүлэх 12 чиглэлийг тодорхойлсны нэг нь дуу хөгжмийн салбар багтаж буй. Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын хувьд гурван үеэрээ урлагт зүтгэж яваа удам дамжсан уран бүтээлч. Тэрбээр Монголын урлагийн салбарт манлайллыг бий болгож, Ази тивдээ дээгүүрт бичигдэх дуу бичлэгийн студийг байгуулсан байна.

Манай кино урлагийнхан хуулиа батлуулж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Цаашдаа энэ хамт олон Монголын кино урлагийг дэлхийн түвшинд гаргахад хамтран ажиллана гэдгийг хэлж байна.

Салбар яамнаас дэлхийн брэндийн техник, тоног төхөөрөмжийг хилээр оруулж ирэхэд тодорхой хэмжээгээр гаалийн татвараас чөлөөлөх дэмжлэгийг үзүүлэхээр байна. Мөн ирэх долоо хоногт Холливудын киноны продюсерууд Монголд албан ёсоор хүрэлцэн ирнэ. Эдгээр хүмүүсийн дөрвөн өдрийн хөтөлбөрт "В" продакшны үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ багтсан.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж