Дуучин Жастин Биберийн нүүр саажсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, энэ оны зургадугаар сард “Ramsay hunt” нэртэй хам шинжийн улмаас түүний нүүр түр зуур саажиж байв.
Тэгвэл 28 настай Канадын поп од Бибер дэлхийг тойрч аялан тоглолт хийх байснаа цуцалжээ. Эрүүл мэнддээ анхаарахын тулд ийм шийдвэр гаргасанаа Бибер цахим хуудсаараа мэдэгдсэн. Тэрбээр саажилтаасаа хойш зургаан амьд тоглолт хийсэн. Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдээр Бразилд тоглосон байна. Эмч, гэр бүл, багийнхантайгаа зөвлөлдсөний эцэст эдгээр тоглолтыг хийсэн ч тайзнаас буусны дараа маш их ядарч, бие сайнгүй байсан тул эрүүл мэндээ нэн тэргүүнд тавих ёстой гэсэн шийдвэрт хүрчээ.
“Ramsay hunt” хам шинж нь салхин цэцэгтэй ижил вирусээр үүсгэгддэг аж. Энэ вирус нь олон жил унтаа байдалд байсны дараа дахин идэвхжиж, нүүрний мэдрэлд үрэвсэл, цочрол үүсгэдэг. Дархлаа суларсан үед вирус дахин идэвждэг байна. Уг хам шинж нь хүндэрснээр нүүр саажиж, сонсгол алдагдах тохиолдол байдаг. Зарим тохиолдолд энэ нь байнга тогтож үлддэг ажээ.
Жастин Биберийн хувьд зургадугаар сард түр хугацаанд нүүрнийх нь баруун тал мэдээгүй болж, баруун нүд нь анивчих боломжгүй болсон юм.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ