“Төрийн албаныхны дипломыг шалгахад буруудахгүй"

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

“Төрийн албаныхны дипломыг шалгахад буруудахгүй"

“Төрийн албаныхны дипломыг шалгахад буруудахгүй"

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Тэгш сондгойгоор явуулах нь намын бодлогод нийцэхгүй байгаа талаар та шүүмжилсэн байна лээ. Тэгш, сондгой гэхээс илүү түгжрэлийг бууруулахад ямар дорвитой шийдэл хэрэгтэй вэ?  

-МАН 30 дахь их хурлаа хийж, нийгмийн тэгш бус байдал шударга ёсыг дэмждэг социал демократ нам болох шинэчлэл хийсэн. Төрөөс гаргаж буй, МАН-аас гаргаж буй аливаа бодлого нь ямагт нийгмийн олонхын эрх ашгийг түрүүнд тавьж шударга ёсыг чухалчлан хэсэг бүлэг цөөнхийн үүднээс биш олонхын эрх ашгийг түлхүү тавих ёстой. Төрийн бодлого тэгш хүртээмжтэй байж бүх хүнд ялгаварлалгүй үйлчлэх ёстой. Гэтэл тэгш сондгойгоор хязгаарлах бодлого нь хоёр ба түүнээс дээш машинтай эсвэл дахиад нэг худалдан авах боломжтой буюу, нийгмийн хөрөнгөлөг давхаргын эрх ашигт нийцсэн шийдвэр байх үндэстэй. Төрөөс шийдвэр гарахдаа олонхын буюу нийгмийн шударга ёсны өнцгөөс гаргах нь МАН-ын үндсэн бодлого байх ёстой. Тиймээс НИТХ-ын төлөөлөгч нарт уриалахад маш сайн судалгаатай хувилбарыг гаргах ёстой. Мөн намын үзэл баримтлалаа хангаж нийгмийн шударга ёсыг хангах шийдвэр гаргах талаар санал өгч байна. Тэгш сондгойгоор явуулна гэдэг нэг удаагийн аргацаасан шинжтэй үйлдэл. Энэ бол шийдэл биш юм. 2021 онд УИХ-аас Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, нийслэлийн удирдлагын байр суурийг үлэмж хэмжээгээр өргөтгөсөн. Жил бүрийн улсын төсөвт 420 тэрбумыг зөвхөн замын түгжрэлд зориулахаар төсөв тавьж өгсөн. Энэ их хөрөнгийг үр ашигтай зарцуулж, ил тод байлгаж, замын түгжрэлийг шийдэх боломжит хувилбарыг гаргах шаардлагатай. Түүнээс биш хязгаарлах бодлого явуулах нь буруу.

-Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломын асуудлаар мэдээлэл хийж нийгэмд багагүй шуугиан тарилаа. Цаашид төрийн албанд ажиллаж буй хүмүүсийн дипломыг шалгах хэрэгтэй гэхчлэн иргэд санал шүүмжлэлээ хэлж байна. Энэ асуудлыг та боловсролын салбарт ажиллаж байсан хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Төрийн албанд ажиллаж буй хүмүүсийн дипломыг шалгахад буруудахгүй. Хуурамч диплом яагаад олноор илэрсэн бэ гэвэл хувийн сургуультай холбоотой. Маш олон хувийн сургууль зөвшөөрөл аваад ажилладаг. Гэтэл үндсэн багш байхгүй, цагийн багш нарыг холбогдох газраас зөвшөөрөл аваад бүртгүүлээд өгчихдөг. Өөрсдийн байр байхгүй гэх мэтчилэн. Хувийн сургуулиуд бизнесийн болон бусад зорилгоор бакалаврын сургалт дуусаагүй байгаа хүмүүст диплом зарсан асуудал байх магадлалтайг Боловсролын сайд мэдэгдсэн. Энэ бол яах аргагүй боловсролын системд байгаа ухралттай зүйл. Төрийн өмчийн их дээд сургуулийг чанаржуулах ёстой. Сургуулийн магадлан итгэмжлэлийг илүү өндөржүүлэх ёстой. Элсэн ороход чанартай өндөр боловсрол олгох ёстой биш дипломыг зарж буй байдлыг арилгах ёстой. Тэгэхгүйгээр дээд боловсролын шинэчлэлийг ярих боломжгүй. Миний хувьд дээд боловсролтой холбоотой Судалгааны их сургуулийн тухай хуулийн төслийг ахалж ажиллаж байна. Бид нар дээд боловсролыг илүү чанаржуулах, хувийн магадлан итгэмжлэл, стандарт хангаагүй байдлыг цэгцлэх зэрэг дорвитой реформ хийхээр ажиллаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж