ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин нар ирэх долоо хоногт ШХАБ-ын чуулганы хүрээнд Узбекистанд уулзана. Уг чуулган Самарканд хотноо есдүгээр сарын 15-16-нд зохион байгуулагдана гэж Хятадад суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Денисов өчигдөр /2022.09.07/ хэллээ.
Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Ши дарга анх удаа гадаад айлчал хийж буй нь Узбекистан юм. Тэрбээр Узбекистанаас өмнө Казахстанд айлчлах төлөвтэй байна. Оросын хэвлэлүүд ингэж мэдээлсэн боловч бүрэн баталгаатай биш аж. Узбекистаны айлчлалын талаар Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нингээс асуухад тодорхой хариулт хэлээгүй.
Путин, Ши нар хамгийн сүүлд хоёрдугаар сард Бээжинд уулзсан. Тухайн үед хоёр улсын удирдагчид хязгааргүй түншлэлээ тунхагласан. Энэ уулзалтаас хэдхэн хоногийн дараа Оросууд Украинд довтолсон юм. Хязгааргүй түншлэл тунхаглах үед Ши дарга Путины түрэмгийллийн төлөвлөгөөг мэдэж байсан эсэх нь тодорхойгүй. Хятад улс одоогоор Украин дахь дайны асуудалд төвийг сахисан байр суурьтай байна.
Хятад, Орос хоёр сүүлийн үед гадаад бодлогоо улам бүр уялдуулж, авторитар дэглэмийг баримталж байна. Өнгөрсөн долоо хоногт хоёр улс хамтарсан цэргийн сургуулилалт хийсэн нь Орос ба өрнөдийн орнуудын харилцаа хурцадмал байгаа энэ үед Москва, Бээжингийн харилцаа ойр дотно байгааг илэрхийлсэн явдал болсон гэж “ABC news” хуудас онцоллоо. Москва, Бээжин хоёр цэргийн эвсэл байгуулж магадгүй гэсэн таамаглалыг хоёр улсаар няцаасаар ирсэн боловч хэтийн төлөвийг үгүйсгэх аргагүй аж.
Эх сурвалж: ABC NEWS