Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia 2022” чуулга уулзалт, үзэсгэлэн хоёр дахь өдрөө “Shangri La” зочид буудалд үргэлжилж байна. “Сэргэлтийг хамтдаа” уриан дор болж буй, 10 дахь удаагийн “Coal Mongolia” чуулга уулзалтын өнөөдөр (2022.09.08)-ийн хуралдаан “Нүүрс экспортлогч компаниудыг зам тээврийн бодлогоор дэмжих нь” сэдвээр эхэллээ.
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд баруун босоо тэнхлэгийн 1600 гаруй км төмөр замын төслийн концессын эрхийг төрөөс “Монголын төмөр зам” компанид олгосон. Тус компанийн Хөрөнгө оруулалтын газрын менежер А.Балдандорж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн явц, стратегийн ач холбогдлыг хэлэлцүүлэх бол Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдлыг “Монгол тээвэр нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга С.Ганболд танилцуулах юм байна. Экспортын нүүрсний тээвэрлэлтийн гол бүтээн байгуулалт болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж, байгуулсан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын өнөөгийн байдал”-ыг хэлэлцүүлнэ. “Нүүрс экспортлогч компаниудыг зам тээврийн бодлогоор дэмжих нь” сэдэвт эхний хуралдаанд “УБТЗ”-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан “Нүүрсний салбарын ачаа тээврийн өнөөгийн байдал, цаашдын хэтийн төлөв”-ийг тодорхойлох нь. Энэхүү хэсэгт Засгийн газраас хэрэгжүүлж буй боомтын сэргэлт нүүрсний салбарт хэрхэн тусгалаа олж байгааг Хилийн боомтын үндэсний зөвлөлөөс танилцуулах юм байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ДАРААГИЙН ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САЛБАР МӨН ҮҮ
Манай улсын тулгамдсан асуудлын нэг нь эрчим хүчний хүрэлцээ, хангамж. “Coal Mongolia 2022” чуулга уулзалтын хоёр дахь хуралдаан “Эрчим хүчний нүүрсний экспортын потенциал ба эрчим хүчний төслүүд” сэдвээр үргэлжлэх юм. Хөгжиж буй Монгол Улсын хувьд ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өсөн нэмэгдэх эрэлтийг хангахуйц эрчим хүчний эх үүсвэр нэн чухал болсон. Энэ хэсэгт “Эрчим хүчний нүүрсний ирээдүй-Сорилт ба боломж” сэдвээр DMT группийн Төсөл, борлуулалт хариуцсан инженер Т.Маргад танилцуулах бол “Монгол Улсын эрчим хүчний нүүрсний нөөц ба экспортын нөөц боломж” сэдвээр АМГТГ-ын Уул уурхайн хэлтсийн дарга М.Мэндбаяр хэлэлцүүлэхээр байна.
Монгол Улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173 тэрбум, нарийвчилсан хайгуулаар 37 тэрбум тонн нөөц тогтоогдсон. Үүний дийлэнх нь хүрэн нүүрс буюу эрчим хүчний нүүрс. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал болон нүүрсний цахилгаан станцын төслүүд”-ийг танилцуулах аж.
Манай улс 150 орчим тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцөөсөө жилд 7 орчим сая тонн нүүрс олборлож, дотоодын станцууддаа хэрэглэж, үлдсэн нь эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байгаа юм.
“Биг могул Фанд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батмөнх “Эрчим хүчний нүүрс дараагийн тэрбум ам.долларын салбар мөн үү” сэдвээр ээлжит илтгэлийг хэлэлцүүлэхээр байна. Манай улсын эрчим хүчний нүүрсний ордуудын илчлэг нь дунджаар 3000-4500 ккал байгаа. Энэ нь Хятадын зах зээлд өрсөлдөх боломжтой гэсэн үг. Эрчим хүчний нүүрс экспортлоход хамгийн том хүндрэл нь тээвэр. Тиймээс цахилгаан болгож, экспортлох нь илүү эдийн засгийн үр ашигтай гэж үздэг.
“Эрчим хүчний нүүрсний экспортын потенциал ба эрчим хүчний төслүүд” сэдэвт хэсэгт “Эрдэнэс Метан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Амар “Нүүрсний давхаргын метан хийн төслийн нөөц боломж, агаарын бохирдлыг бууруулах шийдэл”-ийг санал болгох юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлт”-ийн бодлогын зургаан зорилтын нэг нь эрчим хүчний сэргэлт. Тус салбарт хүлээгдэж буй олон төсөл, хөтөлбөр бий. Хөрөнгө оруулалт, нийгмийн зөвшилцөл, геополитикийн хориг саадууд ч энд урган гарч ирсэн. “Эрчим хүчний нүүрсний экспортын нөөц чадамж ба эрчим хүчний төслүүд” хэсэгт ТМК Энержи ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал В.Ганзориг “Альтернатив эрчим хүчний эх үүсвэр ба Гурвантэс XXXV талбайн боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүлэхээр байна. Монгол Улсад нүүрсний цахилгаан станц байгуулах, дотоодын хэрэглээгээ хангахаас гадна бүр экспортлох боломжтой гэж үздэг.
“УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ОРОН НУТГИЙН ӨРХИЙН АМЬЖИРГААНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ: БОДИТ ЖИШЭЭ”-Г ТАНИЛЦУУЛНА
Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia 2022” чуулганы гурав дахь хэсэг “Нүүрсний компаниудын орон нутгийн хамтын ажиллагаа ба хариуцлагатай уул уурхай” сэдвээр үргэлжилнэ. Тус хуралдаанд бүс нутгийн хөгжил, компани, орон нутгийн харилцаа, түншлэлд төвлөрнө. Эхний илтгэлийг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс “Уул уурхайн салбарын орон нутгийн өрхийн амьжиргаанд үзүүлэх нөлөө: Бодит жишээ”-г танилцуулах бол Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр Говийн бүсийн аж үйлдвэрлэлийн зураглал, “Шинэ сэргэлт”-ийн бодлогод тусгагдсан Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх боломжийг онцлох юм.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг төсвөө бүрдүүлэх, захиран зарцуулах эрх нь орон нутагт очиж байгааг тодотгож байсан. Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлт уул уурхайн салбарт багагүй өөрчлөлт, шинэ зохицуулалт авчирч буй. 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн уг хуулийг дагаж Төсвийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын (ААНОАТ) 40 хувийг аймаг, нийслэлд үлдээхээр болсон. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад өөрчлөлт орсон юм. Сангийн эх үүсвэрийг тэгшитгэн хуваарилдаг байсныг өөрчилж уул уурхайн орлогоос илүү ихийг сумд, орон нутгийн иргэд хүртэх болж байгаа.
“Нүүрсний компаниудын орон нутгийн хамтын ажиллагаа ба хариуцлагатай уул уурхай” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэгт Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал Б.Лакшми, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга О.Батболд болон дээрх итгэл хэлэлцүүлсэн төлөөллүүд оролцоно.
Холбоотой мэдээ