"АН бүхэлдээ үзэл санааны хувьд дахин шинэчлэгдэх ёстой"

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

"АН бүхэлдээ үзэл санааны хувьд дахин шинэчлэгдэх ёстой"

"АН бүхэлдээ үзэл санааны хувьд дахин шинэчлэгдэх ёстой"

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-АН сүүлийн хоёр жил тамга тэмдгийн маргаантай байна. Та АН-аас парламентад сонгогдож явсан гишүүний хувьд АН-ын дотоод асуудлыг хэрхэн харж байна вэ. АН ямар байдлаар шинэчлэгдэх ёстой юм бол?

-АН-д үүссэн асуудлыг зөвхөн улс төрийн нэг намын дотоод асуудал гэж харахгүй байгаа. Монголын ардчилал, парламентын засаглал, улс төрийн ерөнхий нөхцөл байдалтай холбож ойлгож байна. Парламентын засаглал, ардчиллын гол түшиг байх ёстой. Тиймээс парламентын засаглалаа бүрдүүлэхэд улс төрийн намууд хөгжих ёстойг ихэнх хүмүүс ярьж байна. Энэ бол зүйтэй асуудал. Гэхдээ парламент бүрдүүлж буй улс төрийн намууд өөр, өөрийн үзэл баримтлалын хүрээнд намын гишүүдийн  доторх үйл ажиллагаанаас халиад намууд дотор ашиг сонирхлын нэгдлүүд бий болчхоод байгаад хамаг асуудал байна шүү дээ. Улс төрийн нам болгон өөр намтай нэгддэг, өөр намтай ашиг сонирхлоо нэгтгэж, эргээд өөрийнхөө намын үзэл санааг үгүйсгээд байгаа үйл явц бол бидний даван туулах ёстой ардчиллын өмнө тулгарч буй бэрхшээл юм. Үүнийг яаж даван туулах вэ гэдгийг том өнцгөөс нь харж асуудалд хандмаар байна.

"С.ЭРДЭНЭ, Х.БАТТУЛГА БОЛ УЛС ТӨРД АНХ ОРЖ ИРСЭН ШИНЭ ХҮМҮҮС БИШ"

-АН-ын хоёр дарга, хоёр тамганы асуудал шийдэгдэж чадсангүй. Цаашдаа энэ байдлаар явбал АН сөрөг хүчин байж чадах уу. Нийгэмд сөрөг хүчингүй боллоо гэх шүүмжлэл байна?

-Хоёр дарга, хоёр тамга эзэмшиж буй хүмүүс улс төрд анх орж ирсэн шинэ хүмүүс ерөөсөө ч биш. Энэ хүмүүс зөвхөн жижигхэн тамга, намын дарга болохын төлөө бүтэн намаа хуваагаад улс төрийн сонгуульд амжилтгүй оролцуулж, АН-ын улс төрийг үгүй болгох хэмжээний гэнэн хүмүүс биш. Тэгэхээр энд угшсан саад, бэрхшээл бол маш гүн углуургатай. Энэ гүн углуургыг барьж чадахгүйгээр ямар ч дарга гарч ирээд асуудлыг шийдэхгүй.

-Нийгмийн зүгээс АН-ыг эвлэлдэн нэгдэж, хүчтэй сөрөг хүчин байгаасай гэдэг хүлээлттэй байгаа. Гэхдээ АН энэ байдлаараа явбал ХҮН-д орон зайгаа булаалгах юм биш үү?

-АН хүн тойрч гүйгээд шинэчлэгдэхгүй. Аль нэг нөлөө бүхий хүн дарга болчхоосой тэгвэл тэр тал нь илүү хүчтэй болоод, тэрэн дээр нь очиж наалдана гэж бодох хэрэггүй. АН өөрсдийн бодлого, үйл ажиллагааг цоо шинэ болгох хэрэгтэй. Цоо шинэ гэдэг нь өнөөгийн улс орны үндэсний аюулгүй байдал улс орны оршин тогтнох эдийн засгийн баталгааг хангах үндсэн асуудал дээрээ АН-ын зүгээс өөрийн баримтлах байр суурь, үзэл баримтлалаа тодорхой баримтлах бодлогын нэгдэл дээр АН нэгдэнэ. Энэ нь юу вэ гэвэл нам дахин шинэчлэгдэх тухай асуудлыг ярьж байна.

АН бүхэлдээ үзэл санааны хувьд дахин шинэчлэгдэж байж өнөөдрийн нөхцөлөөс гарна.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж, Засгийн газар “давхар дээл” нөмөрчихлөө. Өөрөөр хэлбэл, эрх баригчид хэмнэлт гэж ярьдаг ч Засгийн газрыг бүтцийг улам данхайлгаж байгааг шүүмжлэх хүмүүс олон байна. Үүнтэй та санал нийлэх үү?

-Ер нь нийгэм, улс төр урагшаа харж хөгжих ёстой. 2019 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гүйцэтгэх засаглал, парламентын засаглалыг өөр, өөрийн чиг үүргээр ажилладаг, өөрөөр хэлбэл парламент гүйцэтгэх засаглалаа барьцаалдаг зүйлийг үгүй болгох гэж хийсэн. Тиймээс Ерөнхий сайдад эрх өгөөд, Ерөнхий сайд танхимынхаа дийлэнх хувиа бүрдүүлж, дөрвөн парламентын гишүүнийг бодлогын яамд давхар сайд хийх боломжийг хангасан. Гуравхан жилийн дараа энэ Засгийн газар, парламент хоёр бие биедээ харилцан хяналт тэнцлийг хангах ардчилсан зарчмыг хангах механизмаас ухарч байгаа нь маш ойлгомжгүй зүйл. Энэ бол бодлогын шинэлчэл биш.

Зөвхөн энэ Засгийн газар тэсч үлдэхийн тулд Үндсэн хуульд хийсэн дэвшилттэй өөрчлөлтөөс хоёр алхам ухарсан асуудал юм.

"МӨНГӨНИЙ БОДЛОГО НЬ ТӨСВИЙНХӨӨ ТЭЛЭЛТИЙГ ГҮЙЦЭХГҮЙ ЯВБАЛ УЛС ДАМПУУРНА"

-Засгийн газраас төсвийг “хэмнэе” гээд хэмнэлтийн хууль баталсан. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр түүхэндээ байгаагүй олон сайдтай болчихлоо. Тиймээс Засгийн газар үнэхээр хэмнэлт хийж чадаж байна уу?

-Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал Монголын төрийн өмнө тулгарч буй хамгийн том хүндрэл бэрхшээл. Энэ бол улс төрийн нам хоорондын асуудал биш. Үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Өнөөдрийн асуудлыг шийдэж, эдийн засгийн хүнд нөхцөлд тэсч үлдэхийн тулд төсөв мөнгөний бодлого бүхэлдээ өөрчлөгдөх ёстойг олон улсын байгууллагууд дэлхийн бусад орнууд хэлж байна.

Энэ үед төсвөө алдагдалтай батлаад, мөнгөний бодлого нь  төсвийнхөө тэлэлтийг гүйцэхгүй явбал улс дампуурна, сүйрнэ. Тиймээс бодлогын өөрчлөлт “ресет” хийхийн тулд Засгийн газар  УИХ уялдаатай ажиллах хэрэгтэй. Тэр тусмаа төв банкны мөнгөний бодлого Засгийн газрын хэрэглээ зардалтайгаа зөв уялдахгүй бол инфляци өссөөр байх болно.

Төв банк бодлогын хүүгээ нэмэхээс өөр аргагүй болно. Үүнийг дагаад хувийн секторын орон зай байхгүй болно. Энэ цаг үед хэмнэлтийг хэлбэр талаас нь битгий хийгээсэй. Таван сайдын орон тоог хэмнэснээр 2,3 тэрбумын хэмнэлт хийсэн дүр эсгэсэн хэмнэлтийг битгий хийгээсэй. 2023 оны төсвөө яаж батлахаа энэ Засгийн газар, нийгмийн өмнө тулгарч буй асуудлыг шийдэх гарцаа зөв олж чадаж байна уу үгүй юу гэдэг нь харагдана гэж бодож байна.

-Засгийн газрын зүгээс эдийн засгийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээнд ямар дүн тавих вэ. Бодит байдал дээр гадуур ам.доллар хомсдож, арилжааны банкууд зээл олгохгүйн улмаас иргэд, аж ахуй нэгжүүд хүндхэн байдалд байна?

Урд хөрштэй экспортын орлого зогсонги, төлбөрийн тэнцэл хасах, валютын хомсдолтой байгаа энэ үед маш ухаалаг нүүдэл хийж, төр засаг хоёр, гуравдагч хөрш орнуудтай харьцах бодлого баримтлах хэрэгтэй. Мэргэжлийн хүний хувьд ч, сөрөг хүчний намын гишүүний хувьд шүүмжлэх зүйл их байна. Төсөв дээр өнгөрсөн цар тахлын үед иргэдийн хэрэглээг дэмжих гэсэн их мөнгө үр дүнгээ өгсөн үү. Бодит байдалд инфляцид хэдэн хувь нөлөөлөв гэдгийг олж хармаар байна.

Инфляци өсч буй бүх бурууг зөвхөн импортын бараагаар дамжиж ирж буй инфляци гэж тайлбарлан,  хуураад байх нь зохимжгүй.

Яагаад гэвэл бодитоор бидний тараасан мөнгөний сөрөг эффект хэд байгааг зөв үнэлж байж одоо батлах гэж буй төсөвтөө үүнийг анхаарч, төсвийн зардлаа хэмнэх тал дээр шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байгаа юу?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг төдийлөн дэмжихгүй байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчллтийг 2019 онд хийсэн. Одоогийн ярьж буй асуудлаас зөвхөн пропорциналь тогтолцоог заавал Үндсэн хуульд гар хүрэхгүй сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулаад шийдвэрлэх боломжтой болчихсон. Саяны оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд шүүмжлэлтэй байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж