ЦУВРАЛ-1
1990 оны анхны ардчилсан сонгуулийн дүнд байгуулагдсан Засгийн газраас хойш бид 17 дахь засгийн нүүрийг үзэв.
- 1990-1992. Д.Бямбасүрэнгийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар (МАН байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хуралд 60 хувийн суудалтай байсан ч 40 хувийн суудалтай Ардчилсан хүчний төлөөллийг оруулсан).
- 1992-1996. П.Жасрай (УИХ-ын анхны сонгуулийн дүн – МАН – 70, АН – 6 суудал)
- 1996-1998. М.Энхсайхан (АН -50, МАН – 25, МУНН – 1)
- 1998. Ц.Элбэгдорж
- 1999. Ж.Наранцацралт
- 2000. Р.Амаржаргал
- 2000-2004. Н.Энхбаяр (МАН -72, АН – 1, ИЗНН – 1, МАШСН – 1)
- 2004-2006. Ц.Элбэгдорж (хамтарсан МАН – 38, АН тэргүүтэй эвсэл -38)
- 2006-2008. М.Энхболд (хамтарсан АН тэргүүтэй эвсэл задарсан)
- 2008-2010. С.Баяр (хамтарсан МАН – 45, АН – 28)
- 2010-2012. С.Батболд (хамтарсан)
- 2012-2014. Н.Алтанхуяг (хамтарсан АН – 35, МАН – 26, МАХН -10, ИЗНН – 2. АН эхэндээ МАХН-тай эвсэл болж засгаа байгуулсан ба 2014 онд задарсан)
- 2014-2016. Ч.Сайханбилэг (хамтарсан АН МАН-тай эвсэл байгуулж засгаа бүрдүүлсэн)
- 2016-2017. Ж.Эрдэнэбат (65 суудал авсан МАН бүлэглэлүүдэд хуваагдаж Засгийн газраа сольсон)
- 2017-2019. У.Хүрэлсүх (Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэлдэхүүнээрээ өөрсдөө огцорсон)
- 2020 оноос Л.Оюун-Эрдэнэ
Энд хамгийн сайн эсхүл үр дүн муутай ажилласан Засгийн газар хэмээн дүгнэх нь илүүц. Учир нь сонгуулиар дүнгээ тавиулдаг жамтай. Жишээ нь, Ардчилсан нам 1996-2000 оны хугацаанд 4 засгийн нүүр үзсэн хэдий ч “муу” дүн аваагүй, 2000 оны сонгуулиар сонгогчдын 24 хувийн санал авсан. Гэвч энд бас л монголын парадокс гэлтэй зүйл ажиглагдана. Энэ бол ганцхан суудал УИХ-д авсан. Тэгэхээр сонгуулиар сонгогчдын саналаас зөрүүтэй УИХ-ын суудлын хуваарилалт болдог гажгийг засах тухай улс төрийн намууд сонгуулиас сонгуульд хэлэлцэж, тэр хэрээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх тухай ярих авч байдал үл өөрчлөгдөн 2024 оны сонгуультай золгох нь.
Сонгуулийн тогтолцоог үзье.
- 1992 оноос хойш УИХ-ын сонгууль 8 удаа болсоноос:
- 3 удаа мажоритар жижигрүүлсэн 76 тойргооp,
- 4 удаа олон мандаттай томсгосон 26 тойргоор,
- 1 удаа 48 тойрог мажоритар, 28 нь намын нэрсийн жагсаалтаар буюу мажоритар, хувь тэнцүүлсэн системийн холимог хувилбараар явуулжээ.
8 удаагийн сонгуулийн дүнг харахад хамгийн багадаа 5 хамгийн ихдээ 17 улс төрийн нам, дунджаар 3 эвсэл сонгуульд оролцжээ. Олон нам сонгуульд орох бүрд сонгогчдын санал эдгээр намд тарамдаж сонгуулийн дүн нэг нам – МАН-д үнэмлэхүй олонхи болох суудлын хуваарилалт авчирч ирсэн дүр зураг харагддаг.
Тухайлбал,
- 1992-70
- 2000 – 72
- 2016 – 65
- 2020 – 62
Гэтэл тус намд өгсөн сонгогчдын санал 35 хувиас хамгийн их нь 57 хувь л байна. Үүнтэй холбоотой сонгууль шударга болсон эсэхэд эргэлзэх, УИХ-ын легитим шинж буюу хууль ёсны шинж алдагдах зэргээр 30 гаруй жилийн хугацаанд төлөөллийн ардчилалд итгэх итгэл буурсан нь сонгогчдын оролцооны ирц илт буурч буйгаар нотлогдоно. Мөн сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал сонгууль бүрийн өмнө хурц тавигддаг. Тиймээс Үндсэн хуульдаа нэг мөр тусгаад ямар ч нам засгийн эрхэнд гарсан сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй байх хэмжээнд яригдсан.
Үүнд Улс төрийн намууд ихээхэн идэвхтэй оролцож байна. Арга ч үгүй. Улс төрийн намууд институцийн хувьд оршин тогтнох цор ганц хэлбэр нь сонгууль. Тэгэхээр бид сонгуулийн тогтолцооны шинэчлэл, түүнийг төгөлдөржүүлэх арга гэхээс илүү улс төрийн намын тухай ярих шаардлагатай.
МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ОРОН ЗАЙ ХЭР БАГТААМЖТАЙ ВЭ?
8 удаагийн сонгуулийн дүнд судалгаа хийвэл МАН ба АН гэсэн хоёр том намын тогтолцоо нэгэнт бий болсон гэдэг нь тодорхой харагдана. Энэ хоёр нам 1992 оноос хойшхи бүх сонгуульд нийлээд сонгогчдын 82-оос 93 хувь хүртэл авч байсан. Тэгэхээр 3 дахь намын орон зай байгаа юу. Энэ асуулт анх 2000 оны сонгуулиар ИЗН, МАШСН гэсэн хоёр шинэ нам тус бүр 1 суудал авснаар тавигдсан гэж хэлж болно.
Хэдий тус сонгуулиас хойш жижиг намууд 1-2 хувь л авахаас хэтрэхгүй, харин тодорхой улс төрийн намуудын лидерүүд, тухайлбал, С.Оюун, Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нар сонгогдож байсан ч гурав дахь намын асуудал хэзээ ч институцийн хувьд бэхжээгүй.
Жишээ нь, дээр дурьдсанчлан АН-ын хувьд 2000 онд ганцхан суудал авсан хэдий ч сонгогчдын 24 хувийн санал авч байжээ. Харин 2012 онд л холимог системээр сонгууль хийх үед МАХН 17 хувь, дараа нь 2016, 2020 онд 8 гаруй хувь тус тус авч байсан нь гуравдахь хүчний дээд амжилт байсан. 2020 оны сонгуулиар “Зөв хүн электорат” 5.2 “Шинэ эвсэл” 5.4 хувийн санал авчээ.
Хоёр том намын тогтолцоо сүүлийн 30 жил бүрдсэн боловч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойшхи АН дотор болж буй үйл явц гуравдахь хүчний асуудлыг зохиомлоор гаргаж тавих нөхцлийг бүрдүүлж байна. Энд ардчиллын лидерүүдтэй холбоотой давалгаалсан баривчилгаа, засгийн эрх барих үеийн бодлогын шинжтэй авсан бүхий л арга хэмжээг харлуулах үзэл суртлын тархи угаалт, тус намын “хууччуул” “шинэ үеийхэн” -ий хоорондох “тэмцэл” гэх домог зэргийг дурьдахад хангалттай. Эл байдал удаан үргэлжлэх аваас хоёр хувилбартай улс төрийн драма өрнөх нь гарцаагүй. Нэгд, хоёр хөрштэй адил (Оросын Нэгдмэл Нам мөн Хятадын Коммунист Нам) нэг эрх баригч төржсөн нам ба билэгдлийн бусад жижиг нам. Хоёрдахь хувилбар нь АН үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдэж чадвал (АН “нэгдэж чадвал” гэсэн нь энэ намын эсрэг үзэл суртлын бүх зэвсэг, асар их хөрөнгө хүч зарцуулж байгаа нь ч илт. Эрх мэдэл, мөнгөний ид шидийн эсрэг зогсож чадаж буй АН-ын удирдлага, гишүүд ч тодорхой болсон) хэт хуучинсаг хүчин болохоо нэгэнт харуулсан МАН-ыг улс төрийн тавцангаас шахах боломж гарч ирж байна.
Энэ нь хоёр жил үргэлжилсэн дэлхийн цар тахлын уршигтай нөхцөл байдал мөн Орос, Украины дайнаас улбаатай дахин хоёр жил үргэлжлэх төлөв рүү орсоннийгэм, эдийн засгийн хүнд хэцүү сорилтууд бидэнд улам бүр мэдрэгдсээр. Ийм нөхцөлд эрх баригчид суудлаа хэвээр хадгалж чадна гэсэн итгэл үнэмшил улам бүр алдарч байна.
АН-ын хагарал, лидерүүдийг нь “демонизаци” буюу махчилваас “мангас” болтол нэр хүндэд нь халдсан, эрх мэдлийн төлөө улайрсан тус намын гишүүдийг ил тод ашиглаж буй нь саяхан улс төрд өрнөсөн “давхар дээл”–ний явдал бэлхнээ харуулж байна.Үндсэн хуулинд эрээ цээргүй гар хүрч, АН-аас нэр дэвшиж сонгогдсон 6 гишүүн түүнд гар бие оролцсон нь АН УИХ-д бүлгээ хүртэл татахад хүргэсэн. Ингэхээс өөрцгүй.
Үндсэндээ танхимын бараг гуравны хоёр нь шинэчлэгдсэн бөгөөд УИХ-ын чуулган эхлэх үед АН-ын төлөөллийг засагт оруулах тухай яриа улс төрийн хүрээнд дэлдэж албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй болсон хэсэг нөхөд АН-ын нэр хүндийг улдаа гишгэлээ.
Эргээд нийтлэлийн эхэнд дурьдагдсан 17 засгийн газраа харья. Хамтарсан Засгийн газрууд бүгд сонгуулийн дүнгээс хамаарч байгуулагдсан бол гагцхүү С.Баярын үед сонгуулийн дүнгээс үл хамаарсан нь бий. Учир шалтгаан, нөлөөлсөн нөхцөл байдал 7 сарын 1-ний үйл явдал, Олимпийн анхны аварга төрж, саяхан тэмцэл өрнөж, эрдэнэт хүний амь нас үрэгдсэн цуст газраа монголчууд бүгд эвлэлдэн нэгдэж “Халуун элгэн нутаг”-аа дуулж байсан зэрэг сэтгэл хөдлөлийн хүчин зүйлээс эхлээд, үндэстэн дамнасан дэлхийн зиндааны хөрөнгө оруулагчид Монголд орж ирж байсан зэрэг эдийн засгийн амин чухал хүчин зүйлс нөлөөлсөн нь гарцаагүй бизээ. Томоор сэтгэж, геополитикийн шатрын хөлгийн нүүдлийг илүү харж чадсан С.Баяр, Н.Энхбаяр зэрэг МАН-ын тэр үеийн удирдлагууд, АН–ыг хүлээж авч хамтарч чадсан явдлыг хүндэтгэхээс өөрцгүй.
Харин одоогийн давжаа улс төрчдөөс юу хүлээх вэ. Мэдлэг, боловсрол, туршлага, чадавхи, сэтгэлгээний цар хүрээ гээд дуусашгүй дутагдлууд цуварсаар…
Гэвч дээр дурьдсан дутагдлууд “бага хэрэг” болов. Төрийн дээр нам заларчихлаа. Татвар төлөгч бидний мөнгөөр намынхаа сонгуулийг хийх гэж төрийн сайд болсноо хээв нэг зарлаад сууж буй МАН-ын ЕНБД-ыг яах ёстой вэ?
1992 онд Үндсэн хуулийг боловсруулж батлах үед 70 жил нэг намын дарангуйллаас ангижирч байсан цаг үе байсан тул хууль тогтоогчид нам, төрийн ажлыг зааглах үүднээс “нам” гэдэг үгийг хүртэл Үндсэн хуульдаа хэрэглэхээс зайлсхийж байсан.
Одоо Үндсэн хуулийг дурьдах ч хэцүү болжээ. Хуульгүй нийгэм. Намаар дамжиж хөрөнгөжих, цүнх барьж дарга болох хийрхэл улам бүр газар авсаар…
Монголчууд бид хувь заяаныхаа эзэн, туурга тусгаар улсын эрх чөлөөт иргэн юм бол намчирхсан төр, төржсөн намыг халах цаг нь болжээ.
БАНЗРАГЧИЙН ДЭЛГЭРМАА
Холбоотой мэдээ