Монгол Улсын эдийн засагт хямрал нүүрлэсэн хэвээр байна. Шийдвэр гаргах түвшинд оновчтой бодлого баримтлаагүйн улмаас өнөөдөр 14 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, хаалгаа барихад хүрч, хүсэлтээ өгчээ. Covid-19 цар тахлын удаа дараагийн хөл хорио, хязгаарлалтууд, Засгийн Газар, Улсын онцгой комиссын гэнэтийн шийдвэрүүдийн сөрөг үр дагавар өнөөдөр амьдралд бодитоор нүүрлэж байна. Түүний дээр тээвэр логистикийн ба хилийн боомтуудын хүндрэл, түүхий эд бараа материалын хомсдол, тасалдал гээд хүндхэн нөхцөл байдалд аж ахуйн нэгжүүд эрвийх дэрвийхээрээ хичээж, нэг ч гэсэн гэр бүлийг хоол ундгүй, ажилгүй орлогогүй болгохгүйг чармайн, улсын нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулан "гүрийсээр" өнөөдрийг хүрсэн.
Засгийн газрын хамгийн оновчгүй шийдвэр нь татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн банкны харилцах дансыг битүүмжлэх, татварын өрийн асуудлаар аж ахуйн нэгжүүдийг шүүхэд өгөх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн явдал. Энэ нь цар тахлын үеийн хүндрэлээс гарч амжаагүй аж ахуйн нэгжүүдийн хувьд маш том дарамт болж, тэдгээрийн эргэн сэргэлтийг боомилсон, бодлогогүй, цаг үеэ олоогүй алхам болсон нь одоо улам тодорхой болж байна.
ОХУ, Украины хоорондын асуудлаас шалтгаалан дэлхийн улс орнуудын авч буй эдийн засгийн арга хэмжээнүүд, тэдгээрт үзүүлж буй ОХУ-ын хариу үйлдлүүд болон БНХАУ-ын ковидын халдварын “тэг” бодлогын нөлөө ч туссаныг үгүйсгэх аргагүй. Энэ мэт гадаад хүчин зүйлээс шалтгаалж, Монгол Улсын эдийн засагт гадаад валютын хомсдол, төгрөгийн ханшийн огцом сулрал, инфляцийн өсөлт, төлбөр тооцооны хүндрэл гэсэн олон сөрөг асуудлыг араасаа дагуулсан. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн эргэн хөл дээрээ зогсох үйл явцыг ч мөн тодорхойгүй хугацаагаар үгүй хийсэн. Эдийн засгийн хүндрэлээс гарах нэг гол гарц нь аж ахуйн нэгжүүд болон иргэдэд бизнесийн үйл ажиллагаа явуулахад нь аль болох саад учруулахгүй байх, үйл ажиллагаа явуулах эрхийг бүх талаас нээж өгөх явдал байв. Цар тахал эхэлснээс хойш аж ахуйн нэгжүүдээ балбасаар байгаад "бодийг нь хөтөлж" буй нь үнэхээр харамсалтай.
Өнгөрсөн 2021 оны тооллогын дүнгээр, аж ахуйн нэгж байгууллагын тоо 180 мянгад хүрч, 2016 оны дүнгээс 61.3 мянга (51.7 хувь)-аар нэмэгджээ. Үүнээс аж ахуйн нэгжийн тоо 151.6 мянга болж, өмнөх оны тооллогоос 50.1 мянгаар нэмэгдсэн байна. Мөн 151.6 мянган аж ахуйн нэгжийн 56.8 мянга буюу 37.5 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа бол 94.7 мянга нь үйл ажиллагаагаа тодорхой шалтгааны улмаас явуулаагүй ажээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр, цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн 70.5 хувьд нь үйл ажиллагааны хүндрэл учирсан байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд тулгарсан гол хүндрэл гэвэл санхүүгийн байдал хүндэрсэн, үйлчлүүлэгчдийн тоо эрс буурсан зэрэг асуудал жин дарж буй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, өнгөрсөн онд орлого нь 50-аас дээш хувиар буурсан ААН 66.2 хувь, 41-50 хувиар буурсан ААН 9.6 хувь, 31-40 хувиар буурсан ААН 8.5 хувь, 21-30 хувиар буурсан ААН 8.3 хувь, 11-20 хувиар буурсан ААН 4 хувь, 10 хүртэл хувиар буурсан ААН 3.4 хувийг тус тус эзэлжээ.
14 мянга гэдэг бага тоо биш. Нэг аж ахуйн нэгжид ажиллаж буй хүний тоо хэд билээ, тэдний ард гэр бүл, үр хүүхэд гээд хэчнээн хүний амьдрал яригдах билээ. Тиймээс дээсэн дөрөөн дээр буй аж ахуйн нэгжүүдээ аврах гарц бий юу гэвэл бий. Бүх зүйлд шийдэл байдаг.
Одоо Засгийн газар санхүүгийн хүнд байдалд орсны улмаас татвар төлөх үүргээ биелүүлж чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдээ үйл ажиллагааны төрөл, үйл ажиллагааны хязгаарлагдсан байдал, аж ахуйн нэгжийн хэмжээнээс хамааруулан татварын хөнгөлөлт үзүүлэхэд болохгүй гэх газаргүй. Түүнээс гадна татвар төлөх хугацааг сунгах, татварыг тодорхой хуваариар хувааж төлөх боломж олгох, нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай. Хамгийн том гарцуудын нэг нь хөнгөлөлттэй эх үүсвэрийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм.