"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр 2022 оны есдүгээр сарын 07-ны байдлаар махны жижиглэнгийн үнэ буураагүй байна. Махны үнэ ханш жил бүрийн өдийд тогтворждог ч хил гаалийн асуудал, мөн малын шүлхий өвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ нь өссөөр буй юм. Хэдийгээр энэ жил нөөцийн мах хангалттай олон тонн гарч Засгийн газраас махны үнийг тогтвортой байлгахад анхаарна гэдгийг мэдэгдсэн ч зах, худалдааны төвүүдэд махны үнэ өссөн хэвээр байна. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 13500-15500 төгрөг, хонь болон ямааны мах 9100-10500 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа бөгөөд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа тухай мэдээлсэн. Мөн МХЕГ махны үйлдвэрүүдэд онцгой анхаарч ажиллаж байгаа. Гэсэн ч махны үнэ зунаас хойш огт буураагүй хэвээр байна.
Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 100-115 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа аж. Харин ямааны арьс өлөнтэйгөө 30-36 мянган төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 1000 төгрөг, хонины ноос кг нь 1000-1500 төгрөг, үхрийн шир ширхэг нь 5000-6000 мянган төгрөг, бухын шир 12 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 9000 төгрөгийн үнэ ханштай байна.
"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:
- Үхрийн ястай мах кг 11000-12500 төгрөг, цул нь 13000-15500 төгрөг,
- Ямааны ястай мах кг 8100-8500 төгрөг, цул нь 9000-9500 төгрөг,
- Хонины ястай мах кг нь 9000-9500 төгрөг, цул мах нь 9500-10000 төгрөг,
- Адууны мах 8300-8700 төгрөгийн ханштай байна.
Харин худалдаачдын малчдаас авч буй махны ханш 5000-7800 төгрөг байна.
Холбоотой мэдээ