Сайжруулсан шахмал түлшийг энэ сарын 15-наас борлуулж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

Сайжруулсан шахмал түлшийг энэ сарын 15-наас борлуулж эхэлнэ

Сайжруулсан шахмал түлшийг энэ сарын 15-наас борлуулж эхэлнэ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан өнөөдөр (2022.09.07) боллоо. Тус хуралдаан дээр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулсан юм.

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан энэ оны долдугаар сарын 1-ний өдрийн удирдамжийн дагуу “Сайжруулсан шахмал түлш нөөцлөх, агуулах, сонгон шалгаруулах Ажлын хэсэг” байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар 95 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн.

Тодруулбал, Баянзүрх дүүрэгт есөн агуулахад 13 мянган тонн, Сонгинохайрхан дүүрэгт 11 агуулахад 26 мянган тонн, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр дөрвөн агуулахад 11 мянган тонн, Баянгол дүүрэгт дөрвөн агуулахад долоон мянган тонн, Хан-Уул дүүрэгт зургаан агуулахад 13 мянган тонн, Налайх дүүрэгт дөрвөн агуулахад 4165 тонн, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт 7436 тонн түлш нөөцлөөд байна” гэлээ.

2020 онд 22 тээврийн компани, 2021 онд 35 тээврийн компанийг сонгон шалгаруулсан бол энэ онд 31 тээврийн компани сонгон шалгаруулж, гэрээ байгуулжээ. Харин 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн агаарын чанарын бүсэд сайжруулсан түлшний 650 цэгийг сонгон шалгаруулахаар төлөвлөсөн байна. Ийнхүү энэ оны есдүгээр сарын 15-наас эхлэн шаардлага хангасан борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл хангаад байгаа аж.

Цар тахлын үед сайжруулсан шахмал түлшийг 50-75 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр борлуулж байсан. Нэг шуудай түлшний үнэ 3875 төгрөг байдаг. Энэ үнийг энэ жил хямдруулах эсэх шийдвэрийг Засгийн газар гаргах юм. Харин гэр хорооллын өндөрлөг байршлуудад борлуулалтын цэг ажиллуулах бөгөөд энэ жилдээ 650 цэг хүрэлцээтэй гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргажээ. Шаардлагатай тохиолдолд борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх боломжтойг албаныхан онцолж байв.

Энэ жилээс агаарын чанарын бүсэд Налайх дүүрэг орж байгаа бөгөөд сайжруулсан шахмал түлшийг анх удаа хэрэглэж эхлэх юм. Налайх дүүргийн нийт хүн амын 70 хувь буюу 7691 өрх гэр хороололд амьдардаг байна. БОАЖЯ-нд нээлттэй тендер зарлан, тус 7691 өрхөд угаарын хий мэдрэгч тараах бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Хотын орлогч дарга мэдээллээ.

Б.УНДРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж