Хойд Солонгосоос Өмнөд рүү дүрвэж, нөлөөлөгч болсон залуус олон бий. Тэдний нэг үзэсгэлэнт Кан Нараг NEWS агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.
Кан Нарагийн гэр бүл гэх мэт хувийн мэдээлэл төдийлөн нийтэд ил бус аж. Тэр 1997 оны долдугаар сард төрсөн бөгөөд 159 см өндөртэй. Кан Нара 2014 онд Хятад болон Хойд Солонгосыг холбосон аюултай голыг гаталж, эх орноосоо дүрвэжээ. Тэр сэлж чаддаггүй байсан ч Ялу голын урсгал дагаж, живэх шахан урссаар амьд гарч чаджээ. Түүнийг оргоход тусалсан зуучлагч нь Хятад руу хууль бусаар оруулж ирсэн. Хойд Солонгосын эрх баригчид болон зугтахыг завдсан эмэгтэйчүүдийг барьдаг хүний наймаачдын гарт түүнийг оруулахгүйн тулд ээж нь багагүй мөнгө төлсөн гэдэг. Ээж нь түүнээс хоёр жилийн өмнө эх орноосоо дүрвэсэн аж. Ээжтэйгээ уулзах, эрх чөлөөнд хүрэх зам амаргүй урт байв.
Тэр Хятад, Мьянмар, Тайланд гэсэн гурван улсаар дамжиж байж Өмнөд Солонгост сая хүрсэн түүхтэй. Өдгөө Кан Нара ээжтэйгээ хамт гурван өрөө жижигхэн байранд амьдардаг.
ЦАХИМ ЕРТӨНЦӨД ХӨЛ ТАВЬСАН НЬ
Хойд Солонгост өсч том болсон Кан Нара амьдралдаа интернет ашиглаж үзээгүй байв. Умардад ухаалаг утас ашиглахыг цөөн тооны хүнд зөвшөөрсөн ч зөвхөн хатуу хязгаарлалттай дотоод сүлжээнд л нэвтрэх боломжтой байдаг. “Youtube”, “Instagram”, “Google” зэрэг нь тэдний хувьд бүхэлдээ харь гаригийн ойлголт байв.
Гэтэл өнөөдөр Кан Нара 351 мянга гаруй дагагчтай “Youtube”-ийн од болжээ. Түүний хамгийн алдартай бичлэгүүдийг сая сая хүн үзсэн байдаг. Тухайлбал “Өмнөдөд хүлээн зөвшөөрч болох ч Умардад болохгүй зүйл”, “Хойд Солонгосын дүрвэгсдэд заавал байх ёстой зүйлс”, “Зөвхөн Хойд Солонгост л байдаг цочирдмоор 10 хууль”, “Хойд Солонгосоос оргоход хэр их зардалтай вэ?” гэх мэт олон сая үзэлттэй бичлэгүүд бий.
Түүнчлэн, хоёр Солонгосын ялгааг хөгжилтэй байдлаар харуулсан бичлэгүүд ч бий. “Хойд Солонгост хэрвээ та том хөхтэй бол мууд тооцогдоно” гэж тэр хэлж байв. Өмнөд Солонгост ирээд тэр хөхний суулгац, өргөгчтэй хөхний даруулга зэргийг хараад гайхсанаа дурсчээ.
130 мянга гаруй дагагчтай инстаграм хаягаараа дамжуулж тэр “Chanel”, “Puma” зэрэг томоохон брэндтэй хамтарч ажилладаг. Тэгвэл Кан Нарагийн фэйсбүүк хуудас 7400 дагагчтай.
Умардаас Өмнөд рүү дүрвэснийхээ дараа “Youtube” гэх мэт олон нийтийн сүлжээнд нөлөөлөгч болсон залуус олон бий. Сүүлийн 10 жилийн хугацаанд Кан Наратай ижил замналаар явж буй дүрвэгсдийн тоо олширсоор л байна. Тэдний бичлэгээс Хойд Солонгосчуудын иддэг хоол, хэрэглэдэг үг хэллэг, өдөр тутмын хэвшмэл зан үйл гэх мэтийг үзэж, харах боломжтой. Зарим нь Хойд Солонгосын гадаад харилцаа, улс төр гэх мэт илүү нухацтай сэдвээр контентоо хөгжүүлдэг бол зарим нь урлаг соёл, зугаа цэнгэл гэх мэт өөр төрлөөр хөгжүүлж байна.
ХОЙД СОЛОНГОСЧУУД ЭВЭРТЭЙ ТУУЛАЙ БИШ
Тэр Сөүлийн урлагийн сургуулийг төгсчээ. “Би анх удаа камерын өмнө зогсохдоо айж байсан. Харин одоо бол хөгжилтэй байна. Миний оролцдог нэвтрүүлгүүдийг Хойд Солонгост төсөөлөхийн аргагүй. Зурагтаар өөрийгөө харах үнэхээр гайхалтай” гэж Кан ярив. Нэгэн нэвтрүүлгийн үеэр хөтлөгч түүнээс “Хойд Солонгосчууд наранд их ажилладаг атлаа яаж ийм өөгүй царайтай байна?” гэж асуусан. Харин Кан хариуд нь өөрийгөө баян чинээлэг гэр бүлээс гаралтай гэж хэлжээ. “Тэгвэл Өмнөд Солонгост ирээд ядуу болсон уу, баян байсан юм бол яагаад тэндээс зугтсан юм бэ” гэсэн асуултад “Идэх хоолгүй болохоороо л бид дүрвэсэн гэсэн үг биш. Дүрвэгч болгон өөр өөрийн шалтгаантай” гэж тэр хариулсан юм. Кан Нарагийн ээж эх орондоо байхдаа төрөөс ивээн тэтгэдэг урлагийн арга хэмжээнүүдэд дуулдаг байжээ.
Кан Нара эх орныхоо талаар тэгтлээ муу хэлээд байдаггүй аж. Түүний бичлэгүүдийг харахад Хойд Солонгосын тухай буруу ойлголтуудыг засч залруулсан байх нь олонтоо. “Хойд Солонгосын дэглэм муу болохоос ард түмэн нь биш. Анх Өмнөдөд ирээд сургуульд ороход ангийнхан маань намайг Умардаас ирсэн ч өөрсөдтэй нь яг адилхан харагдаж байна гэж хэлсэн. Бид өөр харагдах ёстой юм уу гэж би асуусан” гэж Кан хэлжээ. Өмнөд Солонгосын сургуулиудад Хойд Солонгосчуудыг бараг л эвэртэй туулай мэтээр ойлгуулсан байдаг гэж Кан хэлсэн юм. Кан Нара “Youtube” бичлэгүүдээрээ дамжуулж бусдын мэддэггүй Хойд Солонгосыг таниулахыг оролддог.
Тэр Өмнөд Солонгост ирэхээсээ өмнө олон ангит савангийн дуурь үзэж байжээ. Тэгээд эрх чөлөөг хүссэн гэдгээ хэлсэн. Хоёр Солонгосын хилийн хамгаалалт чанга хэдий ч Өмнөдийн соёл аль нэг сиймхийгээр нь нэвтэрсээр л байна. Умардын залуус хилээр хууль бусаар оруулж ирсэн “SD” картаар дамжуулан Өмнөдийн бичлэгүүдийг үздэг аж.
Сөүлийн Нэгдлийн яамнаас мэдээлснээр 1998 оноос хойш 33 мянга гаруй хүн Хойд Солонгосоос Өмнөд рүү дүрвэжээ. 2009 онд оргилдоо хүрсэн буюу 2914 хүн дүрвэсэн байна. Дүрвэгсдийн хувьд Өмнөдийн өрсөлдөөнтэй зах зээлд хөлөө олоход тун хэцүү байдаг. Тус яамнаас мэдээлснээр 2020 онд дүрвэгсдийн 9.4 хувь нь эрхэлсэн ажилгүй байжээ.
Кан Нара хүний наймаанд өртөх, баригдаж нутаг буцах, эрүүдэн шүүлгэх, шоронд хоригдох, тэр бүү хэл үхэж ч магадгүй хүнд нөхцлийг даван туулж Өмнөд Солонгост ирсэн юм. Гэхдээ тэр сургуульд элссэн нь түүний хувьд эргэлтийн цэг болсон аж. Улмаар телевизийн шоунд орсноос хойш амьдрал нь орвонгоороо өөрчлөгдсөн гэхэд болно. Олон нийт Хойд Солонгосыг сонирхох нь их байсан тул үүн дээр үндэслэн “Defector TV” нэртэй шинэ суваг 2010-аад онд байгуулагджээ. Энэ суваг дүрвэгчдийг урьж ярилцан, туршлага хуваалцдаг байна. Тус сувгийн хамгийн алдартай хоёр шоунд Кан Нара хоёуланд нь оролцжээ. Энэ үеэс хойш тэр “Youtube” суваг нээх талаар бодож эхэлсэн гэдэг. Тэр өөрийн “Youtube” сувгаа 2017 онд нээсэн.
Дэлхийн хамгийн тусгаарлагдмал улсаас зугтаж, хамгийн дэвшилтэт технологи, дижитал сүлжээнд холбогдсон тэр залууст эрх чөлөөний мэдрэмж, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх мэдрэмж төрдөг нь гарцаагүй биз ээ.
Эх сурвалж: CNN, CBC
Холбоотой мэдээ