БАЙР СУУРЬ: 76 гишүүн хүн амын төлөөллийг хангаж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: 76 гишүүн хүн амын төлөөллийг хангаж чадахгүй байна

БАЙР СУУРЬ: 76 гишүүн хүн амын төлөөллийг хангаж чадахгүй байна

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, орчин цагийн парламент үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан “Эмэгтэй Парламентчдын анхдугаар чуулган” төрийн ордонд өнөөдөр (2022.09.07) боллоо. Энэ үеэр сонгуулийн тогтолцоог өөрчлөх гишүүдийн тоог нэмэх асуудлаар эмэгтэй парламентчдын байр суурийг сонирхлоо.


УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ:

-Улс төр судлалын эрдэмтэн байсан учраас олон жил Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар бодлогын зөвлөмж өгч, УИХ-д зөвлөж ирсэн. Судалгаанаас үзэхэд, ард иргэдийн төлөөлөх чадвар маш чухал байдаг. Тэр дундаа өргөн уудам нутагтай Монгол Улсын хувьд зах хязгаар нутагт хүн амын суурьшил сийрэг учраас аюулгүй байдлын хувьд парламент газар нутаг, хүн амаа төлөөлөх ёстой. Тиймээс хүн амын төлөөлөл ямар байх вэ гэдгийг судалгаанд үндэслэж шийдэх ёстой. Хүн амын төлөөллийг жигд хангах ёстой.

Өнөөдөр байгаа 76 гишүүн хүн амын төлөөллийг хангаж чадахгүй байна. Жишээлбэл, УИХ дахь нийслэлийн гишүүд 100-150 мянган хүн амыг төлөөлж байна. Хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд 50 мянган хүнийг төлөөлж байна. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог хүн амын өсөлтийг харгалзан хийх ёстой. Олон улсын туршлагаас харахад, Монгол шиг хүн амтай улс орнууд 100 давсан гишүүнтэй байна. Судлаачид манай улсын парламентын гишүүдийн тоо 140- 150 байвал зохистойг томъёолсон байна лээ. Үүнтэй санал нэг байна.

Хаврын чуулганаар бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар тойрогтоо ажиллаж, иргэдийн байр суурийг сонссон. Гишүүдийн тоог нэмэх асуудлаар иргэд эхэндээ шүүмжилж, эдийн засгийн үрэлгэн зардал хэмээн хүлээн авч байсан. Гэхдээ парламентын дархлаа, Монголын ардчиллыг хангах үүднээс хэлж тайлбарлахад хүмүүс ойлгож их дэмжиж байна.

УИХ-ын гишүүн А.АДЪЯАСҮРЭН:

-Нам, намын мөрийн хөтөлбөр өөр байгаа шүү дээ. Эмэгтэй гишүүдийн квотыг зарим нам нь 30 хувь, 20 хувиар тогтоосон байгаа боловч УИХ, хууль тогтоох байгууллагад сонгогдож байгаа эмэгтэйчүүдийн тоо бол хамгийн ихдээ сүүлийн хоёр парламентад 17.3 хувьтай байна. Эмэгтэй квот тогтоосон хэмжээнд хүрч чадахгүй байна. Аль болох эмэгтэйчүүд шат шатандаа олноор сонгогдож байж эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалсан, маш зөөлөн бодлого явагдана гэж хөгжиж буй улс орнууд үздэг. Иймээс эмэгтэйчүүд төрийн бодлогодоо олноор оролцоосой. Шийдвэр гаргалтын түвшинд олон эмэгтэйчүүд сонгогдоосой.

Мэдээж бид ард иргэдээс судалгаа авах ёстой. Жишээ нь, 1.5 хүн амтай байхад гишүүдийн тоог 76 гэж тогтоосон. Тэгтэл хүн амын тоо гурван сая давчихсан. Гишүүдийн тоог нэмэх ёстой талаар шат, шатны байгууллагын судалгаа байгаа ч ард иргэдийн дуу хоолойг сонсох ёстой. Иргэд юу гэнэ тэдний саналыг УИХ-д тусгана гэсэн бодолтой байна.

УИХ-ын гишүүн асан Т.ГАНДИ:

-Эмэгтэйчүүдийг хууль тогтоох, шийдвэр гаргах байгууллагад нэмэгдүүлэх нь хүний хөгжлийн асуудалтай шууд хамааралтай. Квотын асуудлыг нэмэх гэхээс илүүтэй улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод байлгах ёстой. Намуудын үйл ажиллагааг илүү нарийн болгох ёстой. Зөвхөн дүрэм журмаар хязгаарлагдахгүй тодорхой хэмжээгээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, ажил мэргэжил, салбарын манлайллыг бий болгосон, улс орны хөгжлийн бодлогыг өчигдөр, өнөөдөр, ирээдүйд нь системээр харж бодлого тодорхойлох түвшинд шинээр гарч ирж буй залуу эмэгтэйчүүдийг оруулж ирэхэд намуудын дотоод санхүүжилт ил тод, шударга байх шаардлагатай.

УИХ-ын гишүүн асан З.НАРАНТУЯА:

-Зарчмын хувьд парламентын гишүүдийн тоог эргэж харах цаг болсон гэдэгтэй санал нэг байна. Яагаад гэвэл 76 гишүүний тоо бол Үндсэн хууль батлагдсан тэр цагаас эхлэн явж буй. Үүнээс гадна хүн амын өсөлт, эдийн засгийн өсөлтөд харьцуулаад харахад дээрх тоо бага байна. Гэхдээ яг тоог нь нэмэх цаг мөн үү гэдэг Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудал учраас нийт ард түмнээс асууж байж шийдэх нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж