Боловсрол сүйрэх үү, боловсон хүчин сүйдэх үү?

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

Боловсрол сүйрэх үү, боловсон хүчин сүйдэх үү?

Боловсрол сүйрэх үү, боловсон хүчин сүйдэх үү?

Боловсролын салбарыг тойрсон маргаан энэ өдрүүдэд л эрчээ авлаа. Байнгын тордож, тойглож, салхи оруулж, шинэчилж, онцгойлон анхаарах ёстой салбар боловч орхигдуулсаар ирсний гор одоо гарч байна. Боловсролыг мөнгө олох бизнес болгоод удсаны, түүнд ямар ч хяналт, шалгуур байгаагүйн нотолгоог сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны дипломд хийсэн шалгалт бэлхэнээ харуулав. “59 мянган дипломыг шалгахад 724 диплом зөрчилтэй болох нь тогтоогдсон бол 2000 нь сэжигтэй байна” гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцээд 200 мянган төрийн албан хаагчийн асуудал боссон бөгөөд Төрийн албаны зөвлөл холбогдох байгууллагатай хамтран асуудлыг мухарлахыг сайд анхааруулав.

Гэтэл хуурамч дипломын асуудал манай нийгэмд бугшсан асуудал болж таарсан. Өмнө нь гадаадын нэр хүндтэй сургуулийн сургалтад суугаад, сургууль дүүргэсэн тухай асуудал дэгддэг байсан бол сураагүй сургуулиа төгссөн гэж явдаг олон хүн гарч ирэх бололтой. Түүний нэгэн жишээ нь, Монгол Улсын Ерөнхий сайд болов. Ерөнхий сайдын намтартаа дурдсан МУИС-ийг ижилхэн онд, ижил мэргэжлээр төгссөн гэдгийг ангийнхан нь үгүйсгэсэн бөгөөд “Тийм хүүхэд байгаагүй” тухай жиргэсэн нь олныг мэл гайхашруулж, цэл хөхрүүлэв. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ч яаран "Ерөнхий сайд бид хоёрын хувьд МУИС-ийг төгссөн байдал бодитой. Хичээл заасан багш нар, хамт суралцсан нөхөд маань байна. Дээрээс нь бакалаврын диплом хамгаалсан сэдэв маань тодорхой байна” гэж ярилцлага өгсөн нь “юун гуя” гээч болох нь тэр.

Төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд хурган дарга, цүнх баригчдын төгссөн сургууль, дурдсан диплом эргэлзээ төрүүлж эхэллээ. Хамгийн гол нь манай боловсролын байгууллагын хяналт ямар байгааг энэ бүхэн илчлэв.

Сургууль, цэцэрлэгийн захирлаас эхлээд үйлчлэгчийг хүртэл улстөржсөн томилгоо хийж, асуудлын учир шалтгааныг олох бус, танил тал, найзан дундаа шийдэж ирсний балаг эхнээсээ ийнхүү гарч ирэв. Түүний тод илрэл нь Орос III сургуулийн жишээ боллоо. Гучин жилийн хугацаанд удирдсан захирлын их хэмжээний мөнгөтэй холбоотой мэдээлэлтэй зэрэгцээд нэгэн зүйл ил болсон нь боловсролын салбарт ямар зааг, ялгаа гарч, хэрхэн хүрээлэл бий болж буй нь сайдын тушаалаар халагдсан захирлын яриа илчлэв. Хачирхалтай нь, тус сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийнх нь боловсрол чухал уу, эсвэл захирал чухал уу гэдгийг ойлгоход бэрх.

Хэдийгээр улсын сургууль ч гэлээ өндөр албан тушаалтнуудаар тойрон хүрээлүүлсэн, хүрээлэлдээ яамны бодлого шийдвэрийг ч тусгадаггүй бие даасан вант улс бий болчихсон гэлтэй. Боловсролын сайдын шалгалт боловсролын салбар хэрхэн дампуурсаныг харуулсан ч сургууль, цэцэрлэгийн багшийн хүрэлцээ муу эл цаг дор бүр хэцүү байдал руу чирэх вий гэсэн болгоомжлол байна. Нөгөөтэйгүүр намаас голдуу томилогддог төрийн албаны боловсон хүчний асуудал цаашдаа босч ирэх нь. Боловсролын салбарын 59 мянган ажилтнаас 724 нь дипломны зөрчилтэй гарч байгаа юм бол 200 мянган төрийн албан хаагчийн хэд нь хуурамч дипломтой байгааг төсөөлөхөд бэрх. Хамгийн аюултай нь хэд нь эзэмшээгүй мэргэжлээ эзэмшсэн, мэдээгүй мэдлэгээ мэдсэн гэж төрийн албыг сүйдлэж байгааг бодохуйяа бэрх.

Тиймээс өнөөдрийн гол асуудал нь боловсрол сүйрэх үү, боловсон хүчин сүйдэх үү л гэх асуултыг тавьж байна. "Хүрээний бузрыг уудалбал далай, далай" гэдэг шиг төрийн албанаас ямар аймшигтай тоо гарах бол?

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж