Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 5-ны өдрийн 06:20 цагийн үед Архангай аймгийн Тариат сум, Хорго багийн нутаг дэвсгэрт байрлах Сум дундын цагдаагийн тасгийн байр руу мотоциклотой этгээд хоёр удаа буудсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад Тариат суманд оршин суух хаягтай, 38 настай, эрэгтэй Ш гэгч согтуурсан үедээ цагдаагийн тасгийн байр руу хоёр удаа буудаад, зугтаасан байна. Тухайн этгээд галт зэвсгээ сумын төвийн ойролцоо нуусан байсныг тогтоон хураан авч, иргэн Ш-ийг сумын төвд айлын эзгүй хашаанд нуугдаж байхад нь олж баривчилжээ.
Хэргийн улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй байгаа аж. Иргэн Ш нь тухайн шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зөрчил үйлдсэн учир цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслийг нь түр саатуулсан байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл. Хууль сахиулагчийг эсэргүүцэх
- Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Энэ гэмт хэргийг:
2.1.галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;
2.2.хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Б.УНДРАМ
Холбоотой мэдээ