Боловсрол, шинжлэх ухааны яамнаас багш нарын 59 мянган дипломыг шалгасан. Шалгалтаар 442 зөрчил илэрсэн талаар салбарын сайд Б.Энх-Амгалан мэдээлсэн нь олон хүнийг хардахад хүргэсэн. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарыг Монгол Улсын Их Сургууль төгссөн нь эргэлзээтэй гэх мэдээлэл ч түгсэн билээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар хэлэхдээ "Ерөнхий сайд бид хоёрын хувьд МУИС-ийг төгссөн байдал бодитой. Хичээл заасан багш нар, хамт суралцсан нөхөд маань байна. Дээрээс нь бакалаврын диплом хамгаалсан сэдэв маань тодорхой байна. Тиймээс үүнд эргэлзэх хэрэггүй. Яагаад гэвэл улсын бүртгэлд орсон, дипломын дугаар яаманд бүртгэлтэй. Ер нь хуурамч дипломын асуудлыг БШУ-ны сайд хөндөж гаргаж ирсэн нь зөв юм. Энэ асуудал зөвхөн боловсролын салбараар хязгаарлагдах ёсгүй. Төр бүх түвшиндээ үүнд анхаарах хэрэгтэй.
Ерөнхий сайд бид хоёрын хувьд 2009 оны зургадугаар сарын 2-нд хамтдаа тухай үеийн МАХН-ын Хэрэг эрхлэх газарт газрын даргаар томилогдож байсан. Нэг нь инженер, нөгөө нь сэтгүүлч мэргэжилтэй хоёр хүн орж байлаа. Бид хоёрт улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах зайлшгүй шаардлага гарсан. МУИС-ийн хэрэгжүүлсэн бакалаврын программд хамрагдсан. Бид дипломоо үзүүлэх нь нээлттэй. Бидний дипломыг биднээс асуух биш боловсролын салбарын системээс харах бүрэн боломжтой" гэжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ