Сурвалжлага: Үдийн хоолны үнэ өссөн ч порц нэмэгдсэнгүй

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Үдийн хоолны үнэ өссөн ч порц нэмэгдсэнгүй

Сурвалжлага: Үдийн хоолны үнэ өссөн ч порц нэмэгдсэнгүй

14:20 цаг: Сурагчид гараа ариутгаж, ширээн дээрээ алчуур дэлгэн аягаа бэлдэнэ. Ангийн багш нэгдүгээр салаанаас эхлэн нэг ширхэг мантуун буузыг аяганд хийж, цай аягална.

Тэр зуур эхнээсээ хүүхдүүд ганц ширхэг буузаа аль хэдийнэ идэж дуусах аж. Зарим нь дахин бууз нэмэх болов уу хэмээн горьдсон харцаар харах ч гал тогооноос тухайн ангийн сурагчдын тоогоор өгч явуулжээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн гуравдугаар ангийнхан үдийн хоолондоо орж байгаа нь энэ. В.Уранчимэг багштай энэ анги нийт 42 сурагчтай. “Манай ангийнхан өнөөдөр хичээлдээ бүгдээрээ ирсэн. Хүүхдүүд үдийн хоолондоо их дуртай байдаг” тухай ангийн багш хэлж байв.

Уг нь “Үдийн цай” хөтөлбөр өнгөрсөн жилээс “Үдийн хоол” болж, нэг хүүхдэд ногдох өдрийн 900 төгрөг нь 1500 төгрөг болж нэмэгдсэн. Ингэснээр сурагчдын үдийн хоолны илчлэг, чанарт ахиц гарсан эсэхийг энэ удаа сурвалжиллаа. Өмнө нь “Үдийн цай” хөтөлбөрөөр сурагчдад хатсан боорцог, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн өгсөн гэх багагүй хэл ам дагуулдаг байсан. Харин энэ удаа сурагчдад ядаж л халуун хоол, цай өгдөг болсонд багш нар олзуурхаж байлаа.

Цуйван, бууз, мантуун бууз, гоймонтой хуурга, төмсний хучмал, ногоотой шөл, баяжуулсан бантан, сүүтэй будаа, жимсний шүүс гээд олон нэр төрлийн хоолны меню гаргажээ. Гэхдээ бодит байдал дээр орц найрлага, порц багатай.

Ш.Батдаваа хүүхдийн хоолны тогоочоор 24 жил ажиллаж буй. Цэцэрлэгт насаараа тогоочоор ажилласан тэрбээр бага ангийн үдийн цайг стандарт, нормын дагуу бэлтгэж, 1-5 ангийн 28 ангид өгдөг тухайгаа хэллээ. "Долоо долоо хоногоор хоолны менюгээ гаргаж, хүүхдүүдэд илчлэг сайтай хоол өгөхийг боддог. Манайх долоо хоногт нэг удаа цагаан, бусад өдрүүдэд махан хоол хийдэг. Шингэн уух зүйлс гэвэл нэрс, чацаргана, үзэмний шүүс, цай, аарц зэргийг чанаж өгдөг.

Гадуур барааны үнийн өсөлт ямар байгаа билээ. Үдийн хоолны 1500 төгрөг хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Гурил, будаа ямар үнэтэй болсон билээ. Бид аль болох тохируулаад л хоолоо хийдэг. Зарим хүүхдүүд хөц, гурвалжин будаа, хүнсний ногоо огт идэхгүй аягандаа үлдээчихдэг. Аль болох илчлэг сайтай хоол өгөхийн тулд ногоогоор баяжуулдаг" гэж хэлж байв.

Өнөөдрийн хоол нэг ширхэг мантуун бууз, цай. Тэрбээр мантуун буузаа дан мах, гурилаар хийхгүй лууван, байцаа, сонгино зэрэг хүнсний ногоогоор баяжуулж байж, хүүхэд илчлэг, амин дэм авна гэж учирлаж байлаа.

Хүүхдүүдийн хувьд биеийн хөгжлөөсөө хамаараад харилцан адилгүй. Нэг хэсэг нь үдийн хоолондоо "болчихдог" гэж байсан бол зарим нь цаддаггүйгээ нуусангүй.

Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 105 сургууль дээр очиход үдийн хоолоо идэж дууссан байлаа. Тус сургуулийн хувьд "Цолмон маргад" компанитай олон жил гэрээ байгуулж, үдийн цайгаа бэлтгэж байгаа аж.

Бага ангийн сургалтын менежер Л.АЛТАНТУЯА:

-Үдийн хоолоо цэснийхээ дагуу бэлтгэж, халуун хоол, сүү, шүүсээ өгнө. Нэг анги дүүргэлт 43-45 сурагчтай. Сурагчдад хүртээмжтэй, хоол дутдаггүй. Чанарын хувьд халуун, шинэхэн, илчлэгтэй хоол өгч байгаа учраас өмнөхөөсөө сайжирсан.

Манай сургуулийн хувьд  улиралдаа нэг удаа эцэг, эхийн төлөөлөлд үдийн хоолны амталгаагаа хийдэг. Эмч маань өдөр тутам амталгаа хийж, хяналт тавьдаг. Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн учраас 1500 төгрөгөө нэмэх хэрэгтэй байх. Өнөөдөр мах, гурилын үнэ хэдэн төгрөг болж нэмэгдээд байгаа билээ гэж учирлав.

Д.Мөнгөншагай хүү “Би өглөө гэрээсээ гарахдаа хааяа ундаа ууж амждаггүй. Ангидаа ирээд өлсдөг юм. Сургууль дээрээ үдийн хоолоо идэх гоё байдаг. Үдийн цайгаар цуйван, үзэмтэй будаа, каш гээд олон төрлийн хоол өгдөг. Би ногоотой, сонгинотой хоол идэх дургүй" гэж ярилаа.

ХУВИЙН СУРГУУЛИЙН 1-12 ДУГААР АНГИЙН СУРАГЧИД ҮДИЙН ХООЛ ИДДЭГ

Улсын сургуулийн хувьд зөвхөн бага ангийн сурагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагддаг бол хувийн сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид үдийн цай, хоол иддэг байна. Ингэхдээ улсаас олгож буй “Үдийн хоол” хөтөлбөрийн зардал болох 1500 төгрөг дээр нэмж, сургууль мөнгө төсөвлөснөөр өдөрт хоёр удаа хоол, цай өгдөг аж. “Тусгал” хувийн сургуулийг зорин очиход сургуулийн сурагчид үдийн хоолоо идэж дууссан байлаа.

Чингэлтэй дүүргийн “Тусгал” бүрэн дунд сургуулийн Өдрийн хоол хариуцсан мэргэжилтэн Т.ШҮРЭНЦЭЦЭГ:

-Манай сургууль 1-12 дугаар ангийн 220 гаруй сурагчдадаа өдрийн хоол өгдөг. Өглөөний цай болон өдрийн иж бүрдэл хоол өгдөг. Манай сургууль улсаас мөрдөж байгаа хоолны мөнгийг баримталж, сургуулиасаа бага зэрэг төсөв нэмдэг. Харин төлбөр дээр мөнгө нэмж, эцэг эхээс хоолны мөнгө авдаггүй. Ойролцоогоор нэг хүүхдийн хоолны мөнгө 2000 төгрөг болдог гэв. Жимс, шүүснээс гадна өөрсдийн гал тогоондоо талх нарийн боов хийж, үйлчилдэг. Хүүхдүүд хоолондоо сэтгэл хангалуун байдаг. Хүүхдийн сурах явц, бие бялдар, эрүүл мэндэд нь мэдэгдэхүйц ач холбогдолтой байдаг гэв.

Улсын болон хувийн ерөнхий боловсролын хоёр дунд сургуулиар ороход л хоолны чанар нь эрс ялгаатай байна. Үнийн өсөлттэй энэ цаг үед 1500 төгрөгөөр үдийн хоол бэлтгэхэд хаанаа ч хүрэлцдэггүйг аж ахуйн нэгжүүд хэлж байна.

 1-5 ДУГААР АНГИЙН  370 ГАРУЙ МЯНГАН ХҮҮХЭД “ҮДИЙН  ХООЛ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДДАГ

Энэ жил нийслэлд ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 370 гаруй мянган хүүхэд “Үдийн  хоол” хөтөлбөрт хамрагдаж буй. Эдгээр хүүхдүүдийн 80 хувь нь өдөр халуун хоол, цай идэж байгаа бол үлдсэн 20 хувь нь хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байгааг албаныхан хэлж байв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд "Үдийн хоол" хөтөлбөрт бүрэн шилжиж амжаагүй байна гэсэн үг.

БШУЯ-ны Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний  хэлтсийн дарга Т.ТҮМЭНЖАРГАЛ:

-“Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль 2019 онд батлагдаж, 2021 оны есдүгээр сарын 1-нээс бага ангийн хүүхдүүдэд “Үдийн хоол” болгон хэрэгжүүлэхдээ 900 төгрөгийг 1500 төгрөг болгосон. Ерөнхийдөө гал тогоогоо сургууль өөрөө ажиллуулж байгаа болон гэрээтээр аж ахуйн нэгж, иргэдэд түрээсэлдэг. Нийслэлийн нийт сургуулийн 80 орчим хувь нь түрээсийн гал тогоо ашиглаж байна. Орон нутгийн хувьд эсрэгээрээ 80 орчим хувь нь өөрсдийн гал тогоондоо үдийн хоолоо бэлтгэдэг. Гал тогоогүй сургуулиуд ч бий. Бид үдийн хоол хөтөлбөрт бүрэн шилжиж амжаагүй байна. Маш их цаг хугацаа шаардаж, үе шаттай хэрэгжүүлдэг ажил. Одоохондоо хэрэгжилт нь 80 хувьтай байна.

Нийт сургуулийн 80 хувь нь халуун хоол сурагчдад өгч байгаа бол 30 хувь нь гал тогоогүй, тоног төхөөрөмж, хүний нөөц нь хүрэлцээгүйгээс бэлэн бүтээгдэхүүн, зарим өдөр нь халуун хоол өгч байна. "Үдийн цай" хөтөлбөр анх 2006 оноос хэрэгжиж эхэлсэн. Одоо ЭМЯ-наас явуулдаг хоол тэжээлийн судалгааг таван жил тутамд хийхэд бага ангийн хүүхдүүд нүүрс ус ихтэй, чихэрлэг бүтээгдэхүүн маш их хэрэглэж, таргалалт ихтэй байна гэсэн дүгнэлт гарч байсан. 2006 онд "Үдийн цай" хөтөлбөрөөр бэлэн бүтээгдэхүүн өгдөг байсан нь хүүхдийн биед шим тэжээл болохгүй байгаа нь олон удаагийн судалгааны дүнгээс харагдсан.

Тийм учраас хүүхдэд тохирсон шим тэжээлтэй халуун хоол өгч байж, эрүүл мэндийг нь дэмжинэ. Цаашдаа 1-12 дугаар ангийн бүх сурагчийг "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулах төлөвлөгөөтэй байна. Цар тахлын үеийн эдийн засгийн байдалтай холбоотойгоор энэ ажил удааширч байна. Бид 1-5 ангийн сурагчдадаа иж бүрэн авах ёстой шим тэжээлийг хангасан үдийн хоол одоохондоо өгч чадахгүй байна. Гэхдээ нийт сурагчийн 80 хувьд бэлэн бүтээгдэхүүн бус, халуун хоол өгч байгаа нь ахицтай. Чанарын хувьд ийм өөрчлөлт гарч байна. Үдийн цайнаас хоногт авах илчлэг 15 хувь байсан бол хоол болсноор 35 болж нэмэгдсэн. Энэ мэт ач холбогдолтой.

Анх “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийг санаачлахдаа бага ангийн суралцагчдыг 2020-2021 оны, дунд ангийн суралцагчдыг 2021-2022 оны, ахлах ангийн суралцагчдыг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн хамруулна гэж байсан.

Тухайн үед 2019 онд нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 238 сургуульд бага ангийн 139 мянга 730 сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж, үүнд нийт 32 тэрбум төгрөг зарцуулдаг байв. "Үдийн хоол" хөтөлбөр хэрэгжсэнээр нийтдээ 63.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарч байсныг эргэн сануулъя.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж