Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг сурган хүмүүжүүлэгчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар Боловсролын сайд цахим хуудастаа бичжээ. Иймд тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг Оросын талд хүргүүлнэ гэж мөн мэдэгдсэн байна.
Гэхдээ одоогоор тус саналыг хэзээ хүргүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан цахим хуудастаа “Сурган хүмүүжүүлэгч хүн хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд яриа өгч байхдаа ёс зүйгүй, бүдүүлэг, дээрэнгүй байж болохгүй. Сайн менежертэй байж болно. Хууль хяналтынхны сайн хамгаалалттай байж болно. Одоо болно. Энэ хүний хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын тал, удирдах зөвлөлд хүргэнэ" гэжээ.
Учир нь Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ёс зүйгүй үйлдэл гаргаж, бусдын нэр хүндийг гутаан доромжилсон мэдээлэл өгсөн гэж үзэж байгаа аж.
Л.Энх-Амгалан сайд 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөх үеэрээ Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ирэх аравдугаар сараас чөлөөлөх тухай мэдээлсэн. Гэвч энэ хугацааг наашлуулах хүсэлтийг албан ёсоор гаргах болсноо ийнхүү мэдэгдлээ.
Тэрбээр тухайн үед "Боловсрол өөрөө улс төр байж болохгүй. Хүүхдүүдийг албадан улс төрийн үйл ажиллагааг сургуулиуд хийхгүй байх ёстой. Иймэрхүү тохиолдол гаргасан багш, сурган хүмүүжүүлэгч, удирдлага байвал бид тодорхой хэмжээний хариуцлагын арга хэмжээ авна. Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон ирэх 10 дугаар сараас тэтгэвэртээ гарах гэж байна. Мөн тус сургуулийн ой ирэх сард болох учир сургуулийн ойг өнгөрөөгөөд захирал Ж.Соронзонтой хөдөлмөрийн гэрээгээ цуцлах шийдвэр гаргасан" гэж байсан юм.
МСНЭ: СЭТГҮҮЛЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭН Ч СААД УЧРУУЛАХ ЁСГҮЙ
Холбоотой мэдээ