Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд төр болоод салбар яам, иргэд, байгууллагуудын оролцоо хамгаас чухал. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Инноваци, цэвэр технологийн хэлтсийн дарга Ц.Уранчимэгтэй ярилцлаа.
-"Тогтвортой хөгжил 2030" хөтөлбөрийн талаар хүмүүс тодорхой хэмжээний ойлголттой болоод удаж байна. Гэхдээ байгаль орчны салбарт тогтвортой хөгжлийн зорилтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл хомс байдаг. Энэ талаар яриагаа эхэлье.
-Одоогоос долоон жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар “Тогтвортой хөгжлийн зорилго 2030” баталсан. Ийнхүү баталснаас гурван сарын дараа буюу 2015 оны арванхоёрдугаар сард нийт 197 улс энэ хөтөлбөрт нэгдсэн юм. Тогтвортой хөгжил гэдэг бол ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хязгаарлахгүйгээр өнөөгийн хэрэгцээг хангахыг хэлдэг. Тиймдээ ч 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт нь нийгэм, эдийн засаг, байгаль орчинд суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхий нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг.
Энэхүү урт хугацааны хөтөлбөрийн байгаль орчны тогтвортой байдлыг хангахтай холбоотой зорилтуудыг авч үзвэл нийт 17 зорилтоос 15 нь шууд болон бусад салбарын зорилттой уялдан холбогдож байгаа юм.
Тодруулбал, зургадугаар зорилт буюу хүн амын усан хангамж, ариун цэврийн байгууламжийн тогтвортой менежмент, хүртээмжтэй байдлыг хангах, 12 дугаар зорилтод тусгасан хариуцлагатай тогтвортой хэрэглээ болон үйлдвэрлэлийг дэмжих зэрэг нь байгаль орчны тогтвортой байдлыг хангахтай шууд холбогдож байна. Эдгээрээс гадна бусад салбарын зорилтууд болох ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг дэмжих зэрэгтэй ч байгаль орчны салбар холбогдоно. Тиймээс БОАЖЯ тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй ажиллаж байна.
-Байгаль орчны салбарт уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж тогтвортой хөгжлийн зорилтуудыг тусгаж өгсөн гэж ойлгож болох уу?
-Тийм. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж дэлхийд 1906-2005 онд агаарын дундаж температур 0.71 градусаар дулаарч, мөнх цас жилд 700 тэрбум тонн хайлж, нэг сая амьд төрөл зүйл устах эрсдэлтэй тулгараад байна. Энэ өөрчлөлт Монголд ч гэсэн бий. Тухайлбал, агаарын дундаж температур 2.25 градусаар буюу дэлхийн дунджаас хоёр дахин их, жилийн нийлбэр хур тунадас 7.3 хувь буурсан үзүүлэлттэй байна. 2021 онд цаг агаарын гаралтай аюултай үзэгдэл 118, гамшигт үзэгдэл 11 удаа болсон. 2020 оны байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь цөлжилттэй байсан. Тиймээс тогтвортой, ногоон хөгжлийн асуудлыг дэлхий нийтэд онц чухалд тооцож байна.
Мөн 2020 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 27.8 хувь ядуу, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг, эдийн засгийн хувьд байгалиас буюу уул уурхайн нэг салбараас хараат байгаа зэргээс шалтгаалж бид ч мөн ялгаагүй энэхүү хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлагатай тулгарсан.
Үүнээс гадна техник технологийн хоцрогдол, үр ашиггүй хэрэглээ, орчны бохирдол, доройтлоос хамаарч нөөц баялгийн үр ашиггүй хэрэглээ үүсээд байна. Хэрэв эдгээр асуудлыг тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд одоо шийдвэрлэж чадвал ирээдүйд шийдвэрлэхээс 5-10 дахин хямд.
Хэдийгээр урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг бид хэрэгжүүлж байгаа ч хүмүүс хандлагаа өөрчлөх нь нэн тэргүүний асуудал.
-Засгийн газраас мөн үйл ажиллагааны хөтөлбөртөө баримтлах бодлогыг тусгаж өгсөн байдаг. Тус хөтөлбөрт яг юу юуг багтаасан байдаг вэ?
-Засгийн газрын 2020 оны 24 дүгээр тогтоолоор 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тусгаж өгсөн. Тухайн бодлогод нүүрстөрөгчийн ялгарал багатай хөгжлийг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хариуцлагатай уул уурхайг дэмжих бууруулах, агаар орчны бохирдлыг бууруулах зэргийг тусгасан байдаг. Түүнчлэн хүн амын эрүүл ахуйн шаардлага хангасан усан хангамжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг багтаасан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг авч үзвэл :
- 1998 он Монгол Улсын XXI зууны Тогтвортой хөгжлийн хөтөлбөр,
- 2005 он Мянганы хөгжлийн зорилгууд,
- 2008 он МХЗ-д суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого,
- 2014 он Ногоон хөгжлийн бодлого
- 2016 он Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030
- 2020 он Алсын хараа 2050 зэргийг дурдаж болно.
-Байгальд ээлтэй хэрэглээг бий болгоход хүрэн, ногоон, хаягдалгүй эдийн засаг гээд нэршлүүдийг ашиглаж байна. Тэгвэл бид өнөөдөр хаягдалгүй эдийн засгийг бий болгож чадсан уу?
-Дэлхийн хүн төрөлхтөн 2021 оны турш хэрэглэх байгалийн нөөцөө долдугаар сарын 29-нд дууссан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид хаягдалгүй эдийн засаг бий болгох шаардлагатайг анхааруулж байна.
Одоо бол нийтээр шугаман эдийн засаг буюу олборлох, үйлдвэрлэх, түгээх, хэрэглэх, хаях, бохирдуулах гэх хэмнэлд явж байна. Харин хаягдалгүй байгальд ээлтэй эдийн засаг гэдэг бол түүхий эдээ загварчилж үйлдвэрлээд түүнийгээ түгээн хэрэглэж, дахин ашиглах, засварлах зарчмаар үлдэгдэл хаягдлыг гаргана гэсэн үг.
Харамсалтай өнөөдөр ихэнх хүн шугаман эдийн засгийн зарчмаар явснаар байгалийн нөөц дуусахад хүрээд байна. Тиймээс аль болох хаягдалгүй шийдлийг эрэлхийлэх нь чухал.
-Байгаль орчин, экологийн тэнцвэрт байдал гэхээр ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний асуудал зайлшгүй яригдах байх. БОАЖЯ томоохон хөтөлбөрүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл ногоон хөгжлийг дэмжиж, оролцоотой ажиллаж байгаа аж ахуй нэгж, иргэдэд зориулсан хөнгөлөлт, урамшуулал гэж бий юу?
-Мэдээж бий. Байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хангахад үүрэгтэй оролцож байгаа хэн бүхэнд салбар яам, төр засгаас ч тодорхой дэмжлэгүүдийг үзүүлж ирсэн. Тухайлбал, Засгийн газар 2013 онд "Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмж"-ийн жагсаалтыг баталсан. Ингэснээр тус тогтоолын хүрээнд жилд 25 тэрбум төгрөгийн татварт ногдох 2.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн юм.
Ногоон хөгжлийн бодлого стратегийн зорилтын хүрээнд мөн ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг нэвтрүүлж байгаль хамгаалал, хүний хөгжил, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
Тодруулбал, дээрх зорилтын хүрээнд дотоодын нийт бүтээгдэхүүний хоёроос доошгүй хувийг жил бүр ногоон хөгжилд зарцуулж, нэгж бүтээгдэхүүнд ногдох нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулна. Мөн байгаль орчинд халтай үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний импорт, хэрэглээг багасгахад чиглэсэн татварын системийг бий болгох юм. Эдгээрээс гадна ногоон хөгжлийг дэмжсэн цэвэр технологи, инновацийг хөгжүүлж, шинжлэх ухаан технологийн судалгаа, туршин нэвтрүүлэх санхүүжилтийг 2020 онд ДНБ-ий хоёр хувь, 2030 онд гурван хувьд хүргэх зорилттой. Харин ногоон хөгжлийг дэмжих татварын төрлийн хувьд:
- Эрчим хүчний татвар
- Нөөцийн татвар
- Тээврийн татвар
- Бохирдлын татвар багтана.
Энэхүү татварын оновчтой бодлого нь технологийн дэвшилтэт шийдэл, инновацийг урамшуулах хөшүүрэг болдог.
Холбоотой мэдээ