Лиз Трассын хувьд хэлбэр биш агуулга чухал

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

Лиз Трассын хувьд хэлбэр биш агуулга чухал

Лиз Трассын хувьд хэлбэр биш агуулга чухал

Их Британийн шинэ ерөнхий сайд Лиз Трасс Энэтхэг-Номхон далайд элэгтэй. Энэ нь түүний олон удаагийн айлчлал, гэрэл зураг, бүс нутагт тавьсан илтгэлээс бэлхэнээ харагддаг. Олон улсын худалдааны нарийн бичгийн даргаас эхлээд өчигдрийг хүртэл Их Британийн Гадаад хэргийн сайдаар ажилласан Лиз Трасс олон улсын түвшний “CV”-тэй Даунинг Стрийт (Лондон дахь ерөнхий сайдын ордон)-д ирэв. Одоо тэр нэгэнт жолоочийн суудалд суусан учир Их Британийг Энэтхэг-Номхон далайн үнэ цэнтэй түнш болгохын төлөө айлчлал, уриа үг төдийхнөөс илүүг хийх шаардлагатай болжээ.

Сонгуулийн кампанит ажлын үеэр хэлсэн түүний зоримог амлалтууд дотоодын сорилтуудтай зэрэгцсэнээр бүс нутагт Их Британийн ул мөрийг үлдээхэд саад болж магадгүй юм.

ЛИЗ ТРАСС ГЭЖ ХЭН БЭ?

Юун түрүүнд Лиз Трасс улс орон даяар болсон сонгуулиар сонгогдоогүйг онцлох нь зүйтэй. Учир нь эрх баригч Консерватив намын дарга асан Борис Жонсон огцорсноор Трасс оронд нь сонгогдсон. Тиймээс үндэсний хэмжээний сонгуулийн санал хураалтаар бус, эрх баригч намыг удирдаж буйнхаа ачаар ерөнхий сайд болжээ. Түүнийг Консерватив намын 160 мянган гишүүн сонгосон нь Их Британийн сонгуулийн насны иргэдийн 0.3 хувьтай тэнцэх юм. Ерөнхий сайдын хувиар тэр ажлаа сайн хийж буйгаа Их Британийн бүх иргэнд итгүүлэх ёстой болж байна.

Зоригтой амлалтуудаа биелүүлэх цаг нь бодитоор ирсэн тул Энэтхэг-Номхон далайн бүс нутаг болон Хятад зэрэг гадаад бодлогын үндсэн асуудлаарх Трассын байр суурийг олон нийт хүлээзнэж байна. Худалдааны сайдаар ажиллаж байх хугацаандаа тэр Австрали, Япон зэрэг Энэтхэг-Номхон далайн орнуудтай хийсэн Их Британийн худалдааны хэлэлцээрүүдийг баталгаажуулахын тулд маш их хөрөнгө оруулалт хийсэн.

Лиз Трасс бол Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг Их Британийн ирээдүйн салшгүй хэсэг гэж үзэхийн сацуу өөрийн улсыг бүс нутгийн жинхэнэ тоглогч гэж үздэг. Түүнийг оптик үзэл бодолтой, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны анхаарлыг татах сонирхолтой хүн гэж шүүмжлэх нь бий. Өрсөлдөөний үеэр Хятад болон Энэтхэг-Номхон далайн орнуудын талаар зоригтой амлалт өгөх нэг өөр, засгийн эрхэнд гарсныхаа дараа тэдгээрээ бодитоор биелүүлэх нэг өөр хэрэг.

ХЯТАДАД ЧИГЛЭСЭН ХАТУУ ЧИГ БАРИМТЛАЛ

Лиз Трасс Хятадыг шүүмжилсэн байр суурь дээрээ бат зогсдог. Хариуд нь тэр Хятадын удирдагчдын дургүйцлийг төрүүлээд буй. Хятад, Их Британийн хооронд 2010-аад оны дунд үеэс буюу “Алтан эрин”-ий үеэс эхлээд тэмцэл үргэлжлэх болсон. Энэ тэмцэл сүүлийн жилүүдэд улам ширүүн болсон ба ялангуяа 2021 оны эхээр туйлдаа хүрчээ. Учир нь энэ үед Их Британи, Хятад хоёр ширээний теннис адил харилцан хориг арга хэмжээ авсан юм. Энэ харилцаа Трассын үед улам муудах магадлалтай байна.

Сонгуулийн кампанит ажлын үеэр Лиз Трасс болон Риши Сунак нарын хэн хэн нь Хятадыг чиглэсэн хатуу байр сууриа илэрхийлэхийн тулд багагүй хүчин чармайлт гаргасан. Тухайлбал, Их Британи дахь Күнзийн хүрээлэнгүүдийг хориглоно гэж Сунак амласан бол Трассын хувьд Шинжаан дахь харгислалыг геноцид гэж зарлахаа мэдэгджээ. Магадгүй Трасс албан тушаалд очсон хойноо амлалтаа зөөлрүүлж мэднэ. Шинжаан дахь харгислалыг геноцид гэж зарлах нь Их Британийг ээдрээтэй нөхцөл байдалд оруулах магадлалтай.

Трасс Гадаад хэргийн сайдын хувьд Их Британи Хятадын төвийг санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Энэ төв нь Их Британийн хувьд Хятад дахь мэргэжлийн гол эх сурвалж болдог төв юм. Мөн тэрбээр ардчилсан улс орнууд авторитар дэглэмийн эсрэг жагсах шаардлагатай гэж олон удаа ярьсан. Тухайлбал, Лоуи институт дээр үг хэлэхдээ ардчилсан орнуудад “Эрх чөлөөний сүлжээ” бий болгох шаардлагатай гэж хэлж байв. Энэ нь либерал жүжигчдийг Орос, Хятадын эсрэг тэмцэлд уриалсан явдал гэж “The diplomat” хуудаст онцолжээ.

Энэ маягаар эвсэл байгуулах нь дэлхийн өөр өөр туйлуудын хоорондын уялдаа холбоог тэнцвэржүүлэхийг эрмэлзэж буй олон улсыг хүнд байдалд оруулна гэж “Chatham house”-ийн судалгааны ажилтан Дэвид Лоуренс хэлжээ. Илүү тодорхой дэд бүтэц, эдийн засгийн төслүүдийн сүлжээ бий болгох нь Их Британид ашигтай түншлэл олох магадлалыг нэмэгдүүлэх аж. Жинхэнэ утгаар нь либерал эвсэл байгуулъя гэвэл НАТО-г зөвхөн Евро-Атлантын аюулгүй байдлыг сахих үүрэгтэй гэдэг талаас нь бус, “Дэлхийн НАТО” болохыг уриалах учиртай юм.

АСЕАН

Лиз Трасс АСЕАН буюу Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн орнуудын дунд итгэл олох сонирхолтой байна. Тэрбээр Гадаад хэргийн сайд байхдаа Малайз, Тайланд, Индонезид айлчилж, харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байсан. Цаашлаад өнгөрсөн долдугаар сард АСЕАН болон Их Британи одоо байгаа хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, терроризм, кибер аюулгүй байдал зэрэг шинэ салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцжээ.

Энэ нь нэг талаасаа ирээдүйтэй боловч нөгөө талаас АСЕАН шиг олон ургальч үзэлтэй байгууллагатай хүчтэй харилцаа холбоо тогтооход учир бий. Тодруулбал, Их Британи, АСЕАН-ы оролцоо, Их Британийн шинэ яриа хэлэлцээний түншлэл зэрэг бодлогод тулгуурлах шаардлагатай болно.

Лиз Трассын ерөнхий сайдын алба хаших хугацаа богинохон байж магадгүй. Түүний сонгууль Их Британийн бүх нийтийн сонгуулийн товыг өөрчлөөгүй бөгөөд дараагийн сонгууль 2025 онд айсуй. Трасс одоогоор Консерватив намын удирдлагыг өвлөж авсан төдий гэж “The diplomat” хуудаст онцолжээ.

Дотоодын сорилт гэвэл Их Британид амьжиргааны өртөг огцом өссөн асуудал юун түрүүнд хөндөгдөнө. Трасс өөрийн намаас илүү гарсан нэр хүндтэй болохын тулд дотоодын асуудалд анхаарлаа хандуулах нь зүйн хэрэг. Албан тушаалын цаг хугацаа хязгаарлагдмал, Энэтхэг-Номхон далайн нөхцөл байдал хурцадмал, дотоодын сорилт арвин байгаа энэ цаг үед шинэхэн ерөнхий сайд хэв маягаас илүү агуулгыг хөгжүүлэх шаардлагатай болжээ.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж