Орос улс Хоккайдо орчмын маргаантай арлуудад визгүй зорчих тухай Японтой байгуулсан гэрээгээ цуцаллаа. Энэ нь Москвагийн түрэмгийллийг буруутгаж буй Японы эсрэг авсан үйл ажиллагаа гэж ОХУ-ын хууль тогтоогч тайлбарлав. Мөн Оросын тус шийдвэр Японы иргэдийн дургүйцлийг хүргээд байна.
Харилцан хөтөлбөрийн хүрээнд Японы хойд нутаг, ОХУ-ын өмнөд Курилын арлууд гэгддэг бүс нутгийн оршин суугчид Япон руу зорчих визээс чөлөөлөгддөг байв. ОХУ-ын парламентын доод танхим болох Төрийн Думын олон улсын хорооны дарга Леонид Слуцкий "Энэ нь Японы засгийн газраас үзүүлж буй хууль бус хориг арга хэмжээний дарамт, барууны Оросыг үзэн ядах бодлогод нэгдсэний хариу үйлдэл" гэж мэдэгджээ.
Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши ОХУ-ын нэг талын үйлдлийг буруушааж, хүлээн зөвшөөрөгдөшгүй үйлдэл гэв. Хаяши хэвлэлийн бага хурал дээр Токио дипломат шугамаар Москвад эсэргүүцэл илэрхийлсэн гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: Nikkei Asia