"МАНАН" гээч Монгол Улсад бүртгэлгүй нэгэн мафи байх. “Наймаалж”, “Загалмайлсан эцэг” киногоор мафитай танилцсан дунд эргэм насныхан хар зөнгөөрөө хариу үйлдэл үзүүлнэ. Энэ л эмзэг сэтгэхүй дээр гарамгай тоглосон улстөрч элстэй гялгар уутыг энд, тэндээс нь хадаасаар хатган гоожуулж, өмнөөс орж ирэх танктай зүйрлэсэн нь гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм. Ингэж өрсөлдөгчдөө үгүйсгэсний ачаар өнөөдөр бид нүүрсний оргил үеийг алдаж байна. Алдагдсан боломжийг хохирлыг өнөөдөр үндэстнээрээ үүрч явна. Яг энэ эмзэглэл дээр дөрөөлсөн залуус бол МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. "МАНАН" дэглэм ярьж гарч ирэхдээ Л.Оюун-эрдэнэ “Би аргаа бараад киноны дүрслэлээр тугалган цэрэг шиг гээд байгаа юм. Магадгүй гуравдагч хүчин болоод гараад ирж магадгүй. Магадгүй манай нам ялагдаад бид буруутан болох байх. Ардчилсан нам эдгээр хүмүүстэй нийлж санхүүжилт босгоод төрийн эрх мэдлээ эргүүлээд авч магадгүй” гэж араа малтсан. Угаас байхгүй зүйлийн тухай детиктив учраас хожмын хариултаа тооцсон хэрэг. М.Энхболдыг дэмжин алга ташиж асан “хүү” ийнхүү эвдэрч, ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөв гэгч болсон. Ингэж М.Энхболдыг алтан улиас, бишээ албан тушаалаас нь зайлуулсан. Албан тушаал авахгүй гэсэн ч авсан. М.Энхболд явсан ч асуудал явсангүй…
…Ажлаа авсан ч үлгэрээ үргэлжлүүлсээр. Хаанаас ч юм “хадны мангаа” гаргаж, нэр усыг нь зарлах тухай нэг бус удаа тэр хэлдэг. Хүний урманд У.Хүрэлсүх шиг Монголыг цөлмөж буй 30 гэр бүлийн нэгээр Н.Номтойбаярыг тодруулсан шиг нэг удаа нэр ус зарласангүй. Цөстэй монголчууд цөхрөлтгүй хүлээсээр…
Ерөнхий сайдын үгийг ажаад байхнээ “Долоон өндөгтэй доголон шаазгайн үлгэр”-ийг яриад ч байгаа юм шиг. М.Энхболдоо “Чамайг өндөгнөөсөө өгөхгүй бол алсын газраас тоос татуулж ирээд алтан улиасыг чинь хуга мөргөнө” гэдэг шиг унагаасан бол өдгөө “харийн газрын тагнуул хажууд чинь байна” гэж иргэдийг айлгах жишээтэй. Эцэстээ иргэд эрх баригчдаас хариуцлага шаардаж жагсаал цуглаан хийвэл гадны тагнуулын гар хөл болж хувирдаг болов.
“Би өнөөдрийг хүртэл П.Сэргэлэн, П.Ганхүү, Г.Өнөрболор, Ц.Анандбазар зэрэг хүмүүс ямар шалгуураар сайд хэмээх эрхэм хүндтэй албан тушаалд дэвшиж орж ирснийг ойлгоогүй” гэж ярьж байсан Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаа хадгалахын тулд байгуулсан “шантаажны” засгийн газрын бүрэлдэхүүнийг нэг хараарай.
Хүний өмнөөс ичих хэцүү ч бодоорой. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн сүртэй мэдэгдлүүд улсын эрх ашиг бус нэг хэсэгт сануулга өгч эрх мэдлээ зузаатгах шантааж байсан нь улам бүр тодорхой болж харагдах вий. Д.Амарбаясгалан гэхэд л “Манан” бүлэглэлийг үүсгэсэн, санхүүжүүлсэн, схемийг нь зохиож бий болгосон этгээдүүдийн төлөөлөл, гар хөл, эд эсүүд нь өнөөдөр Хөгжлийн банкаар дүүрэн байж байна шүү дээ” гэж ярилцлага өгч байлаа. ЖДҮ, “60 тэрбумын схем”, Хөгжлийн банк гээд ичгүүр сонжуургүй хэргүүд өдгөө мартагдах шатандаа оржээ. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын албан тушаал, эрх мэдэл үүнтэй тэмцэхэд хангалттай төвлөрсөн. Гэвч авлига буурах нь байтугай гаарч, албан тушаалын наймаа, ашиг сонирхол Үндсэн хуулиас дээгүүр жааллаа. Үүнд тэдний оролцоо ч их. Хариуцлага тооцно гэдэг хэр нь хэлснийхээ яг эсрэг хийхийг нь л харна. Хаа ч очиход М.Энхболд тэдэн шиг албан тушаалын төлөө Үндсэн хуулийн дээгүүр жаалж байсангүй. Өөрөө бид биш Цэц гээд байгаа л даа. Гэхдээ одооны хүүхэд ч итгэх нь юу л бол. Үнэхээр оролцоогүй бол үүнийг зогсоох нь яагаа вэ. Хулгайчид хулгай хийх боломжийг олгосноороо та буруутай гэдэг байх аа.
Ингэж тэд өөрсдийнхөө “аалзны” торыг нэхэж эхлэв. Мэдээж тэрхүү тор нь эрх мэдлээс гадна зовлонгийн тор. Хожим дээлээ нөмрөхгүйн тулд толгойгоо гашилгаж суугаа. М.Энхболдын, Н.Энхбаярын зовлон хожим өөрсдөд нь ирнэ гэдгийг тэд хамгийн сайн мэдэж байгаа. Ам гарах амархан, ажил хийх хэцүүг өөрсдийн биеэр одоо туулна. Тиймээс л хэлсэн шигээ хийхийг шаардмаар байна. Тэд ч гэлтгүй МАН-ын үе үеийн удирдлагууд урт дурын иймэрхүү л нөхдүүд байжээ.
Тиймээс МАН аалзтай их төстэй. Өөрсдийн гэсэн сүлжээг байгуулж, өвөрмөц бүтэцтэй тор нэхдэг. Нэхсэн тороо аалзтай адилхан хөвүүлэхгүй, хөвсөн ч нөхөж нэхэх зовлонтой. Аалз аалздаа “Amarobia” гэсэн нэгэн төрлийн аалзтай бүр ч адилхан. Тэрхүү аалзны эмэгчин нь нийлүүлгийнхээ дараа эрэгчингээ барьж иддэг. Харин авгалдайнууд нь төрөөд эхийнхээ нуруун дээр үүрлэж, нуруунаас мэрж идсээр бие гүйцэн тарж одоцгоодог. Энэ хачин сюжет Монголын төрд давтагдаж байна. Анх байгуулагдахдаа л ийм зовлонг нэхсэн МАН өнөөдөр ч жамаа дагаж байх шиг. "МАНАН" гэж мафи байхгүй нь нэгэнтэй тодорхой боллоо. Мафи гээд сүржигнээд байсан нь илүү их эрх мэдэлтэй, нам харгалзахгүй сүлбэлдсэн нөхдүүд байж. Одоо харин тэд өөрсдөө тийм бүтцийг бий болгож байна. Өмнөхийнхөө оронд гарч ирсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан ч яг л өмнөхийн нэгэн адил бусдын гараар могой бариулж шинэ мафийн авторууд боллоо. Тэд “Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй” гээд л байсан. Өнөөдрийн томилгоог хар даа. Тэдний хэлдгээр нэр заамааргүй байна. Гэхдээ шинэ засаг, шинэ томилгоонд нэр цэвэр нэг хүн байна уу, та минь ээ. "МАНАН" гээч мафи байхгүй хожим монголчууд мэдэхэд Л.Оюун-Эрдэнэ "Нам ялагдаад бид буруутан боллоо" гээд сууж байх вий. Тэр үед түүний байгуулсан мафийн талаар өөр нэгэн ярьж л таарна.
Үлгэрт үнэгнээс шаазгай,
– Алтан улиас мөргөдөг эвэр чинь аль вэ? Алсын тоос гаргадаг туурай чинь аль вэ гэж асуудаг. Адилхан асуулт тэднээс асуумаар байна. Авлигтай тэмцэх тэмцэл чинь яасан бэ? Хариуцлага тооцсон албан тушаалтан чинь хаана байна бэ? Буруутай, булхайтай нөхдийн нэрс чинь хаачив! Авлигатай тэмцэхийн тулд намын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн чинь яалаа. Амьдрал сайжруулах алсын хараа чинь энэ үү. Хадны мангаагаар хүүхэд айлгахаа хэзээ болих вэ?!
Харин бид өдий том болчоод үлгэрт итгэхээ байцгаая. Үгүй бол албан тушаалтнуудын "Аргай аргай түг. Аавын толгой хага" арилахгүй л болов уу…
Холбоотой мэдээ