“724 хуурамч диплом илэрч, сэжигтэй 2000 диплом байна”

Хуучирсан мэдээ: 2022.09.06-нд нийтлэгдсэн

“724 хуурамч диплом илэрч, сэжигтэй 2000 диплом байна”

“724 хуурамч диплом илэрч, сэжигтэй 2000 диплом байна”

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хуурамч дипломтой багш нарын асуудлаар мэдээлэл хийлээ.


БШУ-ны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Сургууль цэцэрлэг, багш ажилтны дипломд шалгалт хийсэн талаарх үр дүнг танилцуулъя. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын газартай хамтран мэдээлэл хяналт мониторингийн газрынхан энэ оны гуравдугаар сараас хойш зургаан сарын хугацаанд шалгалт явууллаа. Энэ хугацаанд ажлын хэсгийн хүмүүсийг дарамтлах улмаар төрийн байгууллага руу халдсан ноцтой үйлдэл гарлаа. Мөн 400 гаруй хуурамч диплом байж магадгүй гэсэн цаасан баримт алдагдсан, компьютерын хоёр хард алдагдсан.

Шалгалтын хүрээнд 21 аймаг 9 дүүрэгт 71 мянган диплом байна. ЕБС-ийн түвшинд 51 мянган багш бий. Тэгэхээр нэг багш хоёр дипломтой байхыг үгүйсгэхгүй. Бид 59 мянган дипломыг шалгаж, цаана нь 12 мянга нь үлдсэн. Өнөөдрийн байдлаар 724 диплом зөрчилтэй болох нь тогтоогдсон бол 2000 нь сэжигтэй байна.

“ЗАВХАН АЙМГИЙН НЭГ СУМАНД 20 ГАРУЙ МАГИСТРИЙН ДИПЛОМЫГ СУРАЛЦААГҮЙ ХҮҮХДҮҮДЭД ОЛГОСОН БАЙНА”

Нэгдүгээрт, Дипломын дугаар давхардсан, овог нэр регистрийн дугаар өөрчилсөн зэрэг зөрчил байна.

Хоёрдугаарт, Боловсролын бүртгэлгүй дипломын зөрчил 139 байна. Өөрөөр хэлбэл тухайн жилүүдэд их дээд сургуульд хуваарилагдаагүй, бүртгэлд огт байхгүй дугаарыг бичиж хуурамч диплом дээр дугаар олгосон гэсэн үг. Ингэхдээ Боловсролын яамнаас олгогдоогүй, хүчингүй болсон дугаарыг ашиглаж үйлдэгдсэн байна.

Гуравдугаарт, Боловсролын байгууллагын буруутай үйл ажиллагаа зөрчил байна. Энэ бол диплом олгодог буюу төгсөлтийн тушаалгүй мөртлөө диплом бичээд өгчихдөг “Газарчин” дээд сургууль гэх мэт. Тухайлбал, Завхан аймгийн нэг суманд долоо, хамгийн ихдээ 20 гаруй магистрийн дипломыг суралцаагүй хүүхдүүдэд олгосон байна.

14 хоногийн өмнө 21 их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Онцолж 13 сургуулийн үйл ажиллагааг зогсоосон талаар бид мэдээлсэн. Эдгээр сургуулийн үйлдсэн хамгийн том асуудал бол суралцаагүй хүүхдүүдэд бакалаврын, магистрын диплом олгосон байна.

Дөрөвдүгээрт, Төгсөгчдөд олгосон бичиг баримтууд Боловсролын яамны дээд боловсролын системд хуурамч буюу зөрчилтэй дипломын шивэлт хийж баталгаажуулдаг. Гэтэл түүнийг албажуулж, баталгаажуулсан хууль бус асуудал гарсан.

Ерөнхийдөө нэг хэсэг нь хуурамчаар үйлддэг, нөгөө хэсэг нь баталгаажуулдаг, түүнийг системд бүртгэдэг сүлжээ үүссэн байх магадлалтай онц ноцтой үйлдлүүд гарлаа.

Баримт бичгийг хуурамчаар үйлдвэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг. Тиймээс 724 зөрчилтэй асуудлыг бид ЦЕГ-д албан ёсоор шилжүүлж байна.

Бид ямар ч байсан 724 диплом зөрчилтэй гэдгийг албан ёсоор зарлаж байна. Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар дээрх зөрчлийг тогтоосон тул улс төрийн зорилгоор хийж байгаа үйлдэл биш юм. Боловсролын салбар шударга, тунгалаг байх ёстой. Үр хүүхдийнхээ ирээдүйг дипломын зөрчилтэй багш нарт даатгаж болохгүй гэж сайдын хувьд үзэж байна. Тиймээс албан ёсоор уучлал хүсч байна. Үүнийг шалгах ёстой. Энэнээс үүдсэн хор хохирлыг мөнгөөр үнэлж болохгүй. Өнгөрсөн амралтын өдөр дээрх асуудлаар нийгэм хоёр хуваагдах шиг боллоо. Багш хүн алдаа гаргавал олон мянган хүүхдийн хувь заяагаар тоглох учраас энэ зөрчлийг арилгахаас өөр арга байхгүй.

Цаашдаа яамд, Боловсролын ерөнхий газар, Үнэлгээний төв, их дээд сургуульд үргэлжлүүлэн шалгалт хийнэ.

Үүнээс гадна төрийн албанд ажиллаж буй 200 мянган албан хаагч байна. Төрийн албаны зөвлөл дээд дунд шатандаа МХЕГ, холбогдох байгууллагатай хамтран ажиллаж боловсролын байгууллагаас олгогдсон зөрчилтэй эсэхийг мухарлах ёстой. Дээрх зөрчлийн ихэнх нь бага ангийн багш, цэцэрлэгийн багш нар байна. Цаашдаа блокчейн технологи руу шилжүүлнэ. Ингэснээр зөрчилтэй дипломтой хүмүүсийг албан тушаалд томилох, хуурамч бичиг баримт үйлдэгдэх, зөрчилтэй диплом олгохгүй болно.

Зөрчилтэй гэж үзсэн 724 дипломыг ангилж үзвэл:

– 454 Дипломын дугаар давхардсан /бусдын овог нэр, регистр, гарын үсэг ашигласан, дугаар өөрчилсөн, тамга дардас скайнердсан гэх мэт зөрчил багтана/

– 139 Бүртгэлд огт байхгүй дугаар бичиж хуурамчаар үйлдсэн,

– 109 Өмнөх болон дараагийн шатны боловсролын баримт бичгийн зөрчил,

– 20 Боловсролын байгууллага буюу сургуулийн буруутай үйлдлээс,

– 2 Боловсролын удирдах дээд байгууллагын алдаа,

– Бусад, Шалгалтын дүн мэдээллээс харвал бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээ их байдгийг ашиглах буюу энэ мэргэжлээр дипломын зөрчил үүсгэх нь түгээмэл байна.

Мөн МУБИС-ийн дипломыг хуурамчаар үйлдэх тохиолдол нийтлэг ажиглагдаж байна.

Холбогдох хүмүүсийг ажлаас нь түр түдгэлзүүлэх байдлаар шалгалтыг явуулна. Зөрчилтэй гэж шилжүүлсэн баримт бичгийг хуулийн байгууллага шалгаад гэмт хэргийн шинж чанартай байна гэж үзсэн тохиолдолд бүр мөсөн ажлаас чөлөөлнө. Санамсаргүй үйлдлийн улмаас бичиг баримтын зөрчил гарсан болох нь тогтоогдвол мэргэжил, ур чадварыг ахиулах шат шатны сургалтад хамруулан үргэлжлүүлэн ажиллах боломжоор хангана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
11
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж