Оросын эрэн сурвалжлах сэтгүүлч Иван Сафронов эх орноосоо урвасан хэргээр 22 жилийн ял авчээ. Түүнийг Оросын цэргийн нууцыг Чехийн тагнуулын байгууллагад дамжуулсан хэргээр буруутгасан. Тэр өөрийгөө нээлттэй эх сурвалжаас мэдээлэл цуглуулсан, ямар ч хууль бус зүйл хийгээгүй гэж мэдүүлжээ.
Сафронов нь 10 жил сэтгүүлчээр ажилласан бөгөөд Оросын тэргүүлэх өдөр тутмын сэтгүүл Коммерсантад цэрэг, батлан хамгаалахын сэдвээр бичдэг байсан. Улмаар 2020 оны тавдугаар сараас Оросын сансрын станц Роскосмост зөвлөхөөр ажиллах болжээ. Роскосмос компани түүнийг улсын нууцад нэвтрэх эрхгүй бөгөөд буруутгаж буй хэрэг нь компанитай ямар ч хамааралгүй гэж мэдэгдсэн.
Хүний эрхийн идэвхтнүүд Сафроновыг суллахыг уриалжээ. Сафронов Оросын цэргийн нууц болон зэвсгийн наймаа зэргийн талаар нийтэлсэн учир эрх мэдэлтнүүд түүний амыг барихыг хүсч байгаа гэж тэд үзсэн байна. Орост эх орноосоо урвасан хэргээр буруутгагдсан хүмүүс олон нийтэд мэдээлэл өгөх боломжгүйгээс болоод өөрийгөө хамгаалахад хэцүү байдаг.
Сафроновын аав нь армиас тэтгэвэртээ гарсныхаа дараа хүүгийнхээ нэгэн адил Коммерсантад нийтлэл бичдэг байжээ. Тэр 2007 онд Москва дахь байрныхаа цонхоор унаж нас барсан.
Украин дахь дайнтай холбоотойгоор Оросын сэтгүүлчдэд тулгараад буй асуудлыг Сафроновын хэрэг харууллаа. Тухайлбал, өчигдөр /2022.09.05/ Оросын сүүлчийн бие даасан хэвлэлийн нэг Новаяа Газетагийн лицензийг шүүхээс хүчингүй болгожээ. Новаяа Газетаг Оросын цэргийн талаар худал мэдээлэл тараасан хэргээр буруутгаад байна. Тус сэтгүүл сүүлийн 30 жилийн турш авлига, хүний эрхийн зөрчлийн талаарх мөрдөн байцаалтын дүнг нийтэлсэн.
Эх сурвалж: EURONEWS
Холбоотой мэдээ