Коксжих болон эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Дэлхий дахинд өрнөж буй геостратегийн өөрчлөлт эрчим хүчний гол эх үүсвэр одоогоор нүүрс хэвээр байгааг улам тодотгов. Нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх төслүүд дахин хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орж эхэллээ.
Нүүрсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, удааширсан төслүүд амилах боломж улс орнуудад бүрдэж байна. Гэвч тээвэрлэлтийн хүндрэл, хил гаалийн нөхцөл байдал манай улсын хувьд хамгийн том сорилт дагуулж буй юм.
Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинэ техник технологийг танилцуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, зах зээлийн “тоглогчид” хамтран ажиллах боломжийг олгодог нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia 2022” чуулга уулзалт, үзэсгэлэн энэ сарын 7, 8-ны өдрүүдэд “Shangri La” зочид буудалд “Сэргэлтийг хамтдаа” уриан дор болох гэж байна.
10 дахь удаагийн “Coal Mongolia 2022” чуулга уулзалт 6 хэсгээс бүрдэх бөгөөд гурав дахь хэсэг нь “Нүүрсний зах зээл ба дүн шинжилгээ” сэдвээр үргэлжлэх юм. Тус хэсэгт “Ногоон шилжилт-Коксжих нүүрсний ирээдүй” болон “Азийн зах зээл дэх Монголын нүүрсний эзлэх байр суурь, боломжууд”-ыг хэлэлцэх юм. Мөн “Металлургийн нүүрсний зах зээлийн чиг хандлага”-ыг энэ хэсэг тодорхойлох төдийгүй “Цар тахлын дараах Хятад, Монголын нүүрсний зах зээлийн төлөв байдал”-ыг танилцуулахаар байна.
“Coal Mongolia 2022” чуулга уулзалтын “Нүүрсний зах зээл ба дүн шинжилгээ” хэсэгт “Ногоон шилжилт-Коксжих нүүрсний ирээдүй” илтгэлийг хөрөнгө санхүү, баялгийн салбарт судалгаа хийж, өргөн хүрээнд танилцуулж ирсэн MIRA Mongolia судалгаа-мэдээллийн фирмийн Партнер Ц.Хангай хэлэлцүүлэх бол “Фэнвэй дижитал Информэйшн Сервисек” ХХК-ийн Ерөнхий менежер Фэнг Донгбин “Азийн зах зээл дэх Монголын нүүрсний эзлэх байр суурь ба боломжууд”-ыг цахимаар танилцуулах юм.
Манай улс оны эхний 7 сарын байдлаар 11 сая тонн нүүрс экспортолжээ. “Цар тахлын дараах Хятад, Монголын нүүрсний зах зээлийн төлөв байдал, цаашдын чиг хандлага”-г “Түдэй Тинк Танк” ХХК-ийн Ерөнхий менежер Хөү Жихуа БНХАУ-аас цахимаар оролцож, илтгэлээ хүргэнэ. Мөн Дэлхийд эрдэс баялгийн судалгаагаар тэргүүлдэг S&P Global Commodity Insights-ийн ахлах шинжээч Клаудиа Сиа цахимаар илтгэл танилцуулах юм байна.
“Түдэй Тинк Танк” ХХК нь “Coal Mongolia” олон улсын чуулга уулзалтын онцлох илтгэлийг хэлэлцүүлж ирсэн. Коскжих болон эрчим хүчний нүүрсний зах зээлийн өнөө болон дунд, урт хугацааны төлөв байдлыг бүрэн зураглах “Нүүрсний зах зээл ба дүн шинжилгээ” хэсгээр чуулга уулзалтын эхний өдрийн хуралдаан өндөрлөнө.
Холбоотой мэдээ