Дэлхийн инфляцийн түвшин 2023 оноос буурна

Хуучирсан мэдээ: 2022.09.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн инфляцийн түвшин 2023 оноос буурна

Дэлхийн инфляцийн түвшин 2023 оноос буурна

Инфляци дэлхий дахинд сорилт болж байна. Төсөөлөл нь оны эхнээс хойш нэмэгдэж, дэлхий даяар инфляцийн түвшин сүүлийн хэдэн 10 жилд байгаагүй дээд утгад хүрч буй. Дэлхийн банкнаас мэдээлснээр, хөгжсөн орнуудын 100 хувь, хөгжиж буй орнуудын 90 хувь нь төв банкны зорилтоосоо давсан өндөр инфляцитай байна.

“Covid 19”-ийн хүндрэлийн үед эдийн засгийг дэмжихээр төв банкууд мөнгөний бодлогоо зөөлрүүлж байсан бол 2021 оны дунд үеэс инфляци олон улсад өссөнөөр төв банкууд мөнгөний бодлогоо чангаруулсаар ирэв. Азийн төв банкууд бодлогын хүүгээ харьцангуй удаанаар өсгөж байна.

Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ”буландаа инфляци болон валютын ханшийн өөрчлөлтийн мэдээллийг онцоллоо.


ДЭЛХИЙН ИНФЛЯЦИЙН ТҮВШИН 2023 ОНООС ЭРГЭН БУУРАХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА

Нобелийн шагналт эдийн засагч Ж.Стиглиц “Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцид мөнгөний бодлогоор хүчтэй хариу үйлдэл үзүүлэх нь эдийн засагт сөрөг нөлөөтөй, инфляцийг дордуулах эрсдэлтэй” гэж анхааруулжээ.

Цар тахлын дараа дэлхийн эдийн засагт нийлүүлэлтийн сүлжээний доголдлоос улбаатай эрэлт нийлүүлэлтийн зөрүү үүсч, үүнээс шалтгаалж түүхий эдийн үнэ огцом нэмэгдсэн.

Орос-Украины хоорондын асуудлаас шалтгаалж эрчим хүч, хүнс, голлох металлын үнэ огцом өссөн зэргээс шалтгаалж инфляци өндөр түвшинд хүрээд буй билээ. Тухайлбал, 2022 оны зургадугаар сарын байдлаар инфляци АНУ-д 9.1 хувь, Евро бүсэд 8.6 хувь, ОХУ-д 15.9 хувьд тус тус хүрчээ.

Инфляци 2021 оны хоёрдугаар хагасаас эрчимжсэн ч төв банкууд эдийн засгийг дэмжих үүднээс бодлогоо зөөлөн төлөвт хадгалсаар байв. Хэдийгээр бодлогоо чангаруулж байгаа боловч огцом хөдөлгөөн хийж, эдийн засагтаа уналт (recession) үүсгэхээс болгоомжилж байна.

Дэлхийн инфляцийн түвшин 2023 оноос эргэн буурах ч олон орны хувьд инфляцийн зорилтот түвшнээс өндөр хадгалагдах хүлээлттэй байна.

Улаанбаатарт сарын инфляци өнгөрсөн долдугаар сард 0.6 хувь байсан нь 2021 оны аравдугаар сараас хойших хамгийн бага түвшин болжээ. Инфляцийн 47 хувийг импортын барааны үнийн өсөлтийн шууд нөлөө, дам нөлөөг нь оруулж тооцвол 66 хувь буюу инфляцийн 2/3 хэсэг нь импортын барааны өсөлт, түүнтэй холбоотой тээвэр логистикийн зардлаас хамаарч байна. Энэ нь нэг талаас гадаад орчинд бий болсон өөрчлөлт, тээвэр логистикийн асуудлууд манай улсын инфляцийн суурь шалтгаан болж байгааг харуулж буй юм. Уул уурхайн бус салбарууд, хувийн хэрэглээ цар тахлын өмнөх түвшинг давсан нь эрэлтийн шинжтэй инфляцийн дарамт нэмэгдэж буйг илэрхийлж байна.

ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТАЙ ХАРЬЦАХ ХАНШ 11.19 ХУВИАР СУЛРАВ

Энэ оны эхнээс долдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх мэдээллээр, ОХУ-ын рубль, Беларусийн рубль, Киргизстаны сом, Бразилын реалын ам.доллартай харьцах ханш чангарчээ. Пакистаны рупи 34.69 хувь, Туркийн лира 34.48 хувь Украины гривн 34.12 хувиар хамгийн өндөр буюу суларсан байна. Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш 11.19 хувиар суларчээ.

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны долдугаар сард 3153.03 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 304.05, өмнөх сарынхаас 28.77 төгрөгөөр сулрав.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш энэ оны долдугаар сард 468.27 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.37, өмнөх сарынхаас 1.42 төгрөгөөр суларсан байна.

Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 54.32 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 15.74 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 1.05 төгрөгөөр чангарчээ.

Эх сурвалж: МОНГОЛБАНК, ҮСХ, BLOOMBERG, REUTERS, IMF

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж